Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/13-НД НИЙТЛЭГДСЭН

"Маргаашийн дотор огцрохгүй бол МАНАН-гийн толгойлогчийг өрөөнөөс нь чирч гаргана"

ikon.mn
2018 оны 12 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар нар чуулганы танхимын үүдэнд мэдээлэл хийж байна.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/769324243422632/

УИХ-ын 38 гишүүн гарын үсэг зурж, УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаасаа татгалзах өргөдлөө гаргахыг шаардаж байгаагаа мэдэгдлээ.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан "Энэ шаардлагаа албан ёсоор гардуулж өгөх гэж байна. Шаардлагад 38 гишүүн гарын үсэг зурсан. Дэмжиж байгаа 40 гаруй гишүүн байна.
УИХ-ын дарга М.Энхболд УИХ-ыг даргалах ёс зүйн үндэслэлгүй гэж үзэж бид өргөдөл гаргасан" хэмээн ярилаа.

УИХ-ын гишүүн Л.Болд: УИХ-ын даргатай уулзахад та бүхний шаардлагад "огцруулах" гэсэн үг алга, УИХ-ын гишүүдийн олонхыг та бүхэн төлөөлөхгүй" гэж биднийг дорд үзсэн. Тиймээс бид УИХ-ын 40 гишүүнийг төлөөлж, өнөөдөр албан ёсоор өргөдлөө гаргалаа. Хэдийгээр энэ нь хэдэн хүн бичиг өгөөд нэг хүнийг огцруулах гэж байгаа мэт боловч энэ бол маш том хувьсгал.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Маргаашийн дотор огцрохгүй бол бид нийт иргэд, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран жагсаал цуглаан, тэмцэл хийнэ. Ард түмэнтэйгээ хамт ирээд МАНАН-гийн толгойлогчийг өрөөнөөс нь чирч гаргана.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: Гадны улс орнуудад спикерээ парламентын гишүүд нь чирч гаргадаг. Спикер хамгийн төвийг сахисан байр сууринд байдаг юм байна. Бид парламенттай улсуудын жишигт очих шаардлага үүсээд байна.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: "Алтан Дорнод" компанийн захирал Г.Ганболдын ярианаас улсын Ерөнхий прокурор хүнийг эрүүдэн шүүж, 4 сая доллар авсан баримт ил болсон. Эндээс нийт иргэд, хэвлэл мэдээллийнхэн маань нэг зүйлийг ойлгосон гэж бодож байна. Энэ бол зөвхөн М.Энхболд гэдэг хувь хүнтэй тэмцээд байгаа хэрэг биш төрийг алсаас удирддаг, мафийн сүлжээнд орсон бүлэглэлтэй тэмцэж байгаа гэдгийг.

Бид ҮАБ-ын зөвлөлд үдээс хойш хандана.

УИХ-ын гишүүдийн 50%+1 нь энэ хүнтэй ажиллахгүй гэдгээ илэрхийлээд байхад энэ хүн ажлаа өгөхгүй бол одоо л бид тэмцэж чаддаг ард түмэн гэдгээ харуулах хэрэгтэй. Үгүй бол үүнээс цааш дийлэхгүй гэдэг нь харагдаж байна.

Маш өрөвч зантай нь Монголчууд бидний том алдаа гэж боддог. Хэрэв санаж байгаа бол анхдугаар чуулган эхэлснээс хойш би энэ тухай ярьсан. Гэтэл одоо өрнөөд ирэхээр "Хөөрхий байж л байг" гэж байна. Тэгвэл тэмцэж яах юм бэ, дуртайдаа бид ингэж яваагүй. Энэ нам доторх асуудал биш, төрөөс дээш гарсан асуудал. Албан ёсны мафи бий болчихоод байна. Тиймээс та бүхнийг хамтран ажиллахыг уриалж байна.

Одоо бид 40-үүлээ болсон. Бид тэмцлийн шаталсан хэлбэрт орно. Бид иргэдтэйгээ, Иргэний нийгмийн байгуулал, хувийн хэвшлийнхэнтэй нийлж тэмцэнэ. Ялангуяа, Д.Дорлигжав, Т.Бадамжунай, Ц.Элбэгдорж нарын гарт бизнесээ алдсан хүмүүс байвал одоо л бидэнтэй нэгдэж тэмцэх хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Хууль хяналтын байгууллага улс төрийн захиалгаар ажилладаг, бизнесийг булаадаг, байгалийн баялгийг нийлж завшдаг, цөөхөн хүн хөлждөг байдал бодитой өөрчлөгдөнө. Бүх зүйл ил тод болно. Бүх түвшинд хариуцлагыг тогтооно.

УИХ-ын дарга М.Энхболд хэдэн ч хүн гарын үсэг зурсан би огцрохгүй гэж хэлж болохгүй. Өнгөрсөн хугацаанд албан тушаалаасаа огцорсон хүмүүсийн хэн нь ч надад хуулийн заалт гаргаад өг гээгүй, өөрийнхөө хүсэлтээр ёс зүйн хариуцлага хүлээж, чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж байгаа.