Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/07-НД НИЙТЛЭГДСЭН

Мэдээлэл зүйн улсын олимпиадад “Сант” сургуулийн сурагч А.Нямдаваа түрүүллээ

Б.УЧРАЛ, iKon.mn
2018 оны 5 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зохион байгуулагдсан Мэдээлэл зүйн улсын олимпиадын аваргууд тодорлоо.

Мэдээллийн технологийн өндөр хөгжлийн эрин зуунд зурагчид програмын хэл эзэмшиж, зохион байгуулагчдын зүгээс боловсруулсан даалгаврыг амжилттай биелүүлсэн нь энэ удаагийн олимпиадын гол онцлог юм.

Энэ удаагийн олимпиадад 9-12 дугаар ангийн сурагчид нэг ангилалд өрсөлдлөө.

1 дүгээр байрт, “Сант” сургуулийн 9-р ангийн сурагч А.Нямдаваа,
2 дугаар байрт, 1 сургуулийн 10-р ангийн сурагч Б.Батмэнд, “Орчлон” сургуулийн 12-р ангийн сурагч О.Тэнүүн,
3 дугаар байрт, Өмнөговь аймгийн 12-р ангийн сурагч Л.Төгсгэрэл, 11 дүгээр сургуулийн 12-р ангийн сурагч Б.Хүлэгү, Б.Мөнхтэнгэр нар орлоо.

Шагнал гардуулах ёслолын дараа амжилт гаргасан сурагчдын сэтгэгдлийг сонссоноо хүргэе.

“Сант” сургуулийн сурагчид 7 дугаар ангиасаа мэдээллийн технологийн хичээл үздэг

 
А.Нямдаваа “Сант” сургуулийн 9 дүгээр ангийн сурагч

Алтан медаль хүртсэн А.Нямдаваа нь “Сант” сургуулийн 9 дүгээр ангид сурагч бөгөөд тус сургууль мэдээллийн технологийн хичээлийг 7 дугаар ангиасаа үзэх боломжийг сурагчиддаа олгодог байна.

Тэрбээр “Олимпиадад орж түрүүлсэндээ маш их баяртай байгаа. Бэлтгэсэн багшдаа баярлалаа.

Програмын чиглэлийн мэргэжил эзэмшвэл эрэлт ихтэй гэж бодож байна. Тиймээс програм хангамжийн чиглэлээр гадаадад суралцах зорилго тавьсан” гэв.

C++ хэлийг эзэмшиж олимпиадад оролцлоо”

Харин мөнгөн медаль хүртсэн 1 дүгээр сургуулийн сурагч Б.Батмэнд “Програмын хамгийн нийтлэг C++ хэлийг эзэмшиж олимпиадад оролцлоо. Програм бичихдээ сонирхолтой болохоор програмист мэргэжлээр сурна гэж бодож байгаа.

Энэ зуун бол мэдээллийн технологийн зуун. Тиймээс хамгийн чухал мэдлэг эзэмшиж байгаадаа баяртай байгаа” гэсэн юм. Тэрбээр математикийн улсын олимпиадад хоёр удаа түрүүлж байжээ.

 
I сургуулийн сурагч Б.Батмэнд

Хүрэл медаль хүртсэн 11 дүгээр сургуулийн сурагч Б.Мөнхтэнгэр “Ахлах ангиасаа мэдээлэл зүйн хичээлийг гүнзгийрүүлж үзэж эхэлсэн. Програмист ирээдүйд эрэлттэй мэргэжил учраас цаашид суралцана гэж бодож байна. Олимпиад өрсөлдөөнтэй боллоо. Медаль хүртсэндээ баяртай байна” гэв.

 
XI сургуулийн сурагч Б.Мөнхтэнгэр

“Шилдэг 4 сурагч олон улсын олимпиадад улсаа төлөөлж оролцоно”

Олимпиадыг зохион байгуулагч Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Мэдээлэл зүйн тэнхимийн эрхлэгч, доктор, профессор Д.Цэдэвсүрэн

“Энэ удаагийн олимпиадад аймаг, дүүрэг, нийслэлээс шигшигдсэн шилдэг сурагчид өрсөлдлөө.

Бид эхний 10 байрт орсон сурагчдаас дахин сорил авч Япон улсын Цукуба их сургуульд 2018 оны есдүгээр сард зохион байгуулагдах олон улсын мэдээлэл зүйн олимпиадад Монгол Улсаа төлөөлж оролцох дөрвөн сурагчийг сонгоно.

Сурагчид олимпиаддаа амжилттай оролцлоо. Тэдний дундаас ирээдүйн шилдэг инженерүүд гарна гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.