Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/13-НД НИЙТЛЭГДСЭН

Э.Бат-Үүл: АСЕМ-д төсвөөс 250 тэрбум төгрөг шаардлагатай байсан ч бид 20 тэрбумыг л гаргуулсан

Б.МАНЛАЙ, IKON.MN
2018 оны 11 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг: mpa.mn

Монгол Улсад 2016 онд зохион байгуулагдсан АСЕМ-тай холбогдуулан Үндэсний Аудитын Газраас санхүүгийн тайлангийн болон гүйцэтгэлийн аудит хийхэд хэд хэдэн зөрчлүүд илэрсэн талаар бид мэдээлж байсан билээ.

Тухайлбал, АСЕМ-д 23.6 тэрбум төгрөгийг зарцуулахаар төсөв батлагдсан. Үүнээс 20.8 тэрбум төгрөгийг зарцуулсан. Санхүүгийн тайлангийн аудитын шалгалтаар 14.8 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн хэмээн гарсан.

Үүнтэй холбогдуулан аудитад АСЕМ-тай холбоотой бүх байгууллагын удирдлагуудыг оролцуулж, төсөв хөрөнгийг захиран зарцуулсан байдалд шалгалт хийнэ гэж мэдэгдсэн юм.

Тэгвэл энэхүү шийдвэртэй холбогдуулан тус тайланд нэр холбогдоод байсан улс төрийн 17 албан тушаалтны төлөөлөл болох Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүл, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан П.Цагаан нар өнөөдөр мэдэгдэл хийлээ.

Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүл “Манай улсын хувьд АСЕМ-ийг зохион байгуулсан нь нэр төрийн хэрэг юм. Гэтэл энэхүү олон улсын түвшний томоохон арга хэмжээг бид амжилттай зохион байгуулсан байхад хэсэг бүлэг хүмүүс үүнийг гутаах гэж оролдож байна.

АСЕМ-ийг зохин байгуулахад улсын төсвөөс наад зах нь 250 тэрбум төгрөгийг гаргах шаардлагатай байсан. Гэвч бид улсын төсвөөс ердөө 20 тэрбум төгрөгийг л гаргуулсан. Маш олон хүмүүс хандив өргөсөн. Эргээд харахад бид маш хямдхан, бага хэмжээний төсвөөр, дэлхийн хэмжээний улс төрийн олимпыг зохион байгуулж чадсан.

Харин эдгээр зохион байгуулалттай гүтгэлгийг явуулж буй хүмүүст бид өршөөлгүй хандах болно" гэсэн юм.

 
Гэрэл зургийг: mpa.mn

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан П.Цагаан “Миний бие Монголын үе үеийн Ерөнхийлөгч, ЗГ-тай Монгол төрийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн. Би хулгай хийх байтугай худал хэлсэн хүнд дургүй. Миний нэр ч Цагаан, зам мөр ч Цагаан. Татвар төлөгчдийн мөнгөнөөс хулгайлах биш, би байнга төсвийг хэмнэж, оны эцэст Сангийн яаманд буцааж тушааж ирсэн түүхтэй.

Би АСЕМ-ын шугамаар ирсэн тэр олон мянган төлөөлөгчдийг байрлуулах зочид буудал, хурлын байрны асуудлыг давхар хариуцаж ажилласан нь үнэн. Гэсэн хэдий ч төрийн урилгаар ирсэн 5,000 гаруй зочныг хүлээн авах, төрийн буудал барих гэж төсвийн мөнгө үрээгүй бөгөөд хувийн хэвшлийнхэнтэй хамтран ажилласны хүчинд АСЕМ-ын ард гарсан.

Тэдгээр зочид буудлын ажилтан албан хаагчдад хэл соёл, хоол унд үйлчилгээний олон чиглэлээр дэлхийн стандартад нийцсэн нэмэлт сургалтыг зохион байгуулсан. Үүнд туслах санамж бичигт Хөдөлмөрийн сайдтай гарын үсэг зурсан. Гэхдээ тэр мөнгөнөөс нэг ч төгрөг миний гарын үсэгтэй зарцуулагдаагүй болно.

Намайг АСЕМ-аас 321 сая төгрөг хулгайлсан, идэж уусан мэтээр илт улс төрийн зорилготой гүтгэлэг, мэдээлэл тарах болсон нь бохир, бүдүүлэг гүтгэлэг гэдгийг хариуцлагатайгаар би няцааж байна” гэлээ.

Ийнхүү тэд энэхүү зохион байгуулалттай явуулж буй гүтгэлэг, санхүү бүртгэлийн ташаа дүгнэлт хийж, олон нийтэд тараасан этгээдүүдэд хандаж мэдэгдэл хийгээд байна.

Мэдэгдэлд, өнөөгийн эрх баригчид өөрсдийн гаргасан удаа дараагийн улс төр, эдийн засаг, хууль эрх зүйн бүтэлгүйтэл, гэмт хэрэг болон ёс бус үйлдлээ далдлах, ард иргэдийн туульдаа хүрсэн дургуйцлийг өөр зүгт хандуулах зорилгоор, эрүүл хүний санаанд багтахааргүй гүтгэлгийг зохион байгуулалттайгаар тарааж байна.

Иймд бичиж, зурж тараасан худал баримт, мэдээлэл болгонд хуулийн өмнө хариуцлага хүлээлгэх болно хэмээн мэдэгдлээ.