Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/27-НД НИЙТЛЭГДСЭН

Хоёр айл ус зайлуулах сувгийн голдрилыг хааж хашаа барьснаас айлууд үерт өртөх нөхцөл үүсжээ

Сүхбаатар дүүрэг
2018 оны 7 сарын 27
Сүхбаатар дүүрэг
Зураг зураг

Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа, дүүргийн Онцгой комиссын Үер ус, цаг агаарын аюулт үзэгдлийн үед ажиллах шуурхай Ажлын хэсэгтэй хамт 20, 18, 9 дүгээр хороонд ажиллалаа. 

Энэ сарын 20-23-ны өдрүүдэд орсон усархаг борооны үеэр дээрх хороодын зарим айлууд үерт өртсөн юм. Хороодын нөхцөл байдалтай газар дээр нь танилцахад, дүүргийн 20 хорооны Хадатын 6-р гудамжийн хоёр айл автозамын доорх үерийн ус зайлуулах хоолойг дагасан сувгийн голдрилыг хааж бетонон хашаа барьснаас болж энэ орчмын айлууд үерт өртөх нөхцөл үүсжээ. Дээрх хоёр айл газар эзэмших эрхийн зөвшөөрөлгүй бөгөөд дүүргийн Газрын албанаас “мэдэгдэх хуудас” өгсөн хэдий ч хашаагаа татах талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй байна.

Харин 18 дугаар хороо, Бэлхийн 48, 49 дүгээр гудамжийн автозамын үерийн ус зайлуулах хоолой үргэлжлэн орсон борооны улмаас ус нэвтрэх хүчин чадлаа дийлэлгүй хальсан. Энд дүүрэг, хороо иргэдтэйгээ хамтран 630 гаруй метр ус зайлуулах сувгийн татаад байна. Дүүргийн 9 дүгээр хорооны Алтайн гудамжийн 30 гаруй айлын хашаа, гудамж усанд авсан байдалтай байв. Дүүргийн Онцгой комиссын Үер ус, цаг агаарын аюулт үзэгдлийн үед ажиллах шуурхай Ажлын хэсэг дуудлага өгсөн үед нь усанд автсан дөрвөн гудамж, айлуудын хашааг УСУГ болон дүүрэгтэй гэрээтэй байгууллагын 6, 20 тоннын машинаар нийтдээ 61 удаагийн зөөвөрлөлт хийж усыг соруулжээ. Гэвч хөрсний усны нэвчилт өнөөдрийг хүртэл татраагүй хэвээр байлаа. 

Дүүргийн Засаг дарга дээрх хороодод ажиллах үеэрээ холбогдох албаныханд дараах үүрэг, чиглэлийг өгөв.

Газрын албанаас үерийн далан, суваг, ус зайлуулах хоолой, уулын ус урсах голдрилыг хааж буусан айлуудын судалгааг гарган дээрх иргэдтэй уулзалт зохион байгуулах, 18 дугаар хорооны 48, 49-р гудамжинд үерийн усны нэвтрэх чадварыг нэмэгдүүлэхэд шаардлагатай хөрөнгийг 2019 оны нийслэлийн төсөвт тусгах саналыг хүргүүлэх, үерт өртсөн гудамж, айлын хашааг ариутгаж, халдварт өвчин гарахаас урьдчилан сэргийлж ажиллах, цаашид бороо орох мэдээтэй байгаа тул 9, 11-20 хороод иргэдтэйгээ хамтран урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллахыг тус тус даалгалаа.