Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/19-НД НИЙТЛЭГДСЭН

МАН-ын Хяналтын ерөнхий хорооноос С.Мөнхчулууны гишүүнчлэлийг түдгэлзүүлжээ

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 2 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

МАН-ын Хяналтын ерөнхий хороо өчигдөр хуралдаж НИТХ-ын тэргүүлэгч С.Мөнхчулууныг намын гишүүнчлэлээс түдгэлзүүлэх шийдвэр гаргасан байна

М.Мөнхчулуун нь Нийслэлийн Засаг даргад өөрийгөө заалнаас нэр дэвшүүлэн олонхын санал авсан юм. НИТХ-аас Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар түүнийг батламжлуулахаар Ерөнхий сайдад нэрийг нь хүргүүлсэн. 

Гэвч Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрөгч Баасан гарагт С.Мөнхчулууныг батламжлахаас татгалзаж буйгаа албан ёсоор мэдэгдсэн. 

Харин өнөөдөр МАН-ын Хяналтын ерөнхий хороо хуралдаж С.Мөнхчулууныг намаас хөөх асуудлыг хэлэлцэж байна гэх мэдээлэл цацагдсан. Үүнтэй зэрэгцэн түүнээс дахин нэр дэвших эсэхийг тодруулахад тэрбээр “Иргэдийнхээ хүсэлтийг хүндэтгээд би дахин нэрээ дэвшүүлнэ” хэмээн мэдэгдсэн юм. 

Нэгдүгээр сарын 16-нд хуралдсан НИТХ-ын ээлжит бус хурлаар С.Мөнхчулуун хотын даргаар сонгогдсоноос хойш түүнийг дахин нэрээ дэвшүүлбэл намаас хөөнө гэх яриа дуулдах болсон. 

Тэгвэл дээрх яриа өнөөдөр биеллээ олж, түүнийг намын гишүүнчлэлээс түдгэлзүүлсэн байна. Харин тодорхой хугацаагаар хассан уу, бүр мөсөн гишүүнээс нь түдгэлзүүлсэн үү гэдгийг хоёрдугаар сарын 19-нд намаас албан ёсоор мэдэгдэнэ гэдгийг албаны эх сурвалж хэллээ.