Шумбагч хөлөг ашиглан далайн хамгийн гүн цэгт хүрч, дээд амжилт тогтоосон судлаач тэндээс хуванцар хаягдал олсон байна.
Тэтгэвэрт гарсан АНУ-ын тэнгисийн цэргийн офицер Виктор Весково манай дэлхийн хамгийн гүн цэг болох Номхон далайн Марианы хонхорт хүрснийг түүний багийнхан өчигдөр зарлажээ.
Тэрээр далайн түвшнээс 10,927 метрийн гүнд хүрч, 1960 онд тогтоосон өмнөх дээд амжилтыг 16 метрээр ахиулсан байна.
Гайхалтай нь Весково энэ гүн цэгээс хүний гараар бүтсэн хаягдал олсноо нарийвчлан шалгаад хуванцар эд болохыг таньжээ. НҮБ-аас сүүлд гаргасан тоо баримтад өгүүлснээр дэлхийн далай тэнгисүүд одоо 100 орчим сая тонн хуванцар хог хаягдал агуулж байгаа гэнэ.
Весковогийн экспедиц өнгөрсөн гурван долоо хоногийн хугацаанд Марианы хонхорт “DSV Limiting Factor” машинаар дөрвөн удаа шумбаж, биологийн болон чулуулгын дээж цуглуулжээ.
Марианы хонхорыг судлаачид “Challenger Deep” гэж нэрлэдэг бөгөөд энд одоогоор хүн төрөлхтөн гурван удаа л хүрээд байна. 2012 онд Канадын кино найруулагч Жэймс Камерон шумбахдаа 10,908 метрийн гүнд хүрсэн юм.
Түүнээс өмнө 1960 онд АНУ-ын тэнгисийн цэргийнхэн 10,912 метрийн гүнд хүрч байжээ.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!