Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/19-НД НИЙТЛЭГДСЭН

Алтны ханш ӨСӨХ хандлагатай байна

Egule Capital
2016 оны 4 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Алтны эрэлтийг бий болгодог хамгийн гол хүчин зүйл бол инфляци байдаг. Өөрөөр хэлбэл, дэлхий нийтийн инфляцийн түвшин өндөр байгаа тохиолдолд хөрөнгийн үнэ цэнээ хадгалах зорилгоор хөрөнгө оруулагчид алт худалдан авах хандлага өндөр байдаг. Харин инфляцийн түвшин бага байгаа тохиолдолд алтны эрэлт буурах хандлага байдаг. 

 

Дэлхий нийтийн эдийн засгийн идэвхи сул байгаа учир энэ онд хувьд ихэнх улсуудын инфляцийн түвшин бага байхаар байна. Үүнийг дагаад мөн инфляциас хамгаалах зорилгоор үүсдэг алтны эрэлт буурахаар байгаа тухай зарим шинжээчид дүгнэж байна.

Гэвч алтны ханш яагаад өсөв?

Мөн зарим шинжээчид дэлхийн нийтээр эдийн засгийн хямралын шинж ажиглагдаж, алтны эрэлт өсөх магадлал өндөр байгаа тухай дүгнэж байна.
Сүүлийн саруудад алтны ханш өсөх хандлагатай байгаа нь магадгүй зах зээлийн үндсэн зарчмын хүрээнд бий болсон гэж харж болохоор байна.

Санхүүгийн болон геополитикийн хүрээнд тодорхой бус байдал нэмэгдэх үед алтны эрэлт өсдөг тохиолдол байдаг. Өөрөөр хэлбэл, сүүлийн хоёр жилийн хугацаанд бий болоод байгаа санхүүгийн зах зээл дээрх хэлбэлзэлүүд болон дэлхий дахины улс төрийн нөхцөл байдал нь алтны ханшийг өсөхөд нөлөөлсөн тухай зарим шинжээчид дүгнэж байна.

Дэлхий дахинийг хамарсан хямралын болгоомжлол

ХНБ нь санхүүгийн зах зээл дээрх хамгийн том тоглогчдийн нэг юм. Өөрөөр хэлбэл, ХНБ-ны мэдээлэл нь зах зээл дээрх ихэнх тоглогчдын үйл хөдлөлд нөлөөлж байна. Өнгөрсөн оны 12 дугаар сард ХНБ-наас бодлогын хүүг өсгөсөн бөгөөд энэ онд үргэлжлүүлэх өсгөхөөр зарласан юм. Түүнээс хойш АНУ-ын эдийн засгийн өсөлт удааширч байна (Энэ талаар ЭНДЭЭС унших боломжтой).

Холбооны нөөцийн банкны бодлогын хүүг өсгөхтэй холбоотой шийдвэрүүд нь мөн томоохон үндэстэн дамнасан корпорациудын ашгийн түвшинг бууруулж байгаа бөгөөд улмаар хувцааны ханш унахад нөлөөлж байна.

Өнөөдрийн байдлаар дэлхий даяар макро эдийн засгийн хувьд хамгийн муу сценари үргэлжилж байна. Дэлхий нийтээр худалдааны эргэлт буурч байгаа, корпорациудын ашиг бага байгаа, зарим улсуудын хүүний түвшин сөрөг байгаа, Европд санхүүгийн хямрал болж байгаа болон Хятадын эдийн засгийн нөхцөл байдал тодорхой бус байгаа зэргээс үүдэн хөрөнгө оруулагчид мөнгөө зах зээл дээрээс татаж, илүү найдвартай хөрөнгө оруулалт руу чиглүүлж байна.

 

 

Эдгээр үйл явдлууд нь алтны ханшид эерэгээр нөлөөлж байгаа бөгөөд нэг унци алт 1,060 ам.доллараас 1,200 ам.долларт хүрч өсөөд байна.

Дээрх зургаас өнгөрсөн оны 12 дугаар сарын 17-нд алтны ханш сүүлийн 52 долоо хоногийн хамгийн бага түвшинд буюу 1,050 ам.долларт хүрсэн юм. Өнгөрсөн 10 долоо хоногт харин унц алтны үнэ 180 ам.доллараар өсөөд байна.

Сүүлийн хоёр сарын хугацаанд алтны ханш өсч байгаа хэдий ч уг ханш нь сүүлийн 5 жилийн дундаж ханштай харьцуулахад маш бага байна. Энэ нь цаашид алтны ханш өсөх орон зай хангалттай байгааг харуулж байна.

2013 оноос хойш унах хандлагатай байгаа алтны ханш 2016 он гарсаар 16 хувиар өссөн бол нийт хувьцааны ханш 8 хувиар, газрын тосны ханш 17 хувиар буурсан байна.

ХНБ-ны үйлдэл болон дэлхийн эдийн засгийн нөхцөл байдлаас харахад ойрын хугацаанд хөрөнгө оруулагчид илүү найдвартай хэрэгсэлийг хайж, хөрөнгө оруулалт хийхийг эрмэлзсэн хэвээр байна. Үүнийг үндэслэн зарим шинжээчид алтны ханшийг энэ онд 1,400 ам.долларт хүрч өсөх боломжтой тухай бичиж байна.

 

 

Эх сурвалж: https://www.facebook.com/EguleCap/

 

Эгүлэ Капитал нь зах зээлийн шинэ мэдээлэл, судалгаа бэлтгэн харилцагчиддаа хүргэхийн зэрэгцээ хөрөнгө оруулалт, санхүү, бизнес стратегийн мэргэжлийн зөвлөгөө үзүүлэгч компани юм.

Хувийн хэвшил, төрийн болон ашгийн бус үйл ажиллагаа явуулдаг бүх төрлийн харилцагч нартай хамтран ажиллаж, үйл ажиллагаанд нь тулгарч буй сорилтуудыг даван туулахад оновчтой мэдээлэл, судалгаагаар хангаж ажиллах нь бидний гол зорилго. Бидний энэхүү үйл ажиллагаа нь хэрэглэгчдийнхээ өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, зах зээлийн байр сууриа чадавхижуулахад тусална.