Бүгд Найрамдах Намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр өрсөлдөж байгаа Дональд Трамп хэдийгээр АНУ-д муслимуудыг нэвтрэхийг түр хугацаанд хориглохыг уриалж байсан ч Лондон хотын шинэ захирагчийг онцгойлон харж үзэх тухай өчигдөр Нью Йорк Таймс сонинд ярьжээ.
Түүний дэвшүүлсэн муслимуудыг хилээр нэвтрүүлэхийг хориглох санаачилга Садик Ханд үйлчлэх үгүйг сэтгүүлч асуухад Трамп “онцгой тохиолдол байж болно” гэсэн байна.
Парисийн халдлага, Калифорнийн Сан Бернардинод болсон террорист ажиллагааны дараа Трамп энэхүү санаагаа танилцуулж байсан юм. Трампын санааг хүний эрхийн зүтгэлтнүүд, өрсөлдөгчид нь эрс шүүмжилж, Америкийн үнэт зүйлийг үгүй хийх оролдлого гэж үзэж байв.
Садик Хан нь Лэйбор намын нэр дэвшигч бөгөөд Консерватив өрсөлдөгчдөө хол хаян Британий улс төрийн түүхэнд байгаагүй ялалт байгуулж өнгөрсөн Бямба гарагт тангараг өргөсөн юм.
45 настай Хан өрсөлдөгч Консерватив намынхны сонгуулийн тактикийг Дональд Трамп маягийн, арьс өнгө, гарал үүслийн ялгаагаар хүмүүсийг турхирсан аргатай хэмээн шүүмжилж байлаа.
Шинэ захирагч Нью Йорк, Чикаго хотуудад айлчлан тэдгээр хотуудад хэрэгжүүлсэн сонирхолтой төслүүдтэй танилцах сонирхолтойгоо илэрхийлж байсан ч хэрвээ АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Дональд Трамп ялбал түүнийг тангараг өргөхөөс өмнө энэ айлчлалаа хийнэ гэж байжээ.
Энэ шалтгаанаа тайлбарлахдаа Хан “хэрвээ Дональд Трамп ерөнхийлөгч болвол би итгэл үнэмшлээ даган айлчлалаа цуцална” гэж байв.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!