Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/22-НД НИЙТЛЭГДСЭН

Орц, лифтэнд бие зассан иргэдтэй холбоотойгоор СӨХ-г торгоогүй гэв

Т.Саран, iKon.mn
2019 оны 7 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Орон сууцны орц, цахилгаан шатанд бие засаж буй хоёр иргэний бичлэг, уг иргэдийн бичлэгийг тавьсан СӨХ, иргэдийг цагдаагийн байгууллага шалгаж, торгож байна гэсэн мэдээлэл сүүлийн үед цахим сүлжээнд олон нийтийн бухимдлыг төрүүлээд буй. Ялангуяа, лифтэнд шээсэн эмэгтэй цагдаагийн байгууллагад гомдол гаргасан тул тухайн байрны СӨХ-г 50,000, харин шээсэн эмэгтэйг 10,000 төгрөгөөр торгосон гэх мэдээлэл гараад байгаа билээ. Тэгвэл энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад СӨХ-д торгууль ногдуулаагүй талаар мэдэгдлээ.

Дээрх хэргүүдийн талаар тодруулбал, 

  • Энэ сарын 12-нд Хан-Уул дүүргийн 19-р хороолол Дэлгэрэх хотхоны нэгэн орцонд эрэгтэй хүн хүндээр бие зассан хэрэг гарсан. Энэ явдал тухайн орон сууцны камерт бичигдсэнийг СӨХ нь оршин суугчдадаа анхааруулах үүднээс фэйсбүүк групптээ оруулсныг нийтийн сүлжээнд түгээжээ.
  • Мөн Баянзүрх дүүргийн нэгдүгээр хороо, Сэлбийн голын 79-р байрны цахилгаан шатанд эмэгтэй хүн шээсэн нь мөн бичигдсэн нь нийтийн сүлжээнд тарсан байна. 

2017 оны долоодугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Зөрчлийн тухай хуульд: 

5.1.1-д Олон нийтийн газар, авто зам, орон сууцны орчны газар, гудамж, талбайд бие зассан, эсхүл нус, цэр, тамхины иш, хог хаясан бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.  

Иймд уг хуулиар бол нийтийн өмчид биеэ зохисгүй авч явж, ёс бус үйлдэл хийсэн иргэн 10,000 төгрөгөөр торгуулах ёстой. 

Бид Хан-Уул дүүргийн Дэлгэрэх хотхоны СӨХ мөн бичлэг тараасан хэргээр хоёр сая төгрөгийн торгууль хүлээсэн гэх мэдээлэл гарсан тул энэ талаар бид тус СӨХ-ны захирал Б.Сайнбуянтай холбогдож тодруулсан юм. Тэрбээр “Одоогоор гомдол гаргаж, манайхыг цагдаад өгсөн мэдээлэл алга. Бидэнтэй цагдаагийн байгууллагаас холбогдоогүй. Харин манай СӨХ-ны зүгээс өнгөрсөн Баасан гарагт гомдлоо цагдаагийн байгууллагад гаргаад байна” гээд “Лифтэнд, орцонд бааж, шээх энүүхэнд болсон. Янз бүрийн зүйл болдог. Камержуулсны хүчинд хог хаях зэрэг нь багасаж байгаа ч энэ мэт үйлдэл гарсаар байгаа тул бид аргаа бараад бичлэгийг оршин суугчдынхаа групп дээр тавьсан нь олон нийтэд цацагдсан байна” гэлээ.