Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/10-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Пүрэвсүрэн: Гадаадад байгаа 150 мянган иргэн сонгуульд оролцох боломжгүй болсон

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2016 оны 5 сарын 10
iKon.MN
Зураг зураг

ГХЯ-ны “Мэдээллийн цаг” хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. Уг хуралд Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн оролцож сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.

Ингээд сэтгүүлчдийн сонирхсон асуултад Л.Пүрэвсүрэн сайд хариулсныг хүргэж байна.


-Монголын далбаатай хөлөг онгоц Хойд Солонгосын зэвсэг тээвэрлэсэн тухай мэдээлэл гарч байсан. Энэ асуудал дээр ГХЯ-наас хэрхэн анхаарч ажиллаж байгаа вэ?

-Манайх олон жилийн турш Сингапурт хамтарсан компани байгуулаад Монгол Улсын далбааг олгох ажиллагааг хийж ирсэн. Гэтэл сүүлийн жилүүдэд удаа дараа манай далбаатай хөлөг онгоц хэрэг түвэгт холбогдож ирснийг тухай бүр нь олон улсын хэвлэлүүд мэдээлж байгаа.

Тэдний нэг нь Хойд Солонгосын асуудал байдаг. Тус улсад НҮБ-аас хориг арга хэмжээ авсан энэ үед хэд хэдэн удаа Монголын далбаатай, Хойд Солонгосын эзэмшлийн хөлөг онгоц олон улсын хяналт шалгалтынхны анхааралд өртсөн.

Үүнийг өнгөрсөн оны тавдугаар сард Засгийн газраас таслан зогсоосон. Сингапурт байсан компанийг татан буулгаж, энэ асуудлыг цэгцэртэл зөвшөөрөл олгохоо байсан. Сүүлийн саруудад ахин ийм асуудал гараагүй.

Нөгөө талаас зогсоох амархан ч улсад тодорхой хэмжээний орлого оруулдаг бизнес учраас үүнийг зөв замаар хийж, сайжруулах шаардлагатай байна.

-АНУ-д алга болсон Зулцэцэг гэх эмэгтэйн талаар шинэ мэдээлэл байна уу?

-Чикагод амьдарч байсан Зулцэцэг дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс сураггүй алга болсон. Вашингтон дахь Элчин сайдын яамнаас түүний хэргийг шалгаж байгаа хотын цагдаагийн газартай байнга холбогдож байгаа. Одоогийн байдлаар ямар ч мэдээлэл байхгүй.

Элчин сайдын яамнаас Зулцэцэгийн эрлийн ажиллагааг өргөжүүлэх хүсэлт тавьсны үндсэн дээр Чикаго хотын орон нутгийн телевиз, хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлуулсан.

Одоогоор тодорхой үр дүн гараагүй байна.

-УИХ-ын сонгуульд гадаадад байгаа Монгол иргэд хэрхэн оролцох вэ. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Харамсалтай гэж хэлэхээр юм болж байна. Яагаад гэвэл өнгөрсөн сонгууль намын жагсаалтаар сонголтоо хийсэн учраас гадаадад байгаа иргэд анх удаа сонгуульд оролцсон.

Өнөөдрийн байдлаар 150 мянган иргэн гадаадад сууж байна. Сая Үндсэн Хуулийн Цэцээс гаргасан шийдвэрээс болоод гадаадад байгаа иргэд сонгуульд оролцох боломжгүй болсон. Бид уг нь бүх бэлтгэлээ хангачихсан байлаа.

-Зарим улсад аяллын визээр гарахыг хориглох шийдвэр гарсан юм уу?

-Манай талаас иргэдээ аль болох чөлөөтэй явуулах шийдвэр бодлого барьдаг учраас хориглох шийд гаргаагүй.

Харин бид хоёр жилийн өмнөөс 42 орныг визгүй болгох хөтөлбөр зарласан байсан. Өнгөрсөн жилээс энэ хөтөлбөрийг больсон. Учир нь манай иргэдийг визнээс хөнгөлөх алхам хийгдээгүй бөгөөд жуулчны тоо нэмэгдэж чадаагүй. Мөн АСЕМ-ын аюулгүй байдлыг хангахын тулд тийм шийд гарсан байгаа.

Тэрбээр нэмж Монгол, Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр болон өнгөрсөн долоо хоногт тус салбарт болсон үйл явдлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.