Өмнөд Солонгост суурилуулж байгаа Америкийн пуужингаас хамгаалах систем THAAD ажиллаж эхэлсэн тухай АНУ-ын зэвсэгт хүчний төлөөлөгч өнөөдөр мэдээлжээ.
Хойд Солонгосын пуужингийн цохилтоос Сөүл хотыг хамгаалах зорилготой гэгдэж байгаа системийг энэ оны сүүлээр ажиллагаанд оруулна гэсэн төлөвлөгөөтэй байсан ч нөхцөл байдлын улмаас ийнхүү түргэвчлэн суурилуулсан байна.
Ирэх долоо хоногт Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байгаа нь ч үүнд нөлөөлсөн байх магадлалтай. Учир нь ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байгаа зарим нэр дэвшигчид THAAD системийн талаар өөр байр суурьтай байгаа юм.
Америкийн зэвсгийн үйлдвэрлэлийн Lockheed Martin компанийн бүтээгдэхүүн болох THAAD (Terminal High Altitude Area Defense) систем нь $1 тэрбумын өртөгтэй бөгөөд энэ зардлыг аль тал нь гаргах талаар саяхан маргаан гараад амжсан. Эцэстээ Америкийн засгийн газар зардлыг хариуцах хэвээр байгааг талууд баталсан байна.
THAAD-ийн суурилуулалтыг Хятадын засгийн газар хүчтэй эсэргүүцэж, Өмнөд Солонгост эдийн засгийн шахалт үзүүлсээр байгаа юм.
Пуужингийн системийн радар нь Хятадын зүүн хойд хэсгийг хамрах чадалтай тул Бээжин өөрийн үндэсний аюулгүй байдалд хор хүргэнэ гэж болгоомжилж байгаа ажээ.
Эх сурвалж: Time.Com
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!