Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/30-НД НИЙТЛЭГДСЭН

Стив Возняк: Би Илон Маск болон Теслагийн хэлсэн ямар ч үгэнд дахиж итгэхгүй

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 1 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Apple компанийг үндэслэгчдийн нэг, домогт инженер Стив Возняк саяхан Тесла компани, түүний үүсгэн байгуулагч Илон Маскийн талаар таагүй үг хэлжээ.

Тэр Шведийн нийслэл Стокгольм хотод болсон Nordic Business Forum-д оролцож, технологийн хөгжлийн талаар ярьсан юм. Возняк анхнаасаа цахилгаан автомашин үйлдвэрлэгч Теслагийн үнэнч дэмжигч байжээ.

Гэвч хэдэн жилийн турш Илон Маскийн худлаа амлалтад хууртсан тэр одоо итгэл найдвараа алдсан тухай ярьсан байна.

Возняк Тесла компанийг автомат жолоодлогийн технологио “хэтрүүлэн сурталчилдаг”, гаргасан алдааныхаа хариуцлагаас бултахын тулд “хямд” арга заль хэрэглэдэг гэж буруутгасан байна.

Анх Тесла компани өөрийн машиныг 2016 оны эцсээр жолоочгүйгээр явж чаддаг болно гэж сурталчлахад Возняк худалдан авсан гэнэ. Гэвч энэ амлалт нь хэд хэдэн удаа хойшилсоор 2017 оны сүүлчээр хэрэгжүүлэх сүүлийн амлалт нь дахин хойшилж, 2018 оны эхээр болж хувирсан байна. Ингээд залхсан Возняк “Би удаан хугацаанд итгэж байсан. Харин одоо Илон Маск болон Теслагийн хэлсэн ямар ч үгэнд би дахиж итгэхгүй” хэмээн хэлэхэд танхимд суусан хүмүүс нижигнэтэл алга ташжээ.

Тэр бас Илон Маскийг талийгаач Стив Жобстой адил сайн борлуулагч байж болох ч амлалтандаа хүрдэггүйгээрээ ялгаатай гэсэн байна.

Алдаа гарах бүрт “энэ бол туршилтын үе шат” гэж тайлбарлаж, хөнгөхөн бултдаг Теслагийн автомат жолоодлогын технологи үнэндээ Audi, BMW зэрэг компаниудын хөгжүүлж байгаагаас хоцорч байгааг ч Возняк хэлсэн юм.

Өнөөдөр тэр өдөр тутмын хэрэглээндээ Chevy Bolt цахилгаан хөдөлгүүртэй машин унадаг бол алсын замд Теслагийн Model S загварыг жолооддог нь цэнэглэх станц түгээмэл байдагтай холбоотой гэнэ.

Өөр бас нэг сонирхолтой түүх ярьсан нь Теслагийн анхны автомашиныг захиалсан тухай байв. Тэрээр 2004 онд Теслагийн анхны загварыг захиалагчдын топ жагсаалтад багтаж байсан ч машинаа авч чадалгүй 6 сар хүлээсэн байна.

Ингээд цөхөрсөн Возняк захиалгаа цуцалж, оронд нь Мерседес авч байжээ. Харин захиалга цуцалсных нь дараа Илон Маск түүнд “чи бол жинхэнэ Цахиурын хөндийн залуу биш” гэсэн хатуу үгтэй имэйл илгээж байсныг Apple-ийн анхдагч дэлгэсэн байна.

 

Эх сурвалж: Tech Insider