Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/24-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: “Рэкет” уран сайхны киноны нээлт боллоо

СУРТАЛЧИЛГАА
2016 оны 11 сарын 24
Сурталчилгаа
Зураг зураг

“Бондоолой фильм”, “Оранж энтертаймент”-ийн хамтын бүтээл инээдэм, адал явдлын “Рэкет” уран сайхны кино Гэгээнтэн кино театрт нээлтээ хийлээ.

"Доргио долоон эр", "Single Ladies" зэрэг кино бүтээлээрээ олонд танигдсан найруулагч, зураглаач Ц.Золжаргал уг киноны зохиолыг бичиж, найруулсан бол продюссераар "Orange entertainment"-ын гүйцэтгэх захирал, киноны продюсер Б.Тайшир ажилласан байна.

Гол дүрд залуу жүжигчин Б.Мишээл, Э.Урангоо,  Т.Бадамжав, О.Цэнгэл, Ц.Аззаяа нар тоглосон бөгөөд таван өөр зан араншин, дүр төрхтэй найзуудын дүрийг гаргаж, санамсаргүй, саваагүй адал явдлыг хэрхэн туулж, хүн рэкетэлж байгааг харуулжээ.

Түүнчлэн, туслах дүрүүдэд МУАЖ Ж.Лхамхүү, “A-Capella” хамтлагийн дуучин, жүжигчин Ц.Мөнх-Од, “Авьяаслаг Монголчууд” шоуны алтан баззерийн эзэн Ц.Мөнхсайхан зэрэг уран бүтээлчид ажилласан байна.

"Bondooloi film"-ийн захирал, найруулагч Ц.Золжаргал:

 

"Киноныхоо зохиолыг нэлээн сайн бодож, боловсруулж байж гаргасан. "Рэкет" гэдэг нэр нь ч гэсэн өвөрмөц. Маш сайн баг хамт олонтой ажиллалаа. Нийтдээ  60 гаруй хүн энэ кинонд оролцсон. Хамт ажилласан бүх уран бүтээлчдэдээ баярлаж талархсанаа илэрхийлж байна" гэлээ.

"Orange entertainment"-ын гүйцэтгэх захирал, киноны продюсер Б.Тайшир:

 

"Рэкет" залууст зориулсан  инээдмийн, адал явдалт төрлийн кино юм. Бид 20 гаруй уран бүтээлч рүү хүсэлт илгээн кино төслүүд хүлээн авсан юм. Ингээд "Bondooloi film"-ийн найруулагч Ц.Золжаргалын төсөл болон түүний найруулгын хэв маяг их таалагдсан учраас энэ бүтээл дээр хамтарч ажиллахаар шийдсэн. Зохиолыг Ц.Золжаргал өөрөө бичсэн" гэлээ.

Хулангийн дүрд тоглосон жүжигчин Б.Мишээл:

 

"Хүүхэд маань нярай байгаа учраас одоохондоо уран бүтээлдээ тууштай ороогүй байна. Энэ киног жилийн өмнөөс хийхээр төлөвлөж байсан. Найруулагч маань намайг оюутан байхад анх энэ киноны саналыг тавьж байсан юм. Оюутан байсан учраас тоглож амжаагүй. Гэтэл зэрэгцээд кино маань ч хойшлогдсон.

Миний тоглож байсан олон киноны дүрүүдээс тэс өөр, эрс тэс, намайг эвдэж чадсан дүр. Таван бүсгүй тавуулаа маш өөр зан араншинтай, гаднах төрхөөрөө ч их өөр хүмүүс. Бусад найзуудтай нь харьцуулахад Хулангийн дүр жаахан зальжин, сэргэлэн, юмны ард хоцорчих гээд байдаг хүн. Бид энэ уран бүтээлд хамтарч тоглосноороо маш сайхан найзууд болсон" гэлээ.

Халиунаагийн дүрд тоглосон Э.Урангоо:

 

"Энэ миний гол дүрд нь тоглосон дөрөв дэх уран бүтээл болж байна. Мэдээж хэцүү юм байсан. Гэхдээ бусад  мэргэжлийн мундаг жүжигчдийнхээ ачаар олон зүйл сурч мэдлээ.  Хүмүүс намайг урт үсээ яасан юм бэ гэж асууж байсан. Би нэлээн эршүүд, найзуудаа манлайлсан, рок стильтэй Халиунаа гэдэг охины дүрд тоглосон.

Дүрээ гаргахын тулд рок дуу сонсох гэх мэтээр дүрээ гаргах олон аргыг хайж байсан. Найз нөхдийн нөхөрлөл, хэцүү үеийг хамтдаа туулж, жаргалтай үеийг ч хамт өнгөрүүлж байгаа нөхөрлөлийн үнэ цэнийг энэ киноноос илүү их ойлгох болов уу гэж бодож байна" гэлээ. Киноны постер анхаарал татаж байсан тул энэ талаар асуухад "Киноны постер бол продюсер Б.Тайшир, стилист Золоо хоёрын санаа байсан" гэлээ.

Тамираагийн дүрд тоглосон жүжигчин Т.Бадамжав:

 

"Энэ бол миний тоглосон анхны бүрэн хэмжээний кино юм. 2015 онд СУИС-ийг жүжигчний мэргэжлээр төгссөн. Би "Эмоц" продакшны залуу жүжигчин. Миний тоглосон Тамираагийн дүр бол эршүүд, бусад найзуудаа бодвол илүү хүн чанартай охин. Кинонд тоглохын тулд 10 кг нэмээд, үсээ тайруулсан. Кинонд тоглох саналаа аваад сарын дотор их эрчимтэй таргалсан даа. Таван эмэгтэй гол дүртэй кино Монголд урьд нь бүтээгдэж байгаагүй юм билээ" гэлээ.

ФОТО
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.