Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/04-НД НИЙТЛЭГДСЭН

Амттанд НУУГДСАН ТАХАЛ

Р.Оюунцэцэг, Засгийн газрын мэдээ
2016 оны 4 сарын 4
Засгийн газрын мэдээ
Зураг зураг

Томчууд ч тэр, хүүхдүүд ч ялгаагүй жижиг савлагаатай ундааг нэг суурин дээр өлхөн уучихдаг. Харамсалтай нь, нэг хүний өдөрт авах хэрэглээг хоёр дахин нэмсэнтэй тэнцэх хэмжээний сахар тэрхүү жижиг савтай шингэнд “нуугдаж” байдгийг төдийлөн мэддэггүй. Бүх төрлийн ундаа, жүүсний 100 гр тутамд дунджаар 10-12 гр сахар агуулагддаг байна. 

Харин насанд хүрсэн нэг хүний сахарын хэрэглээ өдөрт авч буй илчлэгийнх нь 10-аас ихгүй хувьд байх нь эрүүл мэндэд аюулгүй хамгийн зохистой хэмжээ болохыг ДЭМБ зөвлөж байв.

Гэвч сүүлийн жилүүдэд манай гарагийг аажмаар “нөмөрч” буй чихрийн шижин өвчинтэй тэмцэх үүднээс дээрх хувийг тав болгон бууруулах зөвлөмжийг тус байгууллага гаргаад байгаа юм. 

 Бүх төрлийн ундаа, жүүсний 100 гр тутамд дунджаар 10-12 гр сахар агуулагддаг байна. 

Учир нь сахарын агууламж өндөртэй буюу амтлаг бүтээгдэхүүнээс болж халдварт бус өвчин, тэр дундаа чихрийн шижин улс орнуудын хувьд толгойн өвчин болоод буй билээ.

Нэг жишээ татахад, АНУ-ын Засгийн газар жил бүрийн төсвийнхөө 20 хувийг эрүүл мэндийн салбарт зориулдгийн 60 гаруй хувь нь зөвхөн чихрийн шижин өвчинтэй тэмцэхэд зарцуулж байгаа нь өвчлөл ямар аюултай байдалд хүрснийг илтгэнэ. Тийм ч учраас улс орнууд үүний эсрэг чадах бүхнээ хийж, иргэдийн хязгааргүй хэрэглээ болсон хийжүүлсэн ундаанд хүртэл татвар ногдуулах болсон.

Франц улс л гэхэд чихэрлэг ундаанаас гурван хувийн татвар авдаг бол Мексик 10 хувийн татвартай. Тэгвэл хамгийн сүүлд Их Британи улс чихэрлэг ундаанд татвар ногдуулахаар болсноо зарлаад cap ч болоогүй байна. Тус улс эл шийдвэрээ бизнесийнхнийг боох гэж бус, сахаргүй ундааны үйлдвэрлэлийг дэмжих замаар иргэдийн эрүүл мэндийг хамгаалахад чиглэж байгаа хэмээн тайлбарласан.

Эхлүүлээд цөөн жил болсон ч сахарын эсрэг зарласан улс орнуудын “дайн” үр дүнгээ өгч буйг сүүлийн дөрвөн жилд чихэрлэг ундааны илчлэгийг 11 хувиар багасгаж, илүү жижиг савлагаатай болгосон үйлдвэрлэгчдийн шийдэл харуулна.

Энэ бол иргэдийнхээ сахарын хэрэглээг бууруулж, чихрийн шижинтэй тэмцэж буй аргуудын зөвхөн нэг нь. Харин манай улсад бүх зүйл урвуу хамааралтай байгаа нь хачирхалтай. 1.5-2 литрийн савлагаатай ундаанууд дэлгүүрийн лангуу “чимж”, үнэ хямд, хэмжээ их тул хэрэглээ ч өргөн.

  • Эмэгтэйчүүдийн бэлхүүсний тойрог 80, эрчүүдийнх 95 см-ээс дээш байвал чихрийн шижингийн суурьтай болсон гэж ойлгож болно.
  • Нэг хүний сахарын хэрэглээ өдөрт авч буй илчлэгийнх нь 10-аас ихгүй хувьд байх нь хамгийн зохистой хэмжээ. Энэ нь ойролцоогоор амны 1-2 халбага элсэн чихэртэй тэнцэнэ.
     
  • Сурагчдын түгээмэл хэрэглэдэг 24 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний 10 нь сахарын нэмэгдэлтэй.

Гэхдээ зөвхөн чихэрлэг болон хийжүүлсэн ундаагаар сахарын хэрэглээг жиших нь мэдээж өрөөсгөл.

Ерөнхийдөө монголчуудын энгийн нүүрс усан буюу амтлаг хүнсний хэрэглээ хэмжээ хязгааргүй өсөж буй нь Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс явуулсан хэд хэдэн судалгаагаар харагдаж байгаа юм.

Хамгийн сүүлд буюу энэ оны эхээр дүнг нь танилцуулсан ерөнхий боловсролын сургуулийн орчинд худалдаалж буй хоол байсан илүүдэл жин өдгөө 60 хувь руу дөхөж яваа нь ам руугаа хийж буй бүхэнд хяналт тавихаас аргагүй болсныг сануулна. 

Өнөөдөр Монгол Улсын 15-64 насны хоёр хүн тутмын нэг нь илүүдэл жинтэй байгаа бол нийт хүн амын 30 хувь нь чихрийн шижингийн хүнд болон хөнгөн хэлбэрийн өвчлөлтэй гэсэн тоо байна.

Амтлаг хүнс буюу энгийн нүүрс усны цаана нуугдсан аюулыг ойлгомжтой тайлбарлах гээд үзье.

Нүүрс усны гол үүрэг нь энерги буюу эрчим хүчний эх үүсвэр болдог. Нэг ёсондоо түлш гэсэн үг. Нийлмэл нүүрс ус нь хуваагдан задарсаар глюкоз цусанд нэвчиж, энерги болоход зарцуулагддаг.

Харин энгийн нүүрс усан хүнс идэхэд ямар нэгэн боловсруулалт явагдахгүйгээр сахар гэдэсний ханаар шимэгдэн, цусанд шууд ордог байна.

 Нийлмэл нүүрс ус нь хуваагдан задарсаар глюкоз цусанд нэвчиж, энерги болоход зарцуулагддаг. 

Тиймээс байнга чихэрлэг бүтээгдэхүүн хэрэглэх нь их хэмжээний “түлш” нийлүүлж байгаатай агаар нэг. Хэрэв түүнийгээ шатааж, зарцуулахгүй бол бие организм өөх тос болгон өөртөө нөөцөлж эхэлдэг. Яг ийм буруу хэвшил удаан хугацаанд үргэлжилснээр илүүдэл жинтэй болох суурь нөхцөл бүрдэх юм.

Илүүдэл жин, чихрийн шижин хоёр шууд хамааралтай. Цусан дахь сахарын хэмжээ дээрх маягаар байнга өндөр байх нь чихрийн шижин үүсэх нэгэн гол шалтгаан нөхцөлийг бүрдүүлдэг. Тийм ч учраас эмэгтэй хүний бэлхүүсний тойрог 80, эрэгтэй хүнийх 95 см-ээс дээш байвал өөрийгөө чихрийн шижин өвчний суурьтай болж байна хэмээн ойлгох хэрэгтэй хэмээн эрдэмтэд хялбараар тайлбарлажээ.

Хамгийн аймшигтай нь, энгийн нүүрс ус буюу амтлаг хүнс донтуулах шидтэй. Энэ төрлийн хүнс идэхэд цадах мэдрэмж төрүүлдэггүйгээр барахгүй дахин дахин идэх хүслийг өдөөдөг. Сахарын энэ шинжийг эрдэмтэд кокайнтай зүйрлэдэг ажээ.

Ингээд авч үзвэл монголчууд бид өөрсдөө ч, үр удмаа ч өдөр тутам “хар тамхи”-аар хооллож, ирээдүйн олон мянган өвчтөнийг “бэлтгэж” байгаа гэдэгтэй та маргахгүй биз. Энэ бол идэж буй зүйлийнхээ талаар мэдлэг, мэдээлэл маруухан иргэд бидний л хохь болж таарч байна.

Өнөөдрийн байдлаар манай улсын иргэд өдөр тутамдаа юу иддэг, сахарын хэрэглээ яг хэдий хэмжээнд байгааг тогтоосон судалгаа байхгүй гэдгийг Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн Хоол судлалын төвийн мэргэжилтэн Б.Түвшинбаяр учирласан бол энгийн нүүрс усан хүнсэн дэх сахарын агууламжийг бус аюулгүй байдлыг л шалгадгаа нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Ц.Цэнд-Аюуш тайлбарлав. 

Бодлого судалгааны хувьд хэдий чамлалтай ч ахиц байна аа. Хүнс, хөдөө аж ахуйн яам хүн амынхаа юугаар хооллож буйг нарийн судлах санаачилгыг сая нэг гаргав.

Тус яамны захиалгаар Шинжлэх ухаан, технологийн сан “Монгол хүний хоногт хэрэглэдэг хоол хүнсний бодит хэрэглээ” төслийг энэ онд хэрэгжүүлж, ирэх онд тайлангаа тавина. Чухам юугаар хооллодог ард түмэн болохыг энэ судалгаа харуулах нь. Иргэдийнхээ хоол хүнсний мэдлэгийг дээшлүүлж, импортын бодлогодоо дорвитой шинэчлэл хийх суурь болсон судалгаа болно гэж найдъя.

Зураг