Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/12-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Элбэгдорж: АСЕМ-ийг нохойд барьдаг мод шиг ашиглаад хол явахгүй шүү гэдгийг хэлье

Б.Цэнд-Аюуш, Үндэсний шуудан
2018 оны 11 сарын 12
Үндэсний шуудан
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Олон нийтэд бухимдал төрүүлээд буй Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээл болоод АСЕМ-тай холбоотой асуудлаар Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өөрийн цахим хуудсаар дамжуулан тайлбар өгсөн юм. Ингэхдээ Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан гэлтгүй бүх сангийн үйл ажиллагааг шилэн болгох хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатайг хэлэв. Тэрбээр “Нийт 27 орчим сан байдаг гэж ярьдаг. Сайд бүр сантай гэж харагдаад байгаа. Мөн дарга бүхэн төсөвтэй.

Тиймээс энэ бүхнийг тайлагнах шаардлага бий болжээ. Би эдгээр сангуудын мөнгөн гүйлгээг тодорхой өдөр тогтоож царцаах ёстой гэж бодож байна. Ингээд сангийн үйл ажиллагаа эхэлсэн өдрөөс эхлэн бүх мөнгөн гүйлгээ, зарцуулалт, эргэн төлөлтийг бүгдийг нь шилэн болгох хэрэгтэй. Эндээс л ажил эхэлнэ. Төр засаг шийдвэр гаргая гэвэл одоо л гаргадаг цаг. Яагаад гэвэл иргэд мэдсэн байна. Удирдлага, дарга нар цочирдож байна. Иргэд мэдээгүй цагт шийдвэрийн хэрэгжилт сайн явдаггүй юм. Одоо шийдвэрийн хэрэгжилтийн араас хүмүүс нэхэл хатуутай явна л даа. Одоо гаргасан шийдвэрийн хэрэгжилт баталгаатай сайн болно гэж бодож байна.

Төрийн сургамж шийдвэрээр илэрдэг. Тиймээс сургамж авснаа ард иргэддээ харуулах хэрэгтэй. Энэ асуудлыг нэг шуугиад өнгөрөх биш дахин ийм асуудал гаргахгүйн тулд асуудлыг угаар нь шийдвэрлэх хэрэгтэй. Үүнд хоёр чиглэлийг эрхэмлэх ёстой юм. Нэгдүгээрт, бүх сангийн үйл ажиллагааг хуулиар ил тод болгох ёстой. Хуулийг хууль санаачлагчид болоод Засгийн газар хэлэлцүүлж байх ёстой. Шилэн дансны хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгтэй. Сайд, сан бүрээр нь хариуцлагыг нь тодорхой болгох хэрэгтэй байгаа юм. Үүнийг дагуулж, хариуцлагыг тодорхой болгох хэрэгтэй” гэлээ.

Мөн АСЕМ-тай холбоотой асуудлаар Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж байр сууриа илэрхийлсэн бөгөөд АСЕМ бол Монголын бахархал гэдгийг тодотгож байлаа. Тэрбээр “2016 онд Монголд АСЕМ-ийн 20 жилийн ойн уулзалт болсон гэдгээрээ онцлогтой. 20 жилийн ажлаа дүгнэж, цаашдын 10 жилийн стратеги бодлогоо тодорхойлсон учраас энэ нь ээлжит уулзалт биш гэдгийг хэлэх ёстой. Энэ бол Монгол Улсын тусгаар тогтнол, эрх чөлөө, нэр хүндийг илэрхийлсэн чухал уулзалт болсон. АСЕМ-аар үргүй зардал гаргасан, идэж уусан гэж хүмүүс шүүмжилдэг. Тэдний хардах эрхийг хүндэтгэж байгаа. Ийм яриа гаргаж байгаа хүмүүст ч хүндэтгэлтэй хандаж байгаа.

Ер нь миний нэр дээр болон хийж байгаа үйл ажиллагаатай холбоотой ханддаг асуудалд эмзэглэдэггүй. Шүүх, цагдаа гэж гүйдэггүй. Энэ бол тэд яваандаа ойлгох байх гэж боддог. Би ийм хандлагатай байхад хүмүүс ч ийм хандлагатай байгаасай гэж боддог. АСЕМ-ийн үе бол хүн бүр Монгол Улсынхаа нэрийг авч гаръя гэсэн үе байсан. Ийм орчинд төрийн хөрөнгө мөнгө, үйл ажиллагаа руу гар дүрээд сууж байх сэтгэхүй,  орчин бүрддэггүй. Ийм сэтгэл төрдөггүй гэж би хувьдаа боддог. Дэлхийн нүдэн дээр байгаа дээрх үйл явдалд Монгол Улсынхаа нэрийг л боддог юм билээ.

Гаднынхан манай улсыг нэг жилийн төсвөөсөө ойролцоогоор жилд 250 тэрбум орчим төгрөг гаргаж байж АСЕМ-ийг зохион байгуулж хүчирнэ гэж байсан. Тийм боломж, сэтгэл Монголд байгаагүй. Төсвөөс гарсан нийт мөнгө нь 21 тэрбум төгрөг болсон. Үүнээс 19 тэрбум төгрөгийг зарцуулж, хоёр тэрбум төгрөг нь Гадаад харилцааны яамд очсон гэдэг илтгэл мэдээлэл сонссон. Ц.Элбэгдоржийн нэрийг хугалах гэхээс илүү Монголын нэрийг хугалаагүй хүмүүст их баярладаг. АСЕМ гэдэг зүйлийг өөр нэг шуугиан нэрээр дарах гал унтраах хэрэгсэл шиг ашиглаж байна.

Зээл, хариуцлагын тухай яригдахаар л АСЕМ гэж монтажилж оруулаад аль нэг байгууллагын санхүүжилттэй цацдаг. Нохойд барьдаг мод шиг хэрэглээд хол явахгүй шүү гэдгийг хэлье. Үнэхээр хөрөнгө мөнгө завшсан бол хамгаалах зүйл байхгүй. Иргэд хяналттай хурц хараатай байгаад нь баяртай байгаа. АСЕМ-ыг улстөржүүлэх хэрэггүй. АСЕМ-ыг сайн талаас нь нэг харах хэрэгтэй" гэсэн юм.

Зураг