Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/15-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Дэлгэржаргал: "ЛэндМН"-ийн үйл ажиллагаа өргөжсөөр байна

Р.Оюунцэцэг, IKON.MN
2018 оны 10 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Монголын хөрөнгийн бирж дээр хамгийн идэвхтэй бөгөөд  эрэлттэй арилжаалагдаж байгаа хувьцаа “ЛэндМН ББСБ” ХК-ийнх байгааг тус компанийн III улирлын тайлангаас харж болно. Хөрөнгийн зах зээлд хувьцаа гаргасан олон улсын компаниудын жишгээр улирал тутам санхүүгийн тайлангаа олон нийтэд нээлттэй мэдээлж байхаа амалсан тус компани өнгөрсөн Лхагва гарагт ээлжит тайлангаа 4,000 гаруй хувьцаа эзэмшигч болон иргэдэд танилцуулсан билээ. Энэ талаар “ЛэндМН  ББСБ” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Дэлгэржаргалтай ярилцлаа.

-“ЛэндМН ББСБ” ХК-ийн III улирлын тайлан олон нийтэд хүрлээ. Бүх үзүүлэлт өсөлттэй гарсан нь харагдаж байна.   

-Иргэдэд тулгарсан санхүүгийн асуудлыг аль болох хялбар, хүртээмжтэйгээр шийдэх зорилт маань биелэлээ олсоор байна. Хэдий бид үйл ажиллагаа явуулаад хоёр жил болоогүй ч “LendMN” аппликэшнийг гар утсандаа татаж авсан хэрэглэгчийн тоо энэ сарын байдлаар 270 орчим мянга, үүнээс 70 гаруй мянга нь идэвхтэй хэрэглэгч юм. Бүх мэдээллээ баталгаажуулаад зээл авах эрхээ нээлгэсэн иргэдийн тоо 100,000 давчихлаа. Өөрөөр хэлбэл, бид 70,000 хүнд тулгамдсан санхүүгийн асуудлыг богино хугацаанд шийдвэрлэж, амьдралд нь тодорхой хэмжээнд хувь нэмрээ оруулж байна гэсэн үг.  

Улирлаар нь авч үзвэл, сүүлийн улиралд л гэхэд манай аппликэшнийг татсан хэрэглэгч 60,000-аар өссөн. Сард л 20,000 хүн “ЛэндМН”-ийг сонирхон, утсан дээрээ суулгаж байгаа нь бидний олгож буй бага хэмжээний барьцаагүй зээлийн үйлчилгээ хүмүүсийн амьдралд чухал шаардлагатай байгааг илтгэж буй юм. 

-Үүний цаана зээл авах иргэдийн тоо байнга өсөн нэмэгдэж байгаа гэж ойлгож байна, тийм үү?

-Тийм ээ. Зээл олголт тогтвортой өсөж байгаа. Хэдийгээр III улирал баяр наадам, амралт гээд идэвхгүй үе хэдий ч манай компанийн хувьд тогтвортой өсөлт хадгалагдсаар байгаа нь иргэд бидэнд итгэл үзүүлж, бид эргээд хүмүүсийн хүссэн хэрэгцээг хангаж байна гэж ойлгож байгаа. Тодруулбал, өдөрт олгож байгаа зээлийн тоо 2,700 орчим байгаа бөгөөд тэр хэрээр нийт зээлийн багц өссөн. Өнгөрсөн улирлын эцсийн байдлаар хүмүүсийн гарт олгогдоод буй зээлийн багц өмнөх улирлаас 4 тэрбум төгрөгөөр өсөж, 14.5 тэрбум төгрөгт хүрээд байна. 

Үйл ажиллагаа өргөжихийн хэрээр тодорхой хэмжээнд бааз сууриа чадавхжуулах шаардлага урган гарч байна

-Санхүүгийн тайлангаас хамгийн ихээр иргэдийн анхаарлыг татсан нь үйл ажиллагааны зардал нэлээд өссөн үзүүлэлт байх шиг байна. Ямар шалтгаанаар зардал өссөн талаар Та тайлбарлахгүй юу? 

-Үүнийг тайлбарлахын өмнө хэд хэдэн баримт дурдъя. Өнгөрсөн 1.5 жилийн хугацаанд “ЛэндМН”-ийн үйл ажиллагаа эхэлснээс хойш 560,000 удаагийн нийт 105 тэрбум төгрөгийн зээл олгосон. Үүнээс 39.5 тэрбум төгрөгийн 202,100 зээлийг сүүлийн улиралд олгосон байна. Өөрөөр хэлбэл, зээл олголт маань тогтвортой өсөж байна. Олгож буй нэг зээлийн дундаж хэмжээ II улиралд 180 гаруй мянган төгрөг байсан бол III улиралд 200,000 болж өссөн. Тухайн харилцагчийн орлогоос хамааран хамгийн дээд тал нь хоёр сая төгрөгийн зээлийг нэг сарын хугацаатай олгож байна. 

  • Бид зөвхөн зээл олгохоос гадна цаашдаа бүтээгдэхүүнээ илүү төрөлжүүлэх бодлого барьж байна. Тухайлбал, ганцхан сарын хугацаатай биш, хэд хэдэн сард хуваагаад төлөх боломжтой зээл авах сонирхолтой иргэн олон байгаа тул үүнд тохирсон зээл гаргах. Мөн бичил, жижиг бизнес эрхлэгчдийн эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэх зорилготой үйлчилгээ гаргахаар төлөвлөж байна. 
  • Үйл ажиллагааны орлого маань өмнөх улирлаас 19.4 хувиар өссөн. Энд тэмдэглэж хэлэх ёстой нэг зүйл бий. Бид харилцагчдынхаа зээлийн шимтгэлийн хувь хэмжээг тогтмол бууруулж байгаа. Өнгөрсөн улиралд дундаж шимтгэлийн хувь хэмжээ өмнөх улирлаас 12%-иар буурсан. Өөрөөр хэлбэл, энэ хэмжээгээр харилцагчдын төлөх зардал багасч байна гэсэн үг.
  • Мөн ТУЗ-ийн хурлын шийдвэрийн дагуу 4 тэрбум төгрөгийн бонд гаргасан. Үүнтэй уялдаад эх үүсвэрийн хүүгийн зардал гарч байгаа. Удахгүй дахиад хоёр тэрбум төгрөгийн бонд гаргах гэж байна. Учир нь зээлийн хэмжээ, хэрэглэгчдийн тоо нэмэгдэхийн хэрээр тэр хэрэгцээг хангах санхүүгийн эх үүсвэр зайлшгүй шаардлагатай. Тиймээс цаашид ч санхүүжилтийн эх үүсвэр татах болно. Тэр хэрээр “ЛэндМН”-ийн үйл ажиллагааны цар хүрээ илүү өргөжиж, хүртээмжтэй болно гэсэн үг. 
  • III улирлын эцсийн байдлаар “ЛэндМН”-ийн нийт ашгийн хэмжээ 2 тэрбум төгрөгт хүрсэн. Зөвхөн өнгөрсөн улиралд 763 сая төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. 2017 онд анх үйл ажиллагаагаа эхлүүлээд 20 орчим сая төгрөгийн ашигтай ажиллаж байсан финтек стартапп компани 270,000 орчим хэрэглэгчтэй болж ийнхүү өргөжсөнөөр бидний үүрэг, хариуцлага улам бүр нэмэгдэж буйг илтгэж байгаа юм. 

Дээрх нөхцөлүүдэд тулгуурлан бид илүү өргөн цар хүрээгээр үйлчилгээ үзүүлэх шаардлага гарч байна. Мэдээж одоогийн технологидоо суурилан үйлчилгээгээ илүү сайжруулж, шинэ бүтээгдэхүүнүүд гаргах тул хүний нөөцийн маань тоо нэмэгдэж, илүү өргөжин чадавхиж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, үйл ажиллагаа өргөжихийн хэрээр тодорхой хэмжээнд бааз сууриа чадавхижуулах шаардлага давхар тавигдаж байна.

Одоогийн байдлаар “ЛэндМН” үндсэн 44 орон тоотой ажиллаж байна, оны эхэнд бид 29 ажилтантай байсан, оны эцэст 50 гаруй ажилтантай болох төлөвлөгөө бий. Мэдээж хүний нөөц тогтвортой болоод ирэхээр энэ зардал тогтворжиж таарна. Мөн хэрэглэгчдийн тоо өсч, зээл олголтын тоо нэмэгдэхийн хэрээр дагаад гүйлгээний шимтгэл, маркетинг, сурталчилгааны зэрэг бусад зардал нэмэгдсэн байна. Шинэ бүтээгдэхүүний бэлтгэл ажлыг хангахад ч мөн тодорхой зардлууд гарч байгаа.

-Чанаргүй зээл бол хамгийн анхаарал татсан чухал үзүүлэлт. Чанаргүй зээлийн хэмжээ мөн өссөн харагдаж байсан. Нийт хэчнээн иргэний хэдэн төгрөгийн чанаргүй зээл байна вэ?

-Бидний хамгийн том эрсдэлийн удирлага нь нийт активын чанар. Өнөөдөр “ЛэндМН” ямар нэгэн барьцаагүйгээр, гар утсаар буюу дижитал хэлбэрээр зээлээ олгож байгаа. Манайх зээл олгохын тулд тухайн хүний хандлага, мэдээллийг хиймэл оюун ухаан ашиглан үнэлэх замаар анализ хийсний үндсэн дээр шийдвэр гаргадаг. 

Ингээд үзэхээр III улирлын байдлаарх нийт олгосон 14.5 тэрбум төгрөгийн зээлийн хувьд чанаргүй зээл маань 1.8 хувьтай байгаа юм. Зээлийн дүнгээр нь тооцвол 1,500 зээлдэгчийн 285 сая төгрөгийн багц гэсэн үг. Өнгөрсөн хугацаанд нийт олгосон 105 тэрбум төгрөгийн дүнтэй харьцуулаад үзвэл огт барьцаагүй зээлийн хувьд маш бага хувь байгаа биз? Энэ нь юуг илэрхийлж байна гэвэл, бид иргэдэд итгэл үзүүлэн, ямар ч барьцаагүйгээр санхүүгийн асуудлыг нь яаралтай шийдвэрлэсний хариуд харилцагчид маань ч итгэл алдахгүй байгааг зээлийн эргэн төлөлт өндөр, чанаргүй зээл бага байгаа эдгээр үзүүлэлт илтгэж байгаа юм. Санхүүгийн салбарын хувьд итгэлцэл гэдэг хамгийн чухал үнэт зүйл. Мөн 1.8 хувьтай байгаа чанаргүй зээл нь огт төлөгдөх боломжгүй гэсэн үг биш гэдгийг дурдах хэрэгтэй. 

Тэгвэл банк, банк бус санхүүгийн салбарыг аваад үзье.

Арилжааны банкуудын хувьд чанаргүй зээлийн багц хамгийн сүүлийн байдлаар 8.6 хувьтай байгаа. Банк бус санхүүгийн байгууллагуудын /ББСБ/-ын хувьд нийт 490 орчим байгууллага 768 тэрбум төгрөгийг 150 орчим мянган хүнд олгосон байгаа. Чанаргүй зээл ББСБ-ын хэмжээнд 10.4 хувьтай.

Эдгээр тоог иргэд маань харьцуулаад дүгнэх байх. Өөрөөр хэлбэл, хиймэл оюун ухаанд суурилсан манай модел сайн ажиллаж байгааг энэ үзүүлэлт илтгэх болов уу. Үүнийгээ ч бид цаашид технологийн шийдлээр улам бүр сайжруулаад явах болно.

-Харилцагчдын санхүүгийн сахилга бат сайжирч байна гэж харж болох уу?

-Бидний үйл ажиллагааны нэг гол зорилго тэр. Иргэдэд богино хугацаанд шаардлагатай санхүүгийн хэрэгцээг нь ямар нэгэн барьцаагүйгээр, маш хялбар байдлаар шийдвэрлэж, үүний цаана бүтээгдэхүүн үйлчилгээгээрээ дамжуулан зах зээлд санхүүгийн сахилга батыг нутагшуулж байгаа гэсэн үг. Харилцагчид маань санхүүгийн сахилга баттай байгаа нь цаашид нийгэмд энэ эерэг хандлагыг төлөвшүүлэхэд маш чухал нөлөөтэй. Нэг ёсондоо бид харилцагчдадаа зээлийн сайн түүхийг үүсгэж өгснөөр дараа дараагийн санхүүгийн томоохон үйлчилгээ авах гүүр нь болж өгч байна гэсэн үг. Энэ ч утгаараа зээлээ хугацаандаа төлсөн, сахилга бат сайтай харилцагчаа урамшуулах хөшүүрэг болгож, шимтгэлийг  нь бууруулж буй.  

Нөгөө талаар, зээлээ хугацаа хэтрүүлсэн зээлдэгчийн хувьд мэдээлэл нь Монголбанкны Зээлийн мэдээллийн санд ордог тул банк, санхүүгийн байгууллагаас дараа дараагийн зээлийн үйлчилгээ авах боломжоо өөрсдөө хязгаарлаж байна гэсэн үг юм.

Зээл авдаггүй ч "Лэнд хэтэвч"-ээр төлбөр тооцоо гүйцэтгээд явбал  түүнд нь үндэслээд зээл авах эрхийг нь олгох боломжийг нээнэ

-"ЛэндМН" санхүүгийн цоо шинэ үйлчилгээ “Лэнд хэтэвч”-ийг танилцуулахад бэлэн болсон талаар тайланд цухас дурдсан байсан. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-"ЛэндМН" өнгөрсөн тавдугаар сард хувь нийлүүлэгчдийнхээ хурлаар тодорхой зорилтуудаа танилцуулсан. Энэ хүрээнд цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээ эрхлэх зөвшөөрлөө СЗХ-ноос авч, шинэ бүтээгдэхүүнээ хөгжүүлж байна. 

Дээр дурдсанчлан манай аппликэшнийг татаад, бүртгүүлчихсэн 200,000 гаруй харилцагчаас зээлийн үйлчилгээ авч байгаа нь 70 мянга. Нэгэнт бид “Асаа, асуудлаа шийд” гэсэн уриатай, зөвхөн зээл олгох биш, иргэдийн санхүүгийн бусад асуудлыг нь хангах том зорилт тавьсан. Тийм ч учраас гар утсаа ашиглан төлбөр тооцоо гүйцэтгэх шинэ цахим хэтэвчийг олон нийтэд танилцуулах гэж байна. Ингэснээр зээл авсан иргэдэд тухайн зээлээ ашиглаж, төлбөр тооцоо хийх хэрэглээг нь бий болгож байгаа гэсэн үг. 

Зээл авдаггүй ч гэсэн цахим хэтэвчээр төлбөр тооцоо гүйцэтгээд явах, түүнд нь үндэслээд цаашдаа зээл авах эрхийг нь олгох боломжийг энэ үйлчилгээ нээж өгнө. Хүн болгонд л үйлчилгээгээ хүргэж, аль болох хүртээмжтэй санхүүгийн үйлчилгээг бий болгохоор зорьж байгаагийн нэг илрэл нь “Лэнд хэтэвч”.

-Өмнө нь “ЛэндМН” аппликэшнийг татаж авсан ч зээл авах боломжгүй гэсэн хариу авсан иргэд санхүүгийн сахилга батаа сайжруулснаар танай үйлчилгээг авах боломж хэзээ бүрдэх вэ?

-Яг энэ боломжийг “Лэнд хэтэвч” олгох юм. Тухайн иргэн нэг удаагийн тохиолдлоос болоод Монголбанкны Зээлийн мэдээллийн санд хар түүхтэй болсон байж болох ч тэр хүний орлогын эх үүсвэр өөрчлөгдаж, сайжирч болно. Тиймээс тэрхүү бүртгэгдсэн 200 гаруй мянган хэрэглэгч маань “Лэнд хэтэвч”-ийг ашигласнаар тодорхой хэмжээний зээлийн эрхүүдийг үүсгээд, нэмэгдүүлэх боломжтой байгаа. Мэдээж зээлийн хэмжээг тогтоохдоо харилцагчийн санхүүгийн чадавхад суурилна гэдгийг хэлэх хэрэгтэй. Цаашлаад "Лэнд хэтэвч" хэрэглээнд нэвтэрснээр иргэдийн өдөр тутмын амьдралд санхүүгийн цоо шинэ соёлыг төлөвшүүлэх юм.

“ЛэндМН” цаашид өөр бусад боломж, шийдлийг төлөвлөж, судалж байна. Энэ үндсэн дээр харилцагчдадаа дараа дараагийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээгээр цаашид бэлэг барих болно. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.