Солонгосын сүлжээ дэлгүүр E-Mart-ын Монгол дахь анхны салбарын урьдчилсан нээлт өнөөдөр боллоо.
Скай хайпермаркетын гүйцэтгэх захирал Б.Болор-Эрдэнэ хэлэхдээ "Бидний хувьд Монголын ард түмэнд хэрхэн шинэ, эрүүл хүнс, чанартай бүтээгдэхүүн, хямдхан үнийг санал болгох вэ гэж сүүлийн гурван жил судалгаа хийж ажилласан. Үүний үр дүнд өнөөдөр дэлхийн брэнд болох E-Mart сүлжээ дэлгүүрийг Монголдоо нутагшуулж, ийнхүү урьдчилсан нээлтээ хийж байгаад тун баяртай байна.
Цаашид төслийн хүрээнд том хэмжээний долоон дэлгүүр, 20 гаруй супермаркетыг нээхээр төлөвлөсөн.
Гэхдээ Монголын үндэсний компани гэдэг утгаараа хамгийн эрүүл, шинэ хүнсний бүтээгдэхүүнүүдийг үндэсний үйлдвэрлэгчүүдээс бараагаа авахыг зорьж ажилласан. Мөн мах бэлтгэлийн хамгийн орчин үеийн шинэ бэлтгэх төвийг долоо хоногийн өмнө ашиглалтад оруулсан. Ингэснээр Монгол үйлчлүүлэгчид маань манайд ирж, өглөө бүр шинэ сүү, ногоо, махыг худалдан авах боломжтой болсон гэсэн үг. Одоогийн байдлаар үндэсний 400 гаруй ханган нийлүүлэгч компанитай хамтран ажиллах гэрээ байгуулсан.
Үүнээс гадна өөрсдийн нийгмийн хариуцлагын хүрээнд Монголынхоо барааг Монголын E-Mart салбараар зарах төдийгүй, дэлхийн зах зээлд гаргах зорилгоор сарын өмнө МХАҮТ-тай хамтарч, "Монголын үндэсний үйлдвэрлэгчдийн экспо"-г зохион байгуулсан. Удахгүй Солонгосын 160 гаруй E-Mart-ын дэлгүүрээр Монгол бүтээгдэхүүн борлуулагдах сайхан мөч ойрхон байна гэдгийг хэлмээр байна.
Үүний үр ашгийг Монгол компани, Монгол үндэсний үйлдвэрлэгч, Монгол хүн хүртэх болно. Үүнтэй холбоотойгоор уриагаа "Монгол хүн 100 наслаг" гэсэн.
Манай салбарууд нь үргэлж үйлчлүүлэгч та бүхэнд хамгийн хямд үнэ, сайн чанарыг түгээх болно. Бид үүний төлөө ажиллана. Албан ёсны нээлт энэ сарын 28-нд 11:00 цагт болно" гэлээ.
Скай хайпермаркетын маркетинг, төлөвлөлтийн хэлтсийн дарга Т.Алтанхундага "Манай дэлгүүрийн нээлтэд "Яг түүн шиг" шоуны ялагч П.Баярцэнгэл, мөн МХО-ны дуучид, үндэсний урлагийн хамтлагууд оролцох болно.
Түүнчлэн нээлтийн бэлэг болгож 100 гаруй барааг хямдралтай үнээр зарж байна. Үүнээс гадна шинэ хэрэглэгчийн бүртгэл хийх, картын урамшуулал, бонус оноог бэлэглэх гэх мэт үйл ажиллагаанууд явагдах болно" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!