Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/13-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Ганхуяг: "ЭТТ" 2011 оноос хойш НОЦТОЙГООР хууль зөрчиж ирсэн

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2017 оны 2 сарын 13
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын тогтоол, шийдвэрийн дагуу Монгол Улсын иргэн бүр "Эрдэнэс Таван толгой" ХК-ийн хувьцаа эзэмшигч болсон. Энэ нь нийт хувьцааны 20 хувь юм.

"Эрдэнэс Таван Толгой" ХК-ийг тойрсон асуудлын талаар эдийн засагч Ч.Ганхуяг, хуульч Б.Баяр, уул уурхайн эксперт Л.Наранбаатар нар "Туушийн" зочид буудалд мэдээлэл хийлээ. 

УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэх явцад Засгийн Газар болон толгой компани болох "Эрдэнэс Монгол" ХХК-ийн зүгээс авч хэрэгжүүлж ирсэн алхамууд нь жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг ноцтой зөрчиж иржээ. Энэ талаарх талуудын байр суурийг хүргэе.

Л.Наранбаатар: Бид "Эрдэнэс Таван Толгой" ХК-ийг зөв менежмент рүү нь шахах ёстой
 
Гэрэл зургийг mpa.mn

Эдийн засагч, уул уурхайн эксперт Л.Наранбаатар “Уул уурхайн ашиглалтын нөөц гэдэг үнэ өртөг, уул геологийн нөхцөл гээд маш олон хүчин зүйлээс хамаарна.

Үүнийг ил уурхайн оновчлолын тооцоог хийсний үндсэн дээр хэдэн жилийн хугацаанд, хэдэн сая тонн нүүрсийг үр ашигтайгаар олборлож болох вэ гэдэг тооцоогоор хийнэ.

Тэгэхээр "Эрдэнэс Таван Толгой" ХК-ийн менежмент яг одоогийнх шигээ цаашид үргэлжлээд явах юм бол найман жилийн дараа хаах тухай асуудал яригдана.

Нөгөөтэйгүүр төмөр зам, цахилгаан станцаа бариад, уурхайн тоног төхөөрөмжөө цахилгаанжуулж, нүүрсээ баяжуулан өндөр үнээр зарах юм бол зөвхөн баруун, зүүн цанхиас нь 1.4 тэрбум тонн нүүрсийг эдийн засгийн үр ашигтай олборлож болно. Энэ тохиолдолд 68 жилийн нөөцийг ярьж болж байна.

Тэгэхээр өнөөдөр бид энэхүү зөв менежмент рүү нь шахах ёстой. Учир нь одоо байгаа менежмент нь иргэдэд 1,072 хувьцаа эзэмшүүлсэн нэртэйгээр зургаан жилийн хойно өр хүлээлгэхээр болчихоод байна.

2011 оноос хойш нийт 24.2 сая тонн сайн чанарын нүүрсийг гаргаж зарсан байна. Нийтдээ 453 тэрбум төгрөгийн хуримтлагдсан алдагдал бий болгож. Нийт өр төлбөр нь 822 тэрбум.

Алдагдалтай ажиллаад байгаа учраас алдагдлыг нь нөхөхийн тулд ямар арга хэмжээ авсныг судалж үзэхэд Хөгжлийн банкны зээлээр энэ бүх алдагдлыг санхүүжүүлж иржээ.

Нийт өрийн 71 хувь нь Хөгжлийн банкнаас олгосон Чингис бондоос босгосон мөнгө байна. Гэтэл бидний яриад байгаа Чалкогийн өр нь нийт өрийн зөвхөн 1/8 нь л байгаа юм.

Бид судлаачийн хувьд болоод 1,072 ширхэг хувьцааг эзэмшиж байгаа иргэний хувьд эрх ашиг зөрчигдөж байгаа учраас энэхүү судалгааг олон нийтэд ил болгож байна.

Цаашид бид эрх нь зөрчигдөж байгаа олон иргэдийн өмнөөс зөв менежменттэй үйл ажиллагаа явуулахыг шаардах болно” хэмээн тайлбарлалаа.

Хэрэгжүүлж ирсэн алхамууд нь,

  • 1,072 ширхэг хувьцааны эзэн болсон Монгол Улсын иргэд нь хуулиар олгогдсон хувьцаа эзэмшигчийн эрхийг эдэлж, тухайлбал мэдээлэл авах, хуралд оролцох, санал өгөх, хүсвэл хувьцаа буюу өөрийн хувийн өмч хөрөнгөө чөлөөтэй захиран зарцуулах эрхээ өнөөг хүртэл хэрэгжүүлж чадаагүй.
  • Компани нь их хэмжээний хэлцэл хийх, тендер зарлах, урьдчилгаа авах, зээл, өр төлбөр үүсгэхдээ хувьцаа эзэмшигчдийн эрхийг ноцтой зөрчиж, Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийг мөрдөөгүй.
  • Иргэн бүрт хуваарилсан нэг ширхэг "Эрдэнэс Монгол" компанийн алтан хувьцааны эрхийг өнөөг хүртэл баталгаажуулаагүй.
  • Стратегийн ордын 10 хувийг Монголын хөрөнгийн биржээр олон нийтэд нээлттэй арилжаална гэх хуулийн заалтыг хэрэгжүүлээгүй.
  • Компанийн санхүү эдийн засгийн үзүүлэлт, тайлан балансыг олон нийтэд нээлттэй мэдээллэх үүргээ хэрэгжүүлдэггүй. Компанийн үйл ажиллагаа нуугдмал байдалд явагдаж ирсэн зэргээр эзэмшигчдийн эрх ашгийг ноцтой зөрчиж иржээ.
Ч.Ганхуяг: 2011 онд 1 сая төгрөг байсан хувьцаа өнөөдөр 1 сая төгрөгийн үнэтэй юу?
 
Гэрэл зургийг mpa.mn

Эдийн засагч Ч.Ганхуяг “Компанийн засаглалтай холбоотой өмчийн харилцааны асуудал үүсээд байна.

Монгол Улсын иргэн бүр хувьцаа эзэмшигч нь болчихсон байгаа компанийн үйл ажиллагаа, нөгөө талаар хувьцаа эзэмшиж байгаа компанийн удирдлагууд хувьцаа эзэмшигчдийн хуралд иргэдийг оролцуулахгүй байх, мэдээлэл өгөхгүй байх зэргээр хуулиар өгөгдсөн байгаа эрхийг нь зөрчиж, Засгийн газрын тогтоолоор 2011 оноос хойш ноцтойгоор хууль зөрчиж ирсэн.

Бидний хувьцаа эзэмшиж байгаа байгууллага алдагдалтай ажиллаж, тэрхүү алдагдлаа ард түмэн, татвар төлөгчид, жижиг хувьцаа эзэмшигчид, төрд үүрүүлж байна. Үүнийг бид өнөөдрөөр таслан зогсоох ёстой.  

Үүнээс гадна хэд хэдэн асуудал үүсч байна. 2011 онд сая төгрөг байсан хувьцаа өнөөдөр сая төгрөгийн үнэтэй юу? Тийм бол тухайн үеийн сая төгрөгийг эдийн засгийн агуулгаар нь авч үзээд өнөөдрийн сая төгрөгөөр сольж болох уу? гэдэг асуудал үүсч байна.

Улс төрчдийн харалган буруу шийдвэрээс болоод зургаан жилийн дараа бид ямар их хохирол амсахаар байна.

Нөгөө талаас зургаан жилийн дотор хувьцаа эзэмшигч болоод хувьцаагаа ч авч чадалгүй, мөнгөө ч авч чадалгүй бурхан болсон хүмүүсийг яах вэ?

Энэ хүмүүсийн асуудлыг яаж шийдэх ёстой вэ? Тэдний шилжүүлэх, худалдах, захиран зарцуулах эрхийг боогдуулж байна гэх мэтчилэн эдийн засгийн талаас нь авч үзвэл маш олон асуудлууд урган гарч ирж байна” гэв.

Албаныхны мэдээлж байгаагаар,

  1. "Эрдэнэс Таван толгой" ХК нь 100 төгрөгийн орлого олохын тулд 136 төгрөгийн зарлага гарган ажиллаж ирсэн
  2. 2011 оноос хойш нийт 24.2 сая тонн сайн чанарын коксжих нүүрсийг сорчилж олборлон экспортолсон ч хуримтлагдсан алдагдал нь 453 тэрбум төгрөг
  3. Өр төлбөр нь 822 тэрбум төгрөгт хүрсэн. Олны дунд яригддаг Чалкогийн өр үүнд 8 хуваасны 1 л болно.
  4. Харьцуулахад "Эрдэнэс Таван толгой" ХК нь орон нутгийн өмчтэй жижиг гэх тодотголтой ТТ-йн олборлолтын зардалтай харьцуулбал 51.3 хувь, Энержи Ресурстай харьцуулбал 106 хувиар өндөр олборлолтын зардалтай ажиллаж байна.

Иймээс нийт хувьцаа эзэмшигчдийн өмнөөс "Эрдэнэс Таван Толгой" ХК-йн удирдлага болон том хувьцаа эзэмшигч болох Монгол Улсын Засгийн Газарт хандаж дээрх зөрчил дутагдлыг арилгаж, компанийн хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хангах арга хэмжээ авахыг шаардаж байгаагаа илэрхийллээ.

Энэ асуудлаар төрийн холбогдох байгууллагуудад албан ёсоор хандахаа мэдэгдсэн бөгөөд энэхүү үйл ажиллагааг дэмжиж байгаа хувьцаа эзэмшигч, иргэн болон аж ахуйн нэгжийг ard.mn сайтаар орж цахимаар бүртгүүлэхийг уриалж байна.