Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/12-НД НИЙТЛЭГДСЭН

“Баянгол”-ын гадна өрнөсөн сонирхолтой ТАВАН үзэгдэл

А.Ням-Өлзий, iKon.mn
2016 оны 4 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Цагдаа, улстөрч, бөхчүүд, хэрэгт дурлагч, хэвлэлийнхэн гээд эсэн бусын хүмүүс цугларсан “арга хэмжээ” баривчилгаагаар бус хэдэн хайрцаг бичиг цаас машинд ачсанаар өндөрлөсөн юм. 

Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын баривчилгаанаас хойш ойрын хэдэн жил үзэгдээгүй дуулиант үйл явдал өчигдөр “Баянгол” зочид буудлын гадаа өрнөв

УИХ-ын гишүүн Х.Баттулгыг “Баянгол” зочид буудал дахь оффисоос нь баривчлах гэж байна гэх дуулиан өчигдрийн 16:00 цагийг үед тарснаар үйл явдал эхэлсэн. 

Ингээд баривчилгаа хэмээн нэрийдсэн үйл явдлаас ажиглагдсан сонирхолтой ТАВАН ҮЗЭГДЛИЙГ нэрлэж байна.  

НЭГ. “ЖЕНКО”-ГИЙН ТАЛЫНХ УУ ЭСВЭЛ ...

 

Цагдаа нарыг “Баянгол” зочид буудалд очих үед тэндхийн оффист Б.Ганбат, Л.Эрдэнэчимэг нарын гишүүдтэй Х.Баттулга хамт байж. 

Тэдэн дээр улстөрчдөөс хамгийн түрүүнд Зам Тээврийн сайд М.Зоригт ирсэн юм. Тэрбээр Х.Баттулга гишүүнийг баривчлах гэж байгааг жиргээнээс хараад Засгийн газрын хуралдааныг орхин яаран сандран ирсэн гэдгээ тайлбарлаж байв. Ийнхүү “Сошиалаар хараад ирлээ” хэмээн амьсгаа өндөртэй ярьж зогсох улстөрчдийн цуваа үргэлжлэв. 

М.Зоригт сайдын араас УИХ-ын даргын орон тооны бус зөвлөх Г.Байгалмаа, Хотын дарга Э.Бат-Үүл, АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Г.Уянга нар ирсэн нь “Женко”-гийн талд хэн хэн байдаг вэ гэдгийг тодхон харуулах мэт.

Эсвэл тэд зүгээр л намын гишүүндээ санаа тавьж ирсэн үү?!

ХОЁР. ИРГЭНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ ЦОГТОЙ ТЭМЦЭГЧДИЙН ЗОРИЛГО ЮУ ВЭ?

 

Хаана л жагсаал цуглаан, хэрүүл уруул болно тэнд дуу хоолойгоо өргөж байдаг нийгмийн идэвхтэй бүлэг байх. Олны анхаарал татсан үйл явдлын үеэр тэд заавал харагдаж байх бичигдээгүй хуультай болжээ.  

“Алтжин” худалдааны төв шатсаны дараа САПУ-гийн хохирогчдыг нэгтгэн төрийн бус байгууллага, түр хороо байгуулж явсан н.Оюунчимэг, 2008 оны долоодугаар сарын 1-ний үймээний үеэр хүүгээ алдсан Ц.Энхбаяр, “Иргэдийн аляанс” төвийн тэргүүн Ж.Занаа, Иргэний хөдөлгөөний намын дарга Д.Сүхжаргалмаа, бас мэдээж “Цэнхэр үст” Э.Цэрэн нарын идэвхтнүүд уван цуван ирцгээсэн. 

Энэ эрхмүүдэд Н.Энхбаярын баривчилгаа, “Босоо хөх Монгол”-ын цуглаан, Ноён уулыг тусгай хамгаалалтад авахыг эсэргүүцсэн өлсгөлөн, урт нэртэй хуулийг эсэргүүцсэн жагсаал гээд оролцохгүй ажил, ярихгүй сэдэв гэж үгүй. 

Улстөрчдийг хараан зүхэж хэдийнээ хэвлэлийн баатар болсон тэдгээр хүмүүс Х.Баттулгыг дэмждэг үү эсвэл хөлсөөр ажиллаж үйл явдлыг дэвэргэж байна уу гэдэг бас л сонин. Эсвэл завшааныг ашиглаад хэвлэлээр гарч олны анхааралд өртөх бодлого уу?!

“Монголчууд аа босоцгооё. Ганц эх оронч гишүүнийг маань баривчлах гэж байна шүү дээ” хэмээн олны цөсийг хөөргөн чанга чанга хашгирах эмэгтэйчүүд чухам юу болоод байгааг ойлгож байсан эсэх нь эргэлзээтэй. 

ГУРАВ. ЖҮДО БӨХИЙН СЕКЦЭД БЭЛТГЭЛ ХИЙДЭГ ЖААХАН ОХИНООС О.БАЛЖИННЯМ АВАРГА ХҮРТЭЛ

 

Н.Түвшинбаяр, Х.Цагаанбаатар нарын араас гэнэт л баахан бөхчүүд гараад ирэв. Тэдний дунд жүдогийн секцэд явдаг хүүхдүүд ч харагдаж байв. Учрыг лавлавал бөхийн бэлтгэлээ тараад зохион байгуулалттай ирцгээсэн аж.

Энэ үйл явдал жүдо бөхийн секцэд бэлтгэл хийдэг жаахан охиноос эхлээд О.Балжинням аваргыг хүртэл хөдөлгөж чаджээ.  

Улстөрчдөөс ч өмнө хамгийн түрүүнд ирсэн хүн бол Асашёорюү Д.Дагвадорж. Түүнийг Х.Баттулга АН-д хөтлөн оруулсан гэдэг. Бөхийн жудгаа бодсон ч тэр Д.Дагваа аварга “Женко”-гийн төлөө хамгийн түрүүнд санаа тавих хүний нэг юм.   

ДӨРӨВ. Х.БАТТУЛГЫН ХЭВЛЭЛИЙН “МАНААЧИД” 

 

“Ийгл” телевизийн ерөнхий найруулагчаар ажиллаж буй “Херо” ентертайнментийн захирал Б.Баатар энэ дунд үндсэн ажлаа хийв. 
“Сэтгүүлчид нааш ир. Энэ хүнээс яриа ав” хэмээн хэвлэлийнхнийг командлах тэрбээр хамгийн өргөн бүрэлдэхүүнтэйгээр уг үйл явдлыг дамжууллаа.

“Чоно борооноор” гэгчээр Монголын Залуучуудын Холбооныхон хар, цагаан жагсаалт бүхий сонин тарааж яваад “Женко”-гийн талынханд баригдсан нь бас нэг маргаан дэгдээгээд авсан. Хар жагсаалт буюу ирэх сонгуулиар сонгож болохгүй хүмүүсийн жагсаалтад Х.Баттулга нэлээн дээгүүр бичигдсэн байсан юм.  

“Ардчилал” сонины Ерөнхий эрхлэгч н.Цолмон “МЗХ-ныхон ямар муухай юм бэ. Энийг хар даа хүмүүс ээ. Хүн баривчлагдах гэж байхад сонин тараагаад явж байна” хэмээн орилсноор сонин тарааж байсан залуу хэлэх үггүй алга болсон. 

ТАВ. “БАЯНГОЛ”-Н НЭГЖЛЭГТЭЙ ХОЛБООТОЙ 87 БАГЦ МЭДЭЭ  10 ГАРУЙ ТЕЛЕВИЗЭЭР ЦАЦАГДЖЭЭ 

 

Харьцангуй тайван орчинтой, шуурхай мэдээ тэр бүр дамжуулаад байдаггүй Монголын хэвлэл мэдээллийнхэн энэ өдөр үйл явдлаар дүүрэн байсан. “Баянгол” зочид буудлын гадаа Улаанбаатарт үйл ажиллагаа явуулдаг  телевиз, сайт, өдөр тутмын сонины дийлэнх төлөөлөл цугларсан гэхэд хилсдэхгүй. 

Нэгэн судалгааны байгууллагын гаргаснаар өчигдрийн үйл явдалтай холбоотой 87 багц мэдээллийг 10 гаруй телевизээр цацжээ.