Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/26-НД НИЙТЛЭГДСЭН

Оросын хөлсний цэргүүд Венесуэльд ажиллагаа явуулж байгаа тухай мэдээлжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 1 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Венесуэлийн социалист ерөнхийлөгч Николас Мадурогийн дэглэмд туслах зорилгоор ОХУ-ын өмнөөс хөлсний цэргүүд үйл ажиллагаа явуулж байгаа тухай Ройтерс агентлаг өчигдөр мэдээлжээ.

Хөлсний цэргүүдийг нийлүүлдэг хувийн компанитай холбоотой хоёр эх сурвалж энэ мэдээллийг баталсныг тус агентлаг дамжуулсан байна. 

Оросын хөлсний цэргүүд өмнө нь үүрэг гүйцэтгэж байсан гуравдагч улсын нутаг дэвсгэрээс шууд Венесуэльд ирсэн гэнэ. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковоос хөлсний цэргүүдийн тухай асуухад “энэ талаар ямар ч мэдээлэлгүй байгаа”-гаа сэтгүүлчдэд хэлжээ.

Харин хөлсний цэргүүдийг нийлүүлдэг компанитай ойр холбоотой ажилладаг Бүх Оросын Офицерүүдын Ассемблей байгууллагын тэргүүн Евгений Шабаев Венесуэльд очсон цэргүүдийн тоо 400 орчим гэж сонссон тухайгаа ярьсан байна.

Оросын хөлсний цэргүүд Сири, Украин болон Африкийн орнуудад ажиллагаа явуулдаг гэх мэдээлэл түгээмэл байдаг.

Саяхан тэднийг Суданы дэглэмийн эсрэг босогчдыг дарах ажиллагаанд оролцож байгаа тухай Британий хэвлэл мэдээлж байв.

Энэ мэдээлэл тарсны дараа ОХУ-ын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова “Оросын засгийн газартай ямар ч хамааралгүй, хувийн компанийн гэрээт цэргүүд Суданд үйл ажиллагаа явуулж байгаа нь үнэн” гэж дээрх баримтыг баталжээ.

Тэрээр хөлсний цэргүүд босогчдыг дарах ажиллагаанд биечлэн оролцож байгаа гэх Британий хэвлэлийн мэдээг няцааж, Бүгд Найрамдах Судан улсын зэвсэгт хүчний алба хаагчид, хууль сахиулагчдад зориулсан сургалт  явуулах үүрэгтэй ажиллаж байгаа гэж мэдээлсэн юм.

Хоёр долоо хоногийн өмнө хоёр дахь удаагаа Венесуэлийн ерөнхийлөгчийн тангараг өргөсөн Николас Мадурог дэлхийн цөөн тооны улс орнууд дэмжиж байгаагийн нэг нь ОХУ юм.

АНУ тэргүүтэй өрнөдийн орнууд болон Өмнөд Америкийн ихэнх орнууд сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдог Венесуэлийн хууль ёсны төрийн тэргүүн гэж хүлээн зөвшөөрөөд байна.

 

Эх сурвалж: Reuters