Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/22-НД НИЙТЛЭГДСЭН

Сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлээр 24 цагийн турш зөвлөгөө өгөх 1800-2000 утас ажиллаж эхэллээ

А.Намуун, iKon.mn
2019 оны 3 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Монголд анх удаа Сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлээр 24 цагийн турш зөвлөгөө, мэдээлэл өгөх 1800-2000 утсыг албан ёсоор ажиллуулж эхэллээ. Энэхүү тусгай утсыг ажиллуулж эхэлснээр мансууруулах бодис хар тамхины хэрэглээтэй тэмцэх, донтолтоос урьдчилан сэргийлэхэд нэн чухал нөлөө үзүүлдэг эрүүл мэндийн ба эрх зүйн боловсрол олгоход ач холбогдолтой албаныхан нээлтийн үеэр онцолж байлаа.

Мөн сэтгэлээр унасан ч хаана хандаж, зөвлөгөө авахаа мэдэхгүй байгаа иргэд мэргэжлийн хүнээс зөвлөгөө, тусламж авах боломжтой. Ингэснээр амиа хорлолтын тоо буурахад эергээр нөлөөлнө гэж үзэж буй юм. Үүний зэрэгцээ утсыг нээн ажиллуулснаар уур бухимдал, нойргүйдэл, стресстэй, сэтгэл зүйн ямар нэг асуудалтай хүмүүс гадны хөгжингүй орнуудтай адил утсаар шууд мэдээлэл авах боломжтой болж байна. 

Олон жилийн туршлагатай мэргэжлийн эмч нар гурван ээлжээр ажиллан:

  • Нойргүйдэл;
  • Сэтгэл түгшилт;
  • Айдас;
  • Сэтгэл гутрал;
  • Уур бухимдал;
  • Мэдрэл сульдал;
  • Дэлгэцийн донтолт;
  • Архи, тамхи, мансууруулах бодисын хэрэглээтэй холбоотой асуудал:
  • Жирэмсэн үеийн сэтгэл зүйн өөрчлөлт
  • Төрсний дараах сэтгэлзүйн хямрал, сэтгэл гутрал
  • Гэмтлийн дараах /хүчтэй стресс/ сэтгэлзуйн хямрал;
  • Ахимаг насны үеийн сэтгэцийн тулгамдсан асуудал
  • Хүүхдийн сэтгэцийн тулгамдсан асуудал тулгарвал яах хэрэгтэй вэ зэрэг зөвлөгөө, эмчилгээтэй холбоотой мэдээллийг өгөх юм.
 

СЭМҮТ-ийн Ерөнхий захирал, анагаах ухааны доктор, дэд профессор Л.Насанцэнгэл "Манай төв тусгай утсыг ажиллуулснаар үйлчилгээнийхээ цаг хүрээг улам өргөтгөж байна. Түүнчлэн ажлын өдрүүдийн 10:00-16:00 цагт Гэр бүл, залуучуудын хөгжлийн газарт манай нэг эмч ажиллан, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүмүүст биечлэн зөвлөгөө өгч, сэтгэл зүйн туслалцаа үзүүлж байна" гэлээ. 

1800-2000 утсанд энгийн тарифаар холбогдоно.