Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/12-НД НИЙТЛЭГДСЭН

iPhone-ий үйлдвэрлэгч AI, Big Data руу шилжихээ зарлав

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 2 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Apple компанийн iPhone гар утсыг захиалгаар үйлдвэрлэдгээрээ алдаршсан Тайваний Hon Hai Precision Industry Co (Foxconn) компанийн ерөнхийлөгч Тэрри Гоу ойрын жилүүдэд хиймэл оюун (AI), биг дата технологид суурилсан байгууллага болж хувирах төлөвлөгөөгөө өчигдөр зарлажээ.

Энэхүү шинэ бизнест шилжих үйл явц 2020 он хүртэл үргэлжилнэ гэж тэр Тайпэйд болсон ажилтнуудынхаа жил тутмын хурал дээр мэдэгдсэн байна. Тус компани Хятадын хөрөнгийн зах зээлд IPO (Initial Public Offering) хийж, 27.3 тэрбум юаний ($4.3 тэрбум) хөрөнгө босгон шинэ бизнестээ зориулах гэнэ.

IPO бичиг баримтад өгүүлснээр хөрөнгө оруулалт хийх салбаруудаа cloud computing, IoT, AI, тав дахь үеийн утасгүй холбоо гэж тодорхойлжээ. Тайваний үзэсгэлэнгийн танхимд цугларсан 10,000 гаруй хүний өмнө хэлэхдээ Гуо “Интернэтэд суурилсан эдийн засгийн нөлөөгөөр дэлхий ертөнц улам хурдан эргэх болсон тул ирэх гурван жилд бидэнд хийх ажил их байна. Өмнөх амжилтын дүрэм маань одоо үйлчлэхгүй болсон. Бид урагш зүтгэхгүй л бол зах зээлээс арчигдана” гэсэн байна.

Гуо болон түүний компани АНУ, Хятадын хоёр том зах зээлийн дунд тэнцвэртэй ажиллаж байгаа. Hon Hai компанийн эх газрын Хятад дахь үйлдвэрлэл амжилттай өргөжиж, Гуо эрх баригчидтай тун сайн хэл амаа ололцож байна.

Үүний хажуугаар тэр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай өнгөрсөн онд уулзаж, Уисконсинд $10 тэрбумын дэлгэцний үйлдвэр байгуулахаар тохирсон юм. Долдугаар сард тэр Уисконсин мужийн захирагчтай үйлдвэр байгуулах 1,000 га газрыг хөнгөлөлттэй үнээр авах санамж бичигт гарын үсэг зурсан байна.

Ажилчдын хурал дээрээ Гуо “Өнгөрсөн онд бид компаниа дараагийн түвшинд хувиргах бэлтгэлийг базаалаа. Ирэх гурван жилд, 2018-2020 онд бид компаниа интернэтийн үйлдвэрлэл, биг дата, хиймэл оюун, платформ эдийн засагт шилжүүлнэ” гэж зарлажээ.

2016 онд түүний компани дампуурлын ирмэгт тулаад байсан Японы Sharp компанийн хяналтын хувийг худалдан авч, 100 жилийн түүхтэй брэндийг дахин сэргээхээ амласан юм. Одоо тус компанийн үйлдвэрт 8k дүрслэлтэй телевиз, дэлгэцийн технологийг нэвтрүүлэн өргөтгөж байна.

Ийм өндөр чанартай дэлгэцэнд таарсан сайн контент үгүйлэгдэж байгаа. Тэгвэл Гуо АНУ-ын өндөр чанартай дүрсний камер үйлдвэрлэгч Red Digital Cinema компанитай хамтарсан компани байгуулах талаар хэлэлцэж байгаагаа дуулгасан юм.

Тэр бас саяхан Тайваний Хуален хотод болсон газар хөдлөлтийн гамшигт мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдээд мөн газар хөдлөлтийг урьдчилж мэдрэх технологийг хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа ярьсан байна.

 

Эх сурвалж: Bloomberg