Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/12/10-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Дашбал: Хүнцэл хортой хэдий ч саармагжуулж, аюулгүй болгож болдог бодис

Ч.Чулуунцэцэг
2015 оны 12 сарын 10
Монголын мэдээ
Зураг зураг

“ ...  Ноён уулыг дэлбэлэн үндсэн чулуулгыг нь ухаж ил гарган олборлолт явуулснаар газрын гүнд  мөрөөрөө хэвтэж байсан арсенопирит мэтийн хүнцэлтэй эрдсүүд наранд ил гарч, бороо цасны устай холилдон исэлдэн  хүнцлийн усанд уусамтгай нэгдлүүд үүснэ. Үүгээр бохирдсон жижиг гол горхиор дамжин Гацуурт, Бороо, Хараа гол Сэлэнгэ мөрөн хүнцлээр цалгиж эхэлбэл зөвхөн нутгийн иргэд тогтохгүй  тэнд ургасан тариа ногоо, малын сүүгээр дамжин хүнийг хордуулах аюултай” энэ бол эрдэмтэн доктор Ш.Пүрэвсүрэн гуайн Гацууртын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахыг эсэргүүцэн бичсэн нийтлэл.  

Уг нийтлэлийн дараа УИХ-ын зарим гишүүд  чуулганы нэгдсэн хуралдаан дээр хүнцэл, цэвдгийг хөндсөний улмаас Гацууртын ордыг хэлэлцэх  асуудал тодорхой хугацаагаар хойшилж, УУЯ болон БОНХАЖ-ын яамаас томилогдсон  ажлын хэсэг, эрдэмтэн  докторуудтай хамтран газар дээр ажиллан нөхцөл байдлыг тодруулан дүгнэлтээ гаргасан байна. Энэхүү ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтаж ажилласан УУЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Б.Дашбалаас зөвхөн хүнцэлтэй холбоотой тайлбарыг авлаа.  

-Гацууртын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах эсэхийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар шийднэ. Өмнөх хуралдааны үеэр УИХ-ын зарим гишүүн хүнцэл гэх хүн төрөлхтөнд  аюултай хорт бодис чухам тэндээс илэрсэн хэмээснээс болоод  тодорхой бус хугацаагаар хойшлогдож, өнөөдрийг хүрсэн. Үүнтэй зэрэгцээд эрдэмтэн мэргэд хүнцлийг саармагжуулж болно, байгальд байдаг л химийн элемент энэ тэр гэлцэн талцан маргалдаж эхэлсэн. Төслийг урагш явуулахын тулд Уул уурхайн  яам хүнцлийг судалж, эрдэмтэн мэргэдийн өгч буй тайлбаруудад дүгнэлт өгч байгаа нь дамжиггүй.

- Хүнцэл гэх химийн бодисыг өнгөрсөн хугацаанд бүхий л талаар судлахыг хичээлээ. Учир нь асуудлыг баримт, нотолгоон дээр тулгуурлаж ярьж мэдээлэхгүй бол хэн дуртай хүний хэлсэн ярьснаар  хандаж болохгүй л дээ. Тэгэхээр хүнцэл гэдэг бол мэдээж хэрэг аюултай хор. Бүр зарим нь “Хаан хор” ч гэж тодорхойлсон байсан.

Гэхдээ хүнцэл нь байгаль дээр дан ба нэгдлийн байдлаар тохиолдох бөгөөд түүнийг агуулсан 200 эрдэс байдаг.  

Хүнцэл нь галт уулын гаралтай буюу гидротермаль чулуулагт агуулагддаг.

Ихэвчлэн арсенопирит /Ре-34.3, Аs-46, S-19.7 хувь/ хэлбэрээр тохиолддог аж. Гацууртын ордод байгаа хүнцэл гэдэг нь арсенопирит буюу төмөр, хүхэртэй нэгдсэн байдлаар оршдог нь нотлогдсон. Ингэж бусад эрдэстэй нэгдэл байдлаар оршиж байгаа тохиолдолд байгаль орчин, хүн амд  сөргөөр нөлөөлөхгүй.

Энэ нь Аs5-Н+ буюу ханасан валенттай хүнцэл гэж Геологийн төв лаборатори, ШУА-ийн Газарзүйн хүрээлэн, ШУТИС, МУИС-ийн багш эрдэмтэд судалгааныхаа ажлын үр дүн, мөн тус ордод хийсэн геохимийн ажлын тайланг дүгнэж  хэлээд байгаа юм. Ер нь хүнцэл нь галт уулын гаралтай буюу гидротермаль чулуулагт агуулагддаг гэдгийг хэлэх ёстой.

Гацууртын ордын арсенопирит нь 190-330 сая жилийн насжилттай гэж тогтоогдсон. ОХУ, Швед, Норвеги, Япон, Канад, АНУ, Франц зэрэг оронд хүнцэл нь зэс, цагаан тугалга, алт зэрэг металлуудтай нэгдсэн байдлаар томоохон ордуудыг үүсгэсэн байх нь бий.     

-Доктор Ш.Пүрэвсүрэн гуайн нийтлэлд өгүүлснээр Мандал сумын малчид хүнцэлтэй усыг ахуйдаа хэрэглээд хордоод сүйд болж байгаа гэсэн байсан. Бас Хараа гол том жижиг голоор дамжин явсаар Байгаль нуурыг бохирдуулна гэсэн байна билээ.

-Гацууртын тусгай зөвшөөрөл бүхий талбайд 1900-аад оны эхээр “Монголор” нийгэмлэг, 1990 оны үед “Гацуурт”, “Гурван гол” зэрэг компаниуд алтны шороон ордыг нь олборлосон байдаг. Хэрэв хүнцлийн хэмжээ Ш.Пүрэвсүрэн докторын яриад байгаа шиг байсан бол хүн, мал амьдрах аргагүй, гамшгийн бүс газар байх байсан болов уу. “Сентерра гоулд Монголиа” ХХК тус талбайд 2005 оноос алтны үндсэн ордын хайгуул хийж, ТЭЗҮ-г 2008 онд батлуулсан.

Мөн онд Байгаль орчны нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ, 2009 онд Байгаль орчны нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ зэргийг батлуулж, ашиглалт явуулахад бэлэн болгоод байгаа орд юм. 2009 онд “урт нэр”-тэй хууль батлагдаж тусгай зөвшөөрөл нь хориглосон бүсэд орсноор эдийн засгийн эргэлтэд орох боломжгүй болж өдийг хүрсэн байдаг юм.

Тиймээс энэ их ажлууд хийгдэж байх тэр үед энэ хүмүүс энэ тухай ярихгүй юу хийж байсан юм бэ. Одоо Засгийн газраас ажил хийх гээд УИХ-д оруулахаар энд тэнд хэн нэгэн гарч ирээд янз янзын шинжлэх ухааны үндэслэлгүй юм яриад олон түмнийг төөрөгдүүлээд, талцуулаад байх нь хэнд ашигтай  юм бол.

Нөгөө гүйх нохойд... гэдэг л болоод байна. Зарим хүмүүс бичиж ярьж байгаадаа хариуцлагатай хандмаар юм. Бороогийн уурхайд ч мөн хүнцэл байж л байсан. Тус уурхайд алтыг баяжуулан ялгаж авах явцад хүнцлийг хоргүйжүүлэх ажлыг манай улсын нэртэй эрдэмтэд, судлаачид тусгай хөтөлбөрийн дагуу олон улсын стандартад нийцүүлэн хийж байгаа.

-“Сентерра гоулд” компанийнхантай уулзаж, нөхцөл байдал бодитоор ямар байгаа тухайд газар дээр нь очиж танилцсан, үзсэн харсан зүйл байна уу?

-Гацууртын алтны ордын өнөөгийн байдалтай Уул уурхайн яамнаас томилогдсон ажлын хэсэг  газар дээр нь хоёр удаа очиж танилцсан. Ойр орчимд нь амьдарч буй иргэд малчидтай уулзаж санаа бодлыг нь сонссон. Орон нутгийн иргэд нь “...ингэж тодорхойгүй байдалтай байснаас технологийн дагуу, аюулгүй байдлыг хангаж, байгаль орчноо хамгаалсан, хяналт-шинжилгээг нь байнга хийж олборлох нь зүйтэй.

Тэгэхгүй бол сүүлийн үед гарч байгаа хууль бус үйл ажиллагаа газар авч, хүн амины хэрэг гарлаа. Ийм орчинд амьдрах түгшүүртэй байна... ’’ гэж ярьцгааж байсан. “Сентерра гоулд Монголиа” ХХК-иас өмнө шороон ордыг олборлосон байдалтай байгаа. Цаашид үндсэн ордын олборлолтын үйл ажиллагаа явагдаж, баяжуулах үйл ажиллагаа нь хуучин Бороогийн баяжуулах үйлдвэрт явагдах юм.

Тийм учраас Гацууртын ордын талбай дээр ямар нэгэн химийн хортой бодис ашиглах, хадгалах үйл ажиллагаа явагдахгүй. Харин ч тус ордын хэмжээнд ус, хөрсөнд байнгын хяналт- шинжилгээний ажил хийгдэж байгаа бөгөөд цаашид ч хийгдэхээр төлөвлөөд ажиллаж байгаа.

-Гацууртын ордын алтны хүдэрт агуулагдах хүнцлийн хэмжээ байж болох төвшингөөс их юм уу, эсвэл?

-Түрүүн хэлсэн. Алтны хүдэрт арсенопирит нь галенит, сфалерит, кварц, флюорит зэрэг эрдсүүдтэй ассоциацийн байдалтай тохиолддог ба газрын гадарга дээрх олон жилийн өгөршил, эрдсийн исэлдэлтийн процессийн дүнд арсенопирит нь скородит болон бусад төмрийн усан арсенатын байдалд шилждэг. Эдгээр эрдсүүдэд хүнцэл нь Аs5+ гэсэн ханасан валенттай, агуулагдах хүнцэлийн агуулга бага байх тул байгаль орчинд хорт нөлөөгүй юм.

Ууршихгүй, АsЗ+ болтол ангижрахгүй. Хүдэрт агуулагдах арсенопиритийн хүнцлийн агуулга 0.005-0.15 хувиас хэтэрдэггүй тул хүдрийн олборлолт, тээвэрлэлтийн үед байгаль орчинд аливаа сөрөг нөлөөгүй. Гагцхүү алтны хүдрийг боловсруулан, алтыг уусгах процессын үед технологийн аюулгүй ажиллагааг чанд мөрдөн ажиллах зайлшгүй шаардлагатай байдаг. Хэрвээ алтыг уусгасан уусмал нь гадагш алдагдвал байгаль орчинд хөнөөлтэй. Энэ тал дээр хяналтаа маш сайн тавьж ажиллах хэрэгтэй.

-Хаягдлын далангийн ус газрын хөрс рүү нэвчсэн байж болзошгүй гэх яриа гараад байгаа. Энэ үнэн юм уу?

-Энэ яриа огт худлаа. Учир нь 2009 онд Иргэний нийгмийн байгууллагууд энэ асуудлыг анх  хөндөж,  хаягдлын сан дээр хяналтын цооног шинээр гаргуулж шалгахад хөрсөнд нэвтрэлт явагдаагүй нь тогтоогдсон юм байна билээ.

Тус санд нийтдээ найман хяналтын цооног ажиллаж байгаа бөгөөд Гацууртын орд ашиглалтад орвол ажлын хэмжээ нэмэгдэнэ тэр хэмжээгээр хариуцлага нэмэгдэнэ. Тэгэхээр энэ олон жилийн туршлагатай компани энэ ажлаа амжилттай хийгээд явчих бүрэн бололцоотой гэж үзэж байгаа.

-Бороогийн алтны үндсэн ордод илэрсэн  хүнцлийн хэмжээ ямар байсан бэ. Ер нь хүнцэл ямар үед аюултай байдаг вэ?

-Бороогийн ордын алтны эрдэсжилт нь, цаашлаад Бороо-Зуун модны хүдрийн дүүрэг, Хойд Хэнтийн хүдрийн бүсийн хэмжээнд, “алт-хүнцэл”, “алт-мөнгө-сурьма” гэсэн эвшлүүдээр явагдсан байдаг нь Бороогийн ордын нөөцийг тогтоох болон олборлох явцад хийгдсэн шинжилгээ, судалгааны дүнгээр баталгаажсан байдаг.

Бороогийн алтны үндсэн ордын хүдэрт хүнцэл 50-5,500 г/тн, зарим тохиолдолд 10,000 г/тн хүртэл агуулагддаг бөгөөд энэ нь арсенопирит болон пиритийн хүчтэй эрдэсжилттэй, исэлдэлт өгөршилд ороогүй хүдрийн анхдагч бүсэд хүнцлийн агуулга ихэсдэг зүй тогтолтой уялддаг. Өөрөөр хэлбэл, хүнцэл нь Бороогийн ордын хүдрийн гол эрдэс болох арсенопирит болон пиритээс шууд эх үүсвэртэй юм.

Бороогийн үйлдвэрийн технологийн дагуу зутан дахь хүнцлийг төмрийн сульфаттай урвалжуулан тунадасжуулах явцад хүнцэл төмрийн арсенат FеАs04 хэлбэр буюу тогтвортой нэгдэл үүсгэн хатуу төлөвт шилжинэ. Технологийн процессын явцад хүнцлийг бүрэн тунадасжуулж, хаягдлын санд хүнцэл тогтвортой хэлбэрт байгаа эсэхийг тодорхойлох нэг гол шалгуур үзүүлэлт нь зутангийн шингэн фазад уусамтгай хэлбэрт байгаа хүнцлийн агууламжийг хянах явдал юм.

-Ер нь хүнцлийн эерэг сөрөг шинж чанарыг нь  хэлж өгөөч. Манайхны дийлэнх нь хор гэдэг талаас нь ойлгож  хүлээж аваад байгаа бололтой?    

-Ер нь органик бус хүнцлийг 2500 жилийн өмнөөс эмэнд хэрэглэж ирсэн бөгөөд 13 дугаар зуунд Европт нээсэн гэж үздэг. Анагаах ухааны салбарт нэлээд олон төрлийн эм эмийн бүтээгдэхүүн хийхэд ашиглагддаг бөгөөд анагаах ухаанд 19-20 дугаар зуунаас ашиглаж ирсэн байна. Хүнцлийн ангидридыг шүдний эмчилгээнд хэрэглэхээс гадна цусны цагаан бөөм ихсэх өвчний архаг хэлбэрийн үед эм болгон хэрэглэдэг.

Хүнцэл ба түүний нэгдлийн бэлдмэлүүд нь хүчтэй инсектицид, гирбицит, зооцид болдгоос гадна биологийн идэвхит микро элемент тул ургамал амьтны эд, эс шээсэнд бага хэмжээгээр агуулагдаж, хүн амьтны амьдралын үйл ажиллагааг зохицуулахад чухал үүрэг гүйцэтгэнэ.

Хүнцэл нь элэг, бөөр, дэлүү уушги, яс, үсэнд их хэмжээгээр хуримтлагдан хэдэн жилийн туршид бүрэн ялгардаггүй шинжийг нь ашиглан, шүүх эмнэлгийн шинжилгээнд хүнцлийн хордлогыг илрүү­лэхэд хэрэглэдэг.

Хүнцэл дутагдахад организмд гармоны зохицуулга, ферментийн идэвхжил, эдийн амьсгал өөрчлөгдөн, хэт исэлдэлт явагддаг. Үүнээс гадна хүнцэл нь иод, селен, фосфортой нэгддэг.

Хүнцэл илүүдэхэд үс унах, хоол боловсруулах эрхтэн хямрах, нүдний эвэрлэг бүрхэвч булингартах, хамрын таславч шархлах, хумс хугарамтгай болох, амт үнэр мэдрэмтгий болох зэрэг шинж тэмдэг илэрдэг.

ХҮНЦЛИЙН ХЭРЭГЛЭЭ

  • Төрөл бүрийн металлын хайлшны хатуулаг болон бат бөх чанарыг сайжруулахад ашиглана.
     
  • Хагас дамжуулагч, оронт тор бүхий хагас дамжуулагч зэрэг маш чухал технологийн ач холбогдол бүхий материалын синтезэд өндөр цэвэршилтэй хүнцэлийг (99,9999 хувь) ашиглана.
     
  • Хүнцлийн сульфидын нэгдлүүд нь уран зургийн будаг, арьс ширны үйлдвэрт хэрэглэгддэг.
     
  • Хүнцэл агуулсан люизит зэрэг органик нэгдлүүдийг цэрэг дайны зорилгоор хордуулагч бодис болгон хэрэглэж байсан байна.
     
  • Стамотологийн салбарт цус тогтоон, мэдрэл алдуулагч бодис болгон хэрэглэнэ.
     
  • Хүнцлийг хорт хавдрын эсийн өсөлтийг зогсоох, нойргүйдэх өвчний  эсрэг эмчилгээ, хайрст үлд болон цусан дахь цагаан бөөмний эсрэг эмчилгээнд өргөн хэрэглэж байна.
     
  • Хөдөө аж ахуйд натрийн арсенатыг хортон шавьжны устгалд ашиглана.
     
  • Шаазан ваарны үйлдвэрт будагны хольц болгон хэрэглэдэг.
Зураг