Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/17-НД НИЙТЛЭГДСЭН

Баянхошуу дэд төвийг түшиглэсэн 240 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орлоо

ikon.mn
2018 оны 11 сарын 17
iKon.MN
Зураг зураг

“Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд Баянхошуу дэд төвийг түшиглэн барьсан 240 хүүхдийн ортой цэцэрлэгийн нээлт боллоо. Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны уг цэцэрлэгийг дулаан алдалтгүй технологи ашиглан барьжээ. Цэцэрлэгийн  10 бүлэг хичээллэх анги танхим, гал тогооны өрөө, угаалгын өрөө, багш ажилчдын өрөө зэрэг танхимуудтай ба 1 хүүхдэд стандартын дагуу 6.78 м/кв талбай ногдохоор тооцож барьж байгуулжээ.

Цэцэрлэгийг ашиглалтад оруулахад зориулан нийтийн хоолны тоног төхөөрөмж, угаалгын өрөөний тоног төхөөрөмж зэргийг иж бүрнээр нийлүүлэн суурилуулсан байна. мөн анги тус бүрт хүүхдийн хувцасны иж бүрэн шүүгээ, хүүхдийн ор, цагаан хэрэглэл, багшийн болон хүүхдийн ширээ, сандал зэргийг хүлээлгэн өгсөн байгаа юм.

Цэцэрлэгийн нээлтийн үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хэлэхдээ “Нийслэл хотын хөгжил бол гэр хорооллын хөгжил юм. Нийслэлийн иргэдийн 52 хувь нь гэр хороололд амьдарч байна. Улаанбаатар хотыг нэг төвтэй хотоос олон төвтэй хот болгох бодлогын хүрээнд 8 шинэ дэд төв байгуулахын нэг нь Баянхошуу дэд төв юм. Төслийн хүрээнд бүтээн байгуулалтын хүрээнд цэцэрлэг барих, бизнес инкубатор төв буюу гэр хороололд амьдарч байгаа иргэдийн бичил бизнесийг дэмжих, газар чөлөөлөлтөд өртсөн иргэдийн амьжиргааг дэмжих гээд барилгын ажлууд хавар эхэлсэн. Эхний цэцэрлэгийг ийнхүү ашиглалтад авч байна. Баянхошуу дэд төв Улаанбаатар хотын бас нэг шинэ төв болж орон сууцны хороолол дэд бүтцийн барилгууд баригдах эхлэл болж байгаа нь онцлог юм. Бид сургуулийн өмнөх насны хүүхдийн цэцэрлэгт хамрагдалтыг 85 хувь болгох зорилготой. Нэг ч гэсэн хүүхэд цэцэрлэгт хамрагдах боломжтой болж байна. Тиймээс энэ 240 хүүхдийн ортой цэцэрлэг нь томоохон бүтээн байгуулалт юм” гэж ярилаа.

Цэцэрлэгийн хашаанд хүүхдийн тоглоомын талбай, элсний талбай болон 20 машин зогсох боломжтой зогсоолыг тохижуулсан байна. Цэцэрлэгийн барилгаас гадна тавилга, тоног төхөөрөмжийг бүрэн хангаж, гаднах орчны тохижилтыг иж бүрэн хийж байгаа юм.

Уг цэцэрлэгт СХД-ийн 7,8,9,10 болон 28 дугаар хорооны хүүхдүүд сурч хүмүүжих боломжтойгоос гадна ойр орчмын цэцэрлэгүүдийн ачаалал багасч мөн хүүхдүүдийн сургуулийн өмнөх боловсролд хамрагдалт 63.49 хувь хүртэл нэмэгдэх ач холбогдолтой юм.

Цэцэрлэгийн нээлтэд НИТХ-ын дарга С.Амарсайхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд болон бусад албаны хүмүүс оролцлоо. 

 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс