Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/09-НД НИЙТЛЭГДСЭН

iPhone-ы эх код алдагджээ

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 2 сарын 9
iKon.MN
Зураг зураг

iPhone, iPad төхөөрөмжүүдийн үйлдлийн системийн хуучин хувилбарын эх кодыг өнгөрсөн шөнө GitHub сайтад байршуулжээ.

Энэ нь 2015 онд зах зээлд гарч байсан iOS 9 хувилбарын код байв. Хэдийгээр хуучин хувилбар алдагдсан боловч iPhone утас анх асахдаа өөрийн iOS системийг баталгаатай эсэхийг шалгадаг код дэлгэгдсэн нь байдлыг ноцтой болгож байна.

Хэдийгээр сүүлийн гурван жилд эх кодонд нэлээд өөрчлөлт орсон ч төхөөрөмж системээ шинээр ачаалахад ажилладаг энэ хэсэг хэвээр байх өндөр магадлалтай юм.

Мэргэжилтнүүд алдагдсан эх кодыг жинхэнэ хувилбар гэж үзэж байна. Хэрвээ тийм бол мэдээллийн аюулгүй байдалд ноцтой асуудал үүсч байгаа юм. Нэг талаар үүнийг ашиглан хакерууд iPhone утас руу нэвтрэх боломжтой болох бол нөгөө талаар судлаачдад шинэ боломжуудыг хайхад сайхан материал болно.

Эх код задарсны дараа Apple компани GitHub сайтад хандаж, устгуулсан байна. Гэхдээ хуулбар нь онлайн ертөнцөд хэдийнээ тарж амжжээ.

Apple компани “Гурван жилийн өмнөх хуучин эх код алдагдсан байх магадлалтай байна. Гэхдээ манай бүтээгдэхүүний дотоод бүтэц дизайн зөвхөн эх кодоос бүрэн хамааралтай биш юм. Төхөөрөмжийн болон програмын түвшинд олон давхар хамгаалалтыг бид бүтээгдэхүүндээ нэвтрүүлсэн байдаг” гэж мэдэгджээ.

Энгийн хэрэглэгчдийн хувьд эх код алдагдсан нь төдийлөн аюултай зүйл биш. Хакерууд үүнийг ашиглаж чадлаа ч тухайн нэг хүний iPhone утсыг заавал гартаа оруулж байж л нэвтрэх боломжтой юм.

 

Эх сурвалж: Quartz