Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/08-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Баттулга: Япон улсын “Зүрх хамгаалах төсөл”-ийг дэмжиж ажиллана

С.Бадрал, iKon.mn
2017 оны 11 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Япон Улсын “Зүрх хамгаалах төсөл” ТББ-ын төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад “Зүрх хамгаалах төсөл” ТББ-ын гүйцэтгэх захирал, ТУЗ-ийн гишүүн Үсами Хироюки, төслийн зохион байгуулагч Б.Алтантуяа, “Монгол дахь зүрх хамгаалах төсөл” сайн дурын байгууллагын тэргүүн Б.Ариунтуяа, төслийн ажилтан Б.Бадрал нар оролцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уулзалтын үеэр “Япон Улсын “Зүрх хамгаалах төсөл” нь 2001 оноос Монголд үйл ажиллагаа явуулж, үүний үр дүнд олон хүүхдийн амь насыг аварсан. Монголд зуун хүүхэд тутмын нэг нь зүрхний гажигтай гэсэн судалгаа бий. Утаа, агаар, орчны бохирдлоос болж энэ тоо нэмэгдэх хандлагатай байгаа. Ашгийн төлөө бус, хүүхдийн эрүүл мэндийн төлөө төсөл тул би УИХ-ын гишүүн байх үеэсээ олон жил хамтран ажилласан. Цаашдаа ч дэмжиж ажиллана” гэлээ.

“Зүрх хамгаалах төсөл” ТББ-ын гүйцэтгэх захирал Үсами Хироюки “Монгол Улсын 21 аймгийг тойрч дуусгасан. Энэ 2017 онд Хөвсгөл, Ховд аймагт ажилласан” гээд дараагийн удаа өмнө явсан аймгуудаараа давтан явж хүүхэд багачуудад эмнэлгийн тусламж үзүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

“Зүрх хамгаалах төсөл” ТББ-ын багийн эмч, сувилагч нар 2001 оноос эхлэн Монгол Улсын 21 аймгаар тойрч ажиллан 6,000 орчим хүүхдийг зүрхний эмгэг судлалын оношлогоонд хамруулж, 560 гаруй хүүхдэд үнэ төлбөргүй хагалгаа хийж амь насыг нь аварчээ.

Үүнээс гадна гал унтраах болон түргэн тусламжийн машинуудыг Монгол Улсад хандивлаж байжээ.