Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/08-НД НИЙТЛЭГДСЭН

Ё.Отгонбаяр: Монголын газар нутагт АНУ пуужингаа байршуулна гэдэг ХУДЛАА МЭДЭЭЛЭЛ

Б.Ану
2019 оны 8 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын АНУ-д хийсэн айлчлал өндөрлөөд хэдхэн хоногийн дараа АНУ-ын Батлан хамгаалахын сайд Марк Эспер Монгол Улсад айлчилж байна.

Түүний энэхүү айлчлалыг АНУ-ын бага болон дунд тусгалтай пуужингуудыг Азид байрлуулахаар төлөвлөж байгаатай холбон тайлбарлах оросын эх сурвалжуудын мэдээлэл гараад буй.

Тэгвэл үүнийг Монголоос АНУ-д суугаа Элчин сайд Ё.Отгонбаяр бүрэн үгүйсгэлээ.

Тэрбээр өөрийн твиттер хуудастАНУ Монголд пуужингуудаа байршуулахаар бэлтгэж байгаа юу?” мэдээний хариуд “Ийм илт худал юм бичиж хэрэггүй шүү дээ. Манай нутагт гадаадын цэрэг байршуулах хуулиар хориотой.

Монгол Улс нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс болгон зарлаад цөмийн зэвсэгтэй 5 гүрнээр баталгаажуулсан улс” гэсэн байлаа.

 Ё.Отгонбаяр сайдын бичсэнийг тодруулбал, 1992 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Монгол Улс цөмийн зэвсгээс ангид статустай болж буйгаа Нэгдсэн Үндэстний Байгууллагын индрээс зарлан тунхагласан байдаг.

2017 онд Монгол Улс цөмийн зэвсгээс ангид статусаа зарлан тунхагласны 25 жилийн ойг тэмдэглэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаас талархлын захиа ч ирж байсан.

НҮБ-ын Талархлын захидалд,

"Өнгөрсөн 50 жилийн туршид дэлхий дахинаа цөмийн зэвсэггүй бүс байгуулах хүчин зүтгэл идэвхжиж, эдүгээ НҮБ-ын гишүүдийн 60 орчим хувь нь тийм бүсэд хамрагдах болов.

Цөмийн зэвсэггүй бүсүүд нь цөмийн зэвсгээс ангид дэлхий ертөнцийг цогцлооход чиглэсэн үнэтэй бөгөөд дорвитой алхам мөн. Илүү амгалан тайван, хөгжил цэцэглэл бүхий дэлхий ертөнцийг цогцлон байгуулах их үйлсэд тус дөхөм үзүүлж буй Монгол Улсын тууштай хүчин чармайлтыг миний бие сайшаан дэмжиж байна” гэж байсан билээ.

 

Энэхүү захидлын хариуд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улс цаашид ч энэ статусаа хамгаалж үлдэх эрмэлзлэлтэй гэдгээ илэрхийлсэн хариу захидал илгээж байжээ.

Ерөнхийлөгч Х.Баттулгын захидалд,

"Дэлхий дахинаа цөмийн зэвсгийн аюул занал оршсоор буй энэ цаг мөчид цөмийн зэвсгээс ангид дэлхий ертөнцийг цогцлооход цөмийн зэвсэггүй бүсүүдийн үүрэг улам бүр нэмэгдэж байна. Монгол Улс олон улсын хамтын нийгэмлэгийн хариуцлагатай гишүүнийхээ хувьд цөмийн зэвсэггүй статусаа олон улсын түвшинд баталгаажуулах замаар цөмийн зэвсгийг хураах, тийм зэвсгийг үл дэлгэрүүлэх дэглэмийг бэхжүүлэхэд цаашид ч өөрийн хувь нэмрийг оруулахад анхаарч ажиллах болно" гэжээ.

Монгол Улс НҮБ-ийн индрээс цөмийн зэвсгээс ангид байх статусаа зарлахаас гадна 2000 онд үүнийг баталгаажуулах холбогдох хуулийг ч УИХ баталгаажуулсан байдаг.

Монгол Улсын Цөмийн зэвсгээс ангид байх тухай хуулийн дөрөвдүгээр зүйлд:

4 дүгээр зүйл. Цөмийн зэвсгээс ангид байхтай холбогдуулан хориглох зүйл

  • 4.1. Монгол Улсын нутаг дэвсгэрт хувь хүн болон хуулийн этгээд, гадаад улс цөмийн зэвсэгтэй холбогдсон дараахь үйлдэл, үйл ажиллагааг явуулах, санаачлан хэрэгжүүлэх буюу хэрэгжүүлэхэд оролцохыг хориглоно:
  • 4.1.1. цөмийн зэвсгийг боловсруулах, үйлдвэрлэх буюу бусад аргаар олж авах, эзэмших, хяналтдаа байлгах;
  • 4.1.2. цөмийн зэвсгийг байрлуулах буюу аливаа хэрэгслээр тээвэрлэх;
  • 4.1.3. цөмийн зэвсгийг турших буюу хэрэглэх;
  • 4.1.4. цөмийн зэвсгийн гаралтай тусгай ангиллын цацраг идэвхт материал, шаар болон аюултай хог хаягдлыг булшлах буюу устгах.
  • 4.2. Цөмийн зэвсгийн зориулалтаар ашиглахаар бэлтгэгдсэн буюу үйлдвэрлэгдсэн цөмийн зэвсгийн эд анги, бүрэлдэхүүн, хаягдал болон бусад эд зүйлийг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан өнгөрүүлэхийг хориглоно гэжээ.

Хуулинд  ”цөмийн зэвсэг” гэж цөмийн хянагдашгүй эрчим хүч гаргаж  дайны зориулалтаар ашиглаж болох цөмийн аливаа төрлийн тэсрэх төхөөрөмжийг хэлнэ гэж тодорхойлжээ.

Мөн Гадаадын цэргийн хүчнийг байрлуулах, дамжин өнгөрүүлэх тухай хуулийн  5.1.-д “Дайсагнагч талууд Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалд аюул занал учруулаагүй бол тэдгээрийн аль нэгний цэргийн хүчнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байрлуулах, дамжин өнгөрүүлэхийг хориглоно” гэж заасан байдаг.

Тус хуульд гадаадын цэргийн хүчин гэж “Орон тооны бие бүрэлдэхүүн, зэвсэг, байлдааны болон тусгай зориулалтын техник хэрэгслээр хангагдсан Нэгдсэн Үндэстний Байгууллага, олон улсын бусад байгууллага, гадаад улсын зэвсэгт хүчний харьяалал бүхий цэргийн зохион байгуулалттай бүлэг, салбар, анги, нэгтгэл, байгууллагыг хэлнэ” гэж тодорхойлж өгсөн байна.

Үүнээс үзвэл одоогийн Монгол Улсад мөрдөгдөж буй хуулиудаар АНУ Монгол Улсад пуужин байршуулах ямар ч боломж, нөхцөлгүй юм.