Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/12-НД НИЙТЛЭГДСЭН

"Чихрийн шижинтэй хоёр хүн тутмын нэг нь оношлогдоогүй байдаг"

А.Намуун, iKon.mn
2018 оны 11 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Олон улсын чихрийн шижингийн холбооноос 2018-2019 онд Чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдрийг “Чихрийн шижин ба гэр бүл” сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ. Тус өдрийн хүрээнд өнөөдөр ЭМЯ-наас мэдээлэл өглөө.

Тодруулбал, олон улсын чихрийн шижингийн холбооны стратеги төлөвлөгөөний дагуу гишүүн орнууддаа чихрийн шижинтэй хүнд гэр бүлийнх нь гишүүдийн анхаарал халамж туйлын чухал болохыг онцлон тэмдэглэсэн байна.

Энэ өдрийн гол зорилго нь Чихрийн шижин /ЧШ/ өвчний талаар мэдлэг мэдээллийг олон нийтэд түгээх, Чихрийн шижинтэй хүний эмчилгээ, эрүүл мэндийн боловсрол, урьдчилан сэргийлэх, эрүүл зан үйлийг төлөвшүүлэхэд гэр бүлийн гишүүдийн туслалцаа дэмжлэгийг сайжруулахад оршиж байгаа аж.

2017 оны байдлаар Дэлхийн хэмжээнд 125 сая хүн Чихрийн шижингээр өвдөөд байгаа ба үүний 80 хувь нь Чихрийн шижингийн хэв шинж 2 буюу урьдчилан сэргийлэх боломжтой хэлбэр юм. Тогтмол дасгал хөдөлгөөн хийх, эрүүл зохистой хооллох, амьдралын зөв хэв маягийг дадал болгоход гэр бүлийн гишүүдийн үүрэг, дэмжлэг хамгийн чухал юм. 

Чихрийн шижинтэй 2 хүн тутмын 1 нь оношлогдоогүй байдаг.  Чихрийн шижин өвчнийг эрт оношлох нь түүний хүндрэлээс сэргийлэхэд чухал ач холбогдолтой. Мөн амьдралын чанар, эрүүл мэндэд эерэг нөлөөтэй. Чихрийн шижин өвчний илрэх шинж тэмдэг, эрсдэлд хүчин зүйлийг мэдсэнээр  гэр бүлийн аль нэг гишүүн нь уг өвчнөөр өвдсөн буюу өвдөх эрсдэлтэй байгааг эрт таньж болно. 

 Чихрийн шижин өвчний эмчилгээ оношилгоо асар өндөр үнэтэй байдаг аж. Тиймээс уг өвчнийг үр дүнтэй эмчилж, хүндрэлээс урьдчилан сэргийлэхийн тулд 

  • Эм, инсулин таслахгүй тогтмол хэрэглэх, 
  • Мэргэжлийн эмчийн хяналтанд орж, шаардлагатай шинжилгээ оношилгоонуудыг цаг тухайд нь хийлгэж байх.
  •  Дасгал хөдөлгөөн, эрүүл зохистой хооллолт, амьдралын зөв хэв маягийг хэвшүүлэх эрүүл мэндийн зан үйлийн сургалтанд хамрагдах шаардлагатай. 

Хөгжиж буй орнуудад Чихрийн шижинтэй өвчний эмчилгээнд шаардлагатай инсулин ба сахараа хянах оношлуурын төлбөрт гэр бүлийн орлогын талаас илүү хувийг зарцуулдаг байна. Энэ нь тухайн гэр бүлийг эдийн засгийн дарамтад оруулж улмаар ядуурахад хүргэдэг гэнэ. Тиймээс эрүүл мэндийн асуудлаасаа болж ядууралд өртөхгүйн тулд  хувь хүн, гэр бүлийн гишүүд Чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлэх арга барилд суралцахын зэрэгцээ төр засгаас Чихрийн шижинтэй хүмүүсийн эмчилгээ, оношилгооны зардлыг тэдний амьдралд сөргөөр нөлөөлөхгүй хэмжээнд байлгах үүрэгтэй юм байна.

Түүнчлэн, гэр бүлийн 4 гишүүн тутмын зөвхөн нэг нь л Чихрийн шижингээс сэргийлэх, хянах, мэдлэг мэдээллийг хамгийн бага хэмжээнд олж мэддэг гэнэ.  

Харин зарим оронд хийгдсэн судалгаанаас үзэхэд Чихрийн шижинтэй өвчтөний эрүүл мэнд, амьдралын чанар нь гэр бүлийн гишүүдийнх нь тусламж дэмжлэгээс ихээхэн хамааралтай болох нь батлагджээ. Тиймээс хэрэв танай гэр бүлд Чихрийн шижинтэй хүн байгаа бол түүнийг анхааран халамжилж эрүүл мэндийн боловсрол олж авах, эмчилгээ оношилгоондоо цагт нь  хийлгэх болон амьдралын хэв маягаа өөрчлөхөд нь туслахыг ЭМЯ-наас зөвлөлөө.