Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/17-НД НИЙТЛЭГДСЭН

Бөө эмчилчихдэг юм бол эмчийн хэрэг байна уу

Ж.Отгонмягмар
2016 оны 3 сарын 17
Монголын мэдээ
Зураг зураг

Манай улсын айл болгон нэг бөөтэй болчихоод байгаа нь нууц биш. Гэхдээ тэднийг жинхэнэ бөө гэж хэлэхэд хэцүүхэн.

Учир нь бөөгийн шашин бизнес болж, өөрсдийгөө удган зайран хэмээн тодотгосон хэсэг бүлэг та сахиустай юм байна, авахгүй бол удам судар тань сүйрнэ, чи үхнэ, хамаатнуудын чинь амьдрал доройтож бие тэнхээ чинь доройтно гэх мэтээр сүрдүүлэг үзүүлдэг.

Мэдээж хүн сэтгэлийн амьтан учраас үнэхээр л тэр сахиусыг нь авахгүй бол болохгүй хэмээн мунхаглаж аманд орсон үнээр нь ачлал энэрэлтэйг нь үл мэдэх сахиус буулган нэр зүүгээд үлддэг. Зарим өөртөө итгэлтэй нь бөөлж давхидаг бол зарим хэсэг нь үүнийгээ нууж хаагаад явдаг ч байж мэднэ. За тэгээд л өнөөх бөө нарт чинь мэдэхгүй юм гэж байхгүй, асуусан болгонд хариулж хүн бүрийн ирээдүйн зам мөрийг тодруулж гарна даа.

Гэтэл тэдний энэ мэт солиорол хэрээс хэтэрч ард иргэдийн амиар “наадаж” эхэлсэн жишээ олон бий. Саяхан ГССҮТ-д 80 хувийн түлэгдэлтэй гэсэн оноштой хүргэгдэж ирээд эмчлүүлж байсан залууг эцэг, эх нь бөөд үзүүлж эмчлүүлэх гэж цонхоор оргуулсан талаар амтай бүхэн л шуугилаа.

Мэдээж тийм өндөр хувийн түлэгдэлтэй хүнд хүн төв зам ч хүрээгүй хорвоог орхисон байгаа юм. Эмгэнэл гэж хэлэхээс өөр хэлэх үг үнэндээ алга. 

Ганц энэ хэрэг ч биш бөөгийн зан үйл хийж байгаад нэгэн иргэнийг халуун усны уураар түлж, амийг нь хөнөөсөн, биенээс муу муухай зүйл зайлуулан гаргах зан үйл хийж байна хэмээн жалганд оруулж хэвтүүлээд нуруун дээр нь бөөгийн ташуураар ороолгосноос нурууны бүх хэсгийг хамарсан гэмтэл учруулж, улмаар амийг нь хохироосон гээд нэлээд урт жагсаалт гарчихаад байгаа юм.

Хамгийн эмгэнэлтэй нь ид шидийг үзүүлэгч бөөд итгэж үнэмшээд, ар гэрийнхээ хэн нэгний амиар наадуулсан иргэд “алуурчин” бөөд гомдол саналгүй, харин хойшид анхааралтай байгаарай гэж сануулаад өнгөрдөг гэнэ лээ. 

Мэдээж гомдолгүй гэсэн учраас шүүхээс бөөг бусдын амийг болгоомжгүй хөнөөсөн гэсэн үндэслэлээр ялласан нэр зүүж 1-3 жилийн ял өгөөд өнгөрүүлдэг гэх.

Хэрвээ энэ олон бөө архинд орсон нэгнийг ташуураар зодоод, өвчинд шаналж буй нэгэн рүү амнаасаа архи цацаад эрүүл болгочихдог бол энэ олон эмнэлэг байгаад яах билээ.

Хүүхэд залуусыг маань этгээд гаж буруу зүйлд турхирч буй МҮҮН-ий шашин гэгчтэй бид сүүлийн хэдэн өдөр хөгшин залуугүй тэмцлээ. 

Ингэж хүний амиар “наадаад” байгаа “бөөнцөрүүдэд” хатуухан хариуцлага тооцох хэрэгтэй биз дээ. Бид ямар гэгчийн нийгэмд амьдраад байна вэ. Монголчуудын энэ шашны элдэв гаж зүйлд итгэж тархиа угаалгаж, утсан чинээ амиа ч үл хайхарч буй мунхаглалыг хэзээ зогсоох юм бэ. 

Ямар ч ид шидтэн бүхэл биеийнх нь 80 хувь нь түлэгдсэн хүүг нүд ирэмхийн хооронд эдгээчихдэг бол Түлэнхийн эмнэлэг гэж хэдэн зуун тэрбум төгрөг үрж, тэр салбарын мэргэжилтэн бэлтгэх хэрэг байгаа юм уу. Тэр мөнгөө эдгээр бөө нарт өгөөд нэг өрөөнд суулгаад түлэнхийгээр хорвоог орхиж буй олон зуун хүмүүсээ аварчихъя. Тэнгэрийн зарлигаар бөө болдог гэх тэдний бохир бизнесийн ачаар нийслэл хот байтугай Монгол орон даяар хэнгэргийн дуу тасрахаа больчихлоо.

Монголд хоногийн 24 цагийн хэдийд хэнгэрэг нүдэх, эс нүдэхийг зохицуулсан хууль дүрэм байхгүй учир орон сууцанд ч нүднэ, гэр хороололд ч нүднэ. Хэн нэгэн мухар сүсэгтэн мөнгө бариад ирсэн л бол тэнгэр сахиуст бөөгийн онгод “гүйгээд” л ороод ирдэг гэж байгаа юм.

Хүүхэд залуусыг маань этгээд гаж буруу зүйлд турхирч буй МҮҮН-ий шашин гэгчтэй бид сүүлийн хэдэн өдөр хөгшин залуугүй тэмцлээ. Тэгвэл хурамчаар оршуулах бус бүр бодитоор хүний амийг авч одож буй бөөгийн шашны замбараагүй бизнесийг цэгцлээч гэж хүсье. Шашны энэ замбараагүй үйлдэл, монголчуудын мунхаглал бүр хэрээс хэтэрлээ.

Зураг