Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/12-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улсын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг дэмжиж ажиллахаар болсноо Хятад улс мэдэгдлээ

ikon.mn
2018 оны 9 сарын 12
iKon.MN
Зураг зураг

- Владивосток хотоос сэтгүүлч Г.Номин мэдээлж байна -

Дорнын эдийн засгийн дөрөв дэх удаагийн чуулганд оролцохоор ОХУ-ын Владивосток хотноо хүрэлцэн ирээд байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй өнөөдөр уулзлаа. 

Уулзалтын эхэнд талууд өнгөрсөн зургаадугаар сард БНХАУ-ын Чиндао хотноо үр дүнтэй ажил хэрэгч хоёр талт уулзалт хийснээс хойш дахин уулзаж хамтын ажиллагаагаа эрчимтэй хөгжүүлэхэд чиглэсэн ажил хэрэгч яриа өрнүүлэх боломж гарсанд талархалтай байгаагаа цохон тэмдэглэв. 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээ байгуулах болон ОХУ-БНХАУ-ыг холбосон хийн хоолойг Монгол Улсаар дамжуулах, гурван улсын эдийн засгийн коридорын төслүүдийг эрэмбэлэх талаар хамтарч ажиллах, хөдөө аж ахуйн гаралтай нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн экспортлох зэрэг асуудлыг дэмжиж ажиллахыг хүслээ.  

Мөн Замын-Үүд-Алтанбулагийн хурдны зам байгуулах хамтарсан ажлын хэсэг байгуулах гэх мэт тодорхой саналууд тавьж ярилцлаа. 

 

БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг иж бүрэн утгаар шинэчилж, худалдааны эргэлтийг 2020 он гэхэд 10 тэрбум ам.долларт хүргэх, төмөр зам барих, боловсруулах үйлдвэрлэл хөгжүүлэх, бүс нутгийн энх тайван аюулгүй байдал гэх мэт олон чиглэлээр хамтран ажиллахдаа бэлэн байгаагаа хэллээ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэлсэн ажил хэрэгч саналуудыг хамтран хэрэгжүүлэхийн төлөө дэмжиж ажиллахаа илэрхийлсэн юм. 

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг 2019 оны эхний улиралд БНХАУ-д төрийн айлчлал хийж, Бүс ба зам санаачилгын дээд хэмжээний хоёр дахь удаагийн уулзалтад оролцохыг дахин урилаа. 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй өнгөрсөн зургаадугаар сард Чиндао хотноо уулзахдаа санал болгосон Монгол Улсаас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн тус улсад экспортлох саналыг хүлээн авч дэмжиж ажиллахаар болсон талаараа Хятад улсын тал мэдэгдлээ. 

Хоёр улсын төрийн тэргүүн ирэх онд тохиох Монгол Улс БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг бүтээлч, ажил хэрэгчээр тэмдэглэх болон хоёр улсын хил орчмын бүс нутгийн хамтын ажиллагааг эдийн засгийн харилцан ашигтай хөгжүүлэх чиглэлээр мөн санал солилцсон юм.