ХХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд хаврын тариалалтын бэлтгэлийг хангах хүрээнд авч хэрэгжүулж буй арга хэмжээний талаар болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Нэгдүгээрт хаврын тариалалтын өмнө 2015 оны намрын ургацаас гурил үйлдвэрлэгчид болон Тариалан эрхлэгчдийг дэмжих санд нийлүүлсэн 14 аймгийн 610 иргэн, аж ахуйн нэгжийн 111,829 тонн хүнсний улаан буудайнд 5.6 тэрбум төгрөгийн урамшууллыг бүрэн олгож дууслаа.
Мөн найм, есдүгээр сард олгогдох байсан ноосны урамшууллын хугацааг нааш татаж, энэ сард олгохоор ажиллаж байна.
Хаврын тариалалттай холбогдуулан 2016 оны хаврын тариалалтыг технологийн хугацаанд хэвийн явуулахад шаардагдах 6,5 мянган тонн дизель түлшний импортын онцгой албан татварын хэмжээг зургадугаар сарын 20-ны өдрийг хүртлэх хугацаанд Сүхбаатар, Эрээнцав боомтуудаар импортлоход “О” байхаар тогтоолоо. Энэ асуудлыг өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн.
Дизелийн түлшний онцгой албан татварыг тэглэснээр бүтээгдэхүүний өртөг 190 мянга орчим төгрөгөөр буурч аж ахуйн нэгж, иргэдийн санхүүгийн чадамж сайжран 2016-2017 онд буудай, гурилын хэрэгцээгээ дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангах боломж бүрдэнэ гэж үзэж байна.
Өнгөрсөн жил ургац алдсантай холбоотойгоор энэ жил 20 мянган тонн үрийн улаан буудай импортлохоор болсон. Эхний ээлжийн 2,000 тонн улаан буудай орж ирээд, зарагдаад дууссан. Хэрэгцээ, шаардлага өндөр байна. Тариалалтын шаардалга хангахгүй байсан бол олон жил тариалан эрхэлж байгаа хашир туршлагатай тариаланчид авахгүй байсан байх. Шаардлага хангасан учраас эрэлт хэрэгцээтэй байна гэж үзэж болно. Хоёрдугаар ээлжээр орж ирсэн 1,000 тонн улаан буудайн талаар буруу ташаа мэдээллүүд гарч, одоогийн байдлаар зарагдаагүй хүлээлтийн байдалтай байгаа. Тэр буудайнаас авах сонирхолтой тариаланчдын хүсэлтүүд ТЭДС-д ирсээр байна.
Бид цаг агаарын урьдчилсан төлөв байдалтай уялдуулан бэлтгэлийг бүрэн хангасны үндсэн дээр хаврын тариалалтыг тавдугаар сарын 10-25-ны дотор зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа" гэлээ.
Салбар яамны зүгээс хаврын тариалалтад зүтгэх хүчний трактор 2,880, үр тарианы үрлүүр 2,100, хөрс боловсруулах техннк 4,810, төмс хүнсний ногосшы үрлүүр 358 ажиллахаар сэлбэг, хангамжийн нөөцийг бүрдүүлснээ дуулгалаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!