Болгарын соёл урлагийн томоохон төв Русе хотын Дуурийн улсын театрт найруулан тавьсан Жакамо Пуччинийн “Турандот” дуурийн Турандотын дүрд Софийн Дуурийн театрийн гоцлол дуучин Д.Баясгалан болон Итали, Болгарын дуурийн шилдэг дуучид оролцон тоглосныг тус муж, хотын удирдлага, үзэгчид өндрөөр үнэлжээ.
Энэ нь Русе мужид Монгол орныг таниулан сурталчлах, орон нутгийн соёл урлагийн байгууллагын харилцааг хөгжүүлэхэд ач холбогдолтой болов.
Элчин сайд Д.Батсайхан мөн өдөр Русе мужид ажиллаж, тус мужийн дарга Г.Григоров, Русе хотын Засаг дарга П.Стоилов болон Русегийн их сургуулийн ректор В.Пенчева нартай уулзлаа.
Орон нутгийн шууд хамтын ажиллагааг хөгжүүлэх, Баянхонгор аймаг, Русе мужийн хооронд харилцаа тогтоох, хамтран ажиллах Санамж бичиг байгуулах болон их дээд сургуулиудын хооронд оюутан, багш харилцан солилцох талаар ярилцав.
Тэрбээр Русегийн Дуурийн улсын театр, “Медика” байгууллагын урилгаар үйл ажиллагаатай нь танилцсан юм.
Эх сурвалж: ГХЯ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!