Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/12/16-НД НИЙТЛЭГДСЭН

С.Эрдэнийн тухай Баабар ингэж өгүүлжээ

Зууны мэдээ
2015 оны 12 сарын 16
Зууны мэдээ
Зураг зураг

Цагийн сайханд нэг намын журмын нөхөд байсан ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, нийтлэлч Баабар хоёрын дунд тэмцэл өрнөж байна.

С.Эрдэнэ сайд cap шахмын өмнө нэгэн нэвтрүүлэгт оролцохдоо “...Баабар гэдэг хүн удаа дараа намайг доромжилсон. Би нэг ч удаа эр хүний хувьд янз бүрийн хэл ам хийгээгүй. Гомдол санал гаргаагүй. Харин өнөөдөр энэ хүн ямар өчүүхэн хүн бэ гэдгийг олон түмэнд ил тод хэлье гэж бодсон. Баабар гурван компани дээр өөрийн ажилласан жилийг нэмсэн хуурамч баримтыг бүрдүүлсэн байгаа юм. Нийтдээ зургаан жилийг нэмэгдүүлсэн.

Энэ асуудлаар “Эрдэнэс холдинг” ХХК-иас албан ёсоор тодруулахад Бат-Эрдэнэ овогтой Батбаяр нь манайд ажиллаж байгаагүй гэдэг хариу ирүүлсэн. Гэтэл ажиллаж байсан гээд баримт бүрдүүлээд оруулчихсан байгаа юм. “Бороо гоулд” компанийн нэр дээр хүртэл 1981 онд төрсөн хүүхдийн нэр дээр өөрийнхөө регистрийн дугаарыг тааруулж, хуурамч материал бүрдүүлсэн. Ийм маягаар гурван компанийн нэр дээр хуурамч материал бүрдүүлсэн. Энэ бол баримт. Баабар бол туйлын заргач хүн. Тэгэхээр би баримттай л ярьж байна” гэсэн.

Харин Баабар үүнд хариулт өгчээ. Тэрбээр “...Би 1954 оны аравдугаар 26-нд төрсөн. Өнгөрсөн жилийн сүүлчээр тэтгэвэрт гарсан. Нягтлан маань миний тэтгэврийн асуудлыг хөөцөлдөөд явж байтал нам, ардчилал гээд явж байсан үе дээр маань зай гарчихгүй юу. Тэгсэн чинь 2014 оны арванхоёрдугаар сард Сүхбаатар дүүргийн НДХ-ээс манай дээр ирж шалгалт хийгээд “Энэ хугацааныхаа мөнгийг төл. Тэгвэл тэтгэвэр тогтооё” гэсэн юм. Ингээд 10,442,913 төгрөг тушаасан. Гэтэл гээд тэтгэврийг маань хаачихсан. Тэр “Эрдэнэс холдинг” гэдэг компанийг би мэдэх ч үгүй.

Тэгээд яасан гээч, дүүргийн тэтгэврийн газрын дарга нь Эрдэнээгийн бэр нь юм байна. Миний тэтгэврийн асуудал ороод ирүүт “Энийг занганд хийе” гэхгүй юу. Өөрсдөө “Эрдэнэс холдинг” гэдэгтэй яриад, миний нэрийг оруулаад, дараа нь шалгалт оруулж байгаа юм болоод, тэгээд нөгөөдөхөө илрүүлж байгаа байдал гаргахгүй юу. Ийм гэмт хэрэг хийсэн байна гэж. Би нөгөө улсад нь хэлсэн. Би тэтгэврээр амьдардаг хүн биш.

Сүүлд нь миний өгсөн 10 сая төгрөгийг буцаагаад өг. Би тэтгэвэр авахгүй гэсэн. Миний компани гэхэд сүүлийн 10 жилд улсад 2.0 тэрбум гаруй төгрөгийн тавар төлсөн. Би гэхэд Монголын зах зээл дээр 600 мянган ном борлуулсан хүн.

Энэ бол шоронгийн арга шүү дээ. Ингэсэн шалтгааныг бол би ойлгож байна. Би яг Эрдэнээд зориулсан юм бичиж байгаагүй. Гэхдээ хулгайч, дээрэмчнээр дүүрээд байна, эднээс яагаад салж болдоггүй юм гэж бичээд, Эрдэнээг хэд хэдэн удаа жишээлж авч байсан.

Эрүүгийн гэмт хэрэгтэн, өмнө нь Нийгмийн даатгалын дарга байхдаа шоронд ороход нь АН ялаад “Сайн хүн байгаа юм” гээд гаргаад л авч байсан. Одоо бол энд тэнд нийгмийн даатгалын мөнгийг байршуулаад л хүүг нь хусаад явж байдаг хүн. Хэдэн мянгаар нь нас барчихсан хүний нэр дээр тэтгэвэр аваад л явж байдаг.

Хөгшин настай хүмүүсийг амруулсан болж байгаад л мөнгийг нь улсаас авч байна. Бид нар яагаад ийм улсуудаасаа салж болдоггүй юм бэ? Улс эх орноо бодооч. Бид үр хүүхэддээ ямар улс орон үлдээх юм бэ? Тоноод дууслаа. Энэ улс онхолдлоо, сүйрлээ.

Хараад сууж байх уу. Нөгөө АТГ, цагдаа, шүүх, прокурор хаа байна. Цөмөөрөө айдаг байхгүй юу. Би бол хуулийн нэг ч заалт зөрчихгүй. Ард түмний өмнө шударга харагдах гээд байгаа юм биш. Би нэр цэвэр, нэр төртэй үхмээр байна. Тийм болохоор хууль зөрчсөн өчүүхэн асуудал байсан ч түүнийхээ төлөө хариуцлага хүлээхэд бэлэн.

Хэрвээ би Эрдэнээг гүтгэсэн бол хариуцлага хүлээхэд бэлэн. Сүрдүүлээд байх юм байхгүй. Элдэв хууль бус юм байгаа бол шууд хуулийн байгууллагад хандах хэрэгтэй. Би хууль зөрчөөгүй болохоор юунаас ч, хэнээс ч айхгүй. Их удаж л орцны үүдэн дээр хүлээж байгаад л хутгална биз, тэр яадаг юм. Би хангалттай насалсан” гэлээ.

Зураг