Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/31-НД НИЙТЛЭГДСЭН

"АСЕМ-д 20.8 биш, 395.7 тэрбум төгрөг зарцуулсан"

Б.Жаргалмаа, IKON.MN
2018 оны 5 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Ази-Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг 2016 онд Монгол Улс анх удаа зохион байгуулсан билээ. “АСЕМ-ын 20 жил: Уялдаа холбоотой байж ирээдүйн төлөө түншлэх нь” сэдвийн дор болж өнгөрсөн эл хуралд Ази, Европын 51 орны төр, засгийн тэргүүн, тэдний өндөр түвшний бие төлөөлөгчид, Европын зөвлөлийн ерөнхийлөгч, Европын комиссын ерөнхийлөгч, АСЕАН-ы Ерөнхий нарийн бичгийн дарга нар оролцсон. Тус хуралд нийт 20.8 тэрбум төгрөг зарцуулсан юм. 

Тэгвэл энэ хурлыг зохион байгуулсан үйл ажиллагаа, түүний гүйцэтгэл, үр дүнд хийсэн аудитын тайланг Үндэсний аудитын газраас өнөөдөр танилцууллаа.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/845368345648735/

Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч С.Оюунбилэг "АСЕМ-ын хүрээнд суудлын автомашин, автобус, тоног төхөөрөмжийг импортоор оруулж ирэхэд 6 тэрбум төгрөгийн татварыг чөлөөлсөн.

-Импортоор оруулж ирж байгаа суудлын автомашин, микроавтобус, тусгай зориулалтын машин, техник хэрэгслийг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн онцгой албан татвараас чөлөөлөх шийдвэр гаргасантай холбоотойгоор зургаан тэрбум төгрөгийн татварыг чөлөөлсөн.

-Аудитаар нотлогдох баримтын хүрээнд 395.7 тэрбум төгрөгийг АСЕМ-ийг зохион байгуулахад зарцуулсан. Үүний 90.9 тэрбум нь улс, нийслэлийн төсвөөс, 46 тэрбум нь төрийн өмчит ААН, түүний өөрийн хөрөнгө, хандив тусламжаас, 258.7 тэрбум нь гадаад болон дотоодын банкны зээлийн эх үүсвэрээс санхүүжүүлсэн байна.

-ГХЯ л 23.3 тэрбум төгрөгийн гүйцэтгэлийг тайгнасан. Бусад эх үүсвэрийн гүйцэтгэлийн тайлан гараагүй.

-АСЕМ-ийн үйл ажиллагааг зохион байгуулахдаа Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчиж, АСЕМ-ийн үйл ажиллагаатай холбоотой хамаарал бүхий гүйцэтгэгчийг шууд гэрээгээр сонгох шийдвэр гаргасан. 

-Хурлыг зохион байгуулах болон бэлтгэл ажлын урсгал зардалд 19.3 тэрбум, найман салбар дагалдах уулзалтуудыг зохион байгуулахад 100 иргэн, хуулийн этгээдтэй хамтран ажиллахад 1.3 тэрбум, дээд түвшний уулзалтыг 2.6 тэрбум төгрөгийг дээрх зөрчлүүдтэй холбогдуулан зарцуулсан.

-Ерөнхийлөгчийн чиглэл өгөх шийдвэрийн дагуу Сүхбаатарын талбай дээрх “Тэнгэрийн өрх” уран баримлыг “Энх тайвны хонх” хөшөөгөөр солиход 668.7 сая төгрөгийн зардал гарсан ч үүнийг батлах анхан шатны акт баримт байхгүй. Өнөөдөр хөшөөний эзэн, хариуцах хүн тодорхойгүй байна.

-АСЕМ-ийн арга хэмжээний бэлэг дурсгалын зардалд 981.4 сая төгрөг төсөвлөснөө  хэтрүүлсэн буюу нэг хүнд ногдсон бэлэг дурсгалын мөнгө 6.7 сая төгрөг байна.

-Гадаад болон дотоодын сургалтуудыг зохион байгуулахад 722.4 сая төгрөг зарцуулсан ч тайлан байхгүй. Анхан шатны баримт байхгүй нь тогтоогдсон.

-Эрчим хүчний салбарт АСЕМ-тай холбоотойгоор 5.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын арга хэмжээг шууд гэрээгээр гүйцэтгэсэн.

-ИНЕГ улсын төсвөөс 7.5 тэрбум, өөрийн хөрөнгөөр 19.6 тэрбум төгрөг зарцуулахдаа Тендерийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн хөрөнгөө бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчиж гэрээнүүдийг байгуулсан.

-Нийслэлийн болон төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх арга хэмжээний хүрээнд авто зам, хот тохижилт, засвар үйлчилгээ, бүтээн байгуулалттай холбоотой 33.6 тэрбум төгрөг зарцуулагдсан. Ингэхдээ эрх шилжүүлэн хийсэн зөрчил илэрсэн.

-АСЕМ-ийн бэлтгэл ажилтай холбоотой нийт төсөл арга хэмжээний 74 хувийг нь нийслэлийн өмчид бүртгээгүй.

-АСЕМ-ийн хүрээнд хийсэн авто замын төсөл арга хэмжээний 2.9 тэрбум төгрөгийн 25 төсөл АСЕМ-аас хойш хийж гүйцэтгэсэн.  

-Замын засвар, арчлалттай холбоотой 5.7 тэрбум төгрөгийн зардал гарсан. Үүнд 152 төслийг нэрлэж болно. Тухайлбал, “Саруул зам” компанийн гүйцэтгэсэн нэг тэрбум төгрөгийн өртөгтэй 60-р сургууль буюу Яармагийн гэр хорооллын дундуурх замыг АСЕМ-ийн бэлтгэл ажлын хүрээнд гэж хийсэн. Ингэхдээ төсөвт өртгийг 433 сая төгрөөр нэмэгдүүлж, ХУД-ийн Засаг даргад эрх шилүүлэн, аравдугаар сард хийхээр гэрээ байгуулсан. 

-АСЕМ-ийн хүрэнд зарцуулсан мөнгөний нэлээд томоохон хэсэг буюу зочид буудлуудын зээлсэн 233.4 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг зургаан жилийн хугацаатай 4 хувийн хүүтэй үнэт цаасыг дотоодын зах зээлд гаргах зөвшөөрлийг Хөгжлийн банкинд өгсөн. Үүний дагуу ХХБ, “Голомт”, “УБ хотын банк”, ХААН банк, Төрийн банк үнэт цаасыг худалдаж авсан. Ингэхдээ дэд зээлдэгч 17 компанид дөрвөн хувийн хүүтэй мөнгийг 13-14 хувийн хүүтэй гэрээ хийж зээл олгосон.

-Сангийн яам БНСУ-ын Экспорт, импорт банктай 30 жилийн хугацаатай, жилийн 0.25 хувийн хүүтэй 5.5 сая ам.долларын зээлийн гэрээ байгуулж, “Хьюндай моторс” компаниас 43 автобус худалдаж авсан. Автобуснуудын тохижилт, ажилчдын хувцас, хариуцлагын даатгал, цалин, эмчийн үзлэг зэрэгтэй холбогдуулан 195 сая төгрөгийн нэмэлт зардал гарсан. 16 өдөр үйлчилсэн эдгээр автобусны ашиглалт 15.3 хувьтай байсан. 

АСЕМ-д зориулж БНХАУ, БНСУ-ын олон улсын байгууллагаас 20.4 тэрбум төгрөгийн барааны тусламж ирсэн байна. 

-Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас тодорхой шийдвэр гараагүй байхад ГХЯ тусламжийн барааг өөрсдөө үнэлж иргэд, аж ахуйн нэгжүүдэд худалдсан. 

-Үндэсний аудитын газраас АСЕМ-тай холбоотой 163.6 сая төгрөгт акт тогтоож, 151.8 тэрбум төгрөгт албан шаардлага өгч, 79.2 тэрбум төгрөгийн зарцуулалттай холбоотой 17 албан тушаалтныг хариуцлага тооцуулах санал хүргүүлж, 290.9 тэрбум төгрөгтэй холбоотой зарцуулалтыг хууль хяналтын байгууллагад шалгуулахаар шилжүүлэхээр шийдвэрлэсэн.

Мөн Засгийн газар, Сангийн сайд, Гадаад харилцааны сайд, нийслэлийн Засаг дарга, Хөгжлийн банкинд 12 зөвлөмжийг хүргүүлсэн" гэв.