Манай нарын аймгийн нэг гараг болох Тэнгэрийн вангийн өвөрмөц цаг уур, тэнхлэгийн хазайлт нь асар том биеттэй мөргөлдсөний үр дүн гэж эрдэмтэд дүгнэжээ.
Тэнгэрийн ван гарагийн хажуугаараа эргэдэг тэнхлэг удаан хугацаанд судлаачдын хувьд оньсого байсан юм. Уг гарагийн эргэлтийн тэнхлэг нь нарны аймгийн бусад гарагуудынхаас сондгой, бараг 90 хэмийн зөрүүтэй байдаг.
Мөн гадаргын температур нь маш хүйтэн юм.
Тэгвэл супер компьютер дээр олон хувилбартай загварчлал хийж үзсэний дараа эрдэмтэд Тэнгэрийн ван гарагийг эрт үед асар том биеттэй мөргөлдсөн гэж дүгнэжээ.
Тодруулбал манай дэлхийн массаас хоёр дахин их масстай эртний гараг Тэнгэрийн ван гарагийг хальт мөргөж, ойгоод нарны аймгаас гарч явсан байна. Үүний үр дүнд Тэнгэрийн вангийн тэнхлэг огцом өөрчлөгдөж, мөргөлтөөс үүссэн хэлтэрхийнүүд тус гарагийн гадарга дээр бүрхүүл үүсгэсэн нь цөмөөс ирэх дулааныг хааж, өнөөдрийнх шиг хөлдүү гараг болгожээ.
Уг үйл явдал 4 тэрбум жил орчмын өмнө болсон гэж тооцоолсон байна. Тэнгэрийн ванг мөргөсөн эртний гараг нь хад чулуурхаг бүтэцтэй, мөн мөсөөр хучигдсан байсан бололтой.
Судалгааг Британий Дурхэмын их сургуулийн Тооцооллын Сансар Судлалын хүрээлэнд гүйцэтгэжээ.
Энэхүү судалгаанд ашигласан компьютер загварчлалын аргыг цаашид нарны аймгийн гадна орших гарагуудын түүхийг судлахад ашиглаж болох ач холбогдолтой гэнэ.
Эх сурвалж: Independent
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!