Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/19-НД НИЙТЛЭГДСЭН

С.Мөнхчулуун: Манай дүү буруутай бол би илүү их ачаа үүрч, энэ асуудлуудыг цэгцлэхийн төлөө зүтгэнэ

Б.Бадамгарав, IKon.mn
2019 оны 2 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

МАН-ын Хяналтын ерөнхий хорооноос гарсан шийдвэрийг тус хорооны дарга Д.Батбаяр танилцуулсан. Харин үүний дараагаар намын гишүүнээс гарсанд тооцогдоод буй С.Мөнхчулуун Тусгаар тогтнолын ордны гадаа талбайд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Таныг намын гишүүнээс гарсан тооцсон шийдвэрийг МАН-ын Хяналтын ерөнхий хорооноос танилцууллаа. Та үүнийг юу гэж бодож байна вэ?

-Манай нам эв нэгдэл, эрх чөлөө, шударга ёсыг эрхэмлэх ёстой. Өчигдрийн гаргасан шийдвэр нь шударга байсангүй, гишүүдээ ялгаварлан гадуурхлаа гэж бодож байна. Намайг намын бодлого сөрсөн, Удирдах зөвлөлөөс очсон нэрийн эсрэг хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд нэр дэвшсэний төлөө намаас хөөж байгаа бол шударга бус байна. Өмнө нь С.Амарсайхан гэдэг хүн намын бодлого сөрөөд иргэдийн хурлын даргад заалнаас нэр дэвшиж, сонгогдсон. Тэгэхэд энэ хүнийг жилийн дараа намын бодлогоор дэвшүүлдэг, миний адил дээрээс дэмжлэггүй жирийн гишүүн нь намын бодлого сөрсөн гэдгээр намаас хөөгддөг байж болохгүй. Энэ асуудлаар намын УЗ-д өргөдөл гаргана гэж бодож байна. 

-Удирдах зөвлөлөөс гарсан шийдвэрийг биелүүлээгүй гэдэг үндэслэл хэлж байгаа?

-Удирдах зөвлөлийн шийдвэр гэдэг нь иргэдийн хуралд хүргүүлж байгаа санал. Намын бодлого гэдэг бол өөр асуудал. Иргэдийн хуралд ирүүлсэн санал нь заавал биелүүлэх ёстой гэсэн зүйл биш. НИТХ нь намын төлөөллийн байгууллага биш, иргэдийн төлөөллийн байгууллага. 

-Гишүүнчлэлээ сэргээх боломжтой юу. Хугацаа заасан уу?

-Хугацаа заагаагүй. Гаргасан зөрчлөө арилгасан тохиолдол өргөдлөө өгөөд намын гишүүн болох боломжтой гэсэн дүрэмтэй. 

-Хотын даргад дахин нэр дэвших үү?

-Цөөнхийн санал авсан буюу ялагдсан нэр дэвшигч дахин дэвшинэ гэж байхад миний хувьд олонхын санал авсан учраас дахин нэр дэвшинэ. Намайг дэмжиж иргэдийн хуралд саналаа өгсөн 24 төлөөлөгч буюу нийслэлийн иргэдийн 57 хувийг төлөөлж буй хүмүүс намайг дэмжсэн учраас би сонголтыг хүндэтгэнэ. 

-Ерөнхий сайд таныг хотын даргаар батламжлахаас татгалзсан үндэслэл нь юу вэ, танд тодорхой шалтгаан хэлсэн үү?

-Ерөнхий сайдын татгалзсан хариунд ямар нэг үндэслэл, хавсралт байгаагүй. Хуульд заасан дөрвөн шалгуур байдаг. Ял шийтгэл эдлээгүй, төрийн албанд гурваас дээш жил ажилласан, татварын өргүй гэх мэт шалгуурыг би бүрэн хангаж байгаа. Тиймээс энэ шалгуурыг хангаагүй учраас татгалзлаа гэх боломжгүй.

-Та хоёр хувийн таагүй харилцаатай байсан уу?

-Бид хоёрт ямар нэг хувийн харилцаа байхгүй. Нийслэлийн намын дэд даргаар ажиллаж байх хугацаанд ажил хэргийн шугамаар уулзалт дээр нэг, хоёр удаа таарч байсан. Ямар үүднээс буцаасныг Ерөнхий сайд л өөрөө мэдэх байх. 

-Батламжлахаас татгалзсан нь танай дүү С.Бямбацогттой холбоотой гэх мэдээлэл байгаа. Олон нийтийн газар танхайрсан асуудал бий?

-Дүүгийн асуудал нь тусдаа амьдралтай хувь хүний асуудал. Гэхдээ надтай нэр холбогдоод яваад байгаа. Сэлэм эргүүлсэн гэдэг нь хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байгаа. Хэрэв түүнээс болоод намайг Нийслэлийн Засаг даргад дэвшүүлэхгүй байна гэвэл би гомдолтой байна. Аав нь буруутай байлаа гээд хүүхдэд нь ял тооцдоггүй гэдэг. Түүний адилаар хүнээс болж над дээр асуудал гаргаж болохгүй.

Олон нийтийн сүлжээгээр намайг ёс зүйн хувьд хариуцлага хүлээгээд нэрээ татаж болдоггүй юм уу гэх тохиолдол бий. Би хувьдаа Засаг дарга гэдэг албан тушаалыг ямар нэг эрх мэдэл, эрх ямба гэж харахгүй, ачаа үүрэг гэж харж байгаа. Харин ч манай дүү тийм асуудал гаргаад, буруутай байгаа бол би илүү их ачаа үүрч, энэ асуудлуудыг цэгцлэхийн төлөө зүтгэнэ гэсэн бодолтой байна.