Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/12/04-НД НИЙТЛЭГДСЭН

2016: АШИГТ МАЛТМАЛЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ТӨЛӨВ

ikon.mn
2015 оны 12 сарын 4
iKon.MN
Зураг зураг

2016 оны зах зээлийн нөхцөл байдлыг төсөөлөхийн өмнө 2015 оны уналт нь мөчлөгийн хамгийн доод цэгтээ хүрсэн үү эсвэл зах зээлийн илүүдэл нийлүүлэлт нэмэгдэж уналт үргэлжлэх үү гэх асуултад хариулах шаардлагатай юм. Өөрөөр хэлбэл, зах зээлийн үнэ уналтын доод цэгтээ хүрсэн үү эсвэл цаашид үргэлжлэн унах уу?

Нэг баррель газрын тосны үнэ 2015 онд дундажаар 55 ам.доллартай тэнцэж байсан нь өмнөх жилээс 50 хувиар унасан үзүүлэлт юм. Мөн зэс, нүүрс болон төмрийн хүдрийн үнэ унасаар уул уурхайн компаниудын хувьцааны ханш хамгийн доод түвшинийхээ орчимд хэлбэлзэж байна.  

 

Зэс, никель зэрэг металууд нь газрын тосны үнийн бууралт болон арилжаачдын хятадын эдийн засгийн талаарх сөрөг төсөөллөөс үүдэн буурч байгаа бөгөөд бодит байдал дээр тэдгээр металуудын үнэ буурах шалтгаан бий болоогүй байгаа тухай Glencore зэрэг зарим уул уурхайн компаниуд тайландаа тусгасан байна.

Тэд Азийн бодит эрэлт хэвийн өсөлттэй байгаа бөгөөд харин ч өнөөдрийн үнийн түвшинд олон уул уурхайн төслүүд зардлаа нөхөх боломжгүй болж байгаа учир нийлүүлэлт буурах хандлагатай байгаа гэж тайлбарлаж байна. Өөрөөр хэлбэл тэд зэс, никель зэрэг металуудын үнийг эргэж өсөх бүрэн боломжтой гэж таамаглаж байна.

Нөгөө талаас дэлхийн нөлөө бүхийн банк болох Голдман Сакс болон Хятадад төвтэй томоохон хөрөнгө оруулалтын сангууд нь металуудын үнийг цаашид буурахаар төсөөлж байна. Хятадын эдийн засаг удааширч байгаа бөгөөд эрчим хүчний шинэ эх үүсвэр болон уул уурхайн төслүүдрүү чиглэсэн олон тэрбум долларын хөрөнгө оруулалтууд нь цаашид нийлүүлэлтийг нэмэгдүүлж, металын үнэ унахад нөлөөлнө гэж үзэж байна. Тэд үнэ нь өнөөдрийн бага түвшингээ урт хугацаанд хадгалах бөгөөд энэ нь нийлүүлэлтэд нөлөөлөн зах зээлийн тэнцвэрийг өөрчлөх болно гэжээ.

Ихэнх хөрөнгө оруулагчид нь өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд ашиг багатай ажилласан учир зах зээлийг богино хугацаанд эргэж сэргэхэд итгэлгүй байна. Барклей компанийн судалгаагаар энэ оны 8 сарын байдлаар бүтээгдэхүүний зах зээл дээр удирдагдаж буй хөрөнгийн үнэлгээ (asset under management) 259 тэрбум ам.доллар байгаа бөгөөд энэ нь сүүлийн 6 жилийн хамгийн бага үзүүлэлт болж байна. 2015 оны эхэнд бүтээгдэхүүний зах зээл дээр удирдагдаж буй хөрөнгө нь 259 тэрбум ам.доллар байжээ. Энэ онд S&P GSCI индексийн өгөөж 26.3 хувиар буурсан нь түүхэн дэхь хамгийн ихээр буурсан жилүүдийн тавдугаарх нь болж байна.

Үйлдвэрлэлийн металууд 

Хятадын эдийн засгаас хамааралгүй бүтээгдэхүүний зах зээл гэж байхгүй. Иймд шинжээчдийн Хятадын эдийн засгийн талаарх төсөөлөл нь металуудын үнэд шууд нөлөөлж байна.  

Бүтээгдэхүүний зах зээл дэхь хамгийн нөлөө бүхийн банк болох Голдман Сакс нь ирэх жилийн төгсгөлд зэсийн үнэ 4,500 ам.доллар байхаар төсөөлж байна. Өнгөрсөн сард зэсийн үнэ 4,481 ам.долларт хүрсэн нь сүүлийн 6 жилийн хамгийн доод үнэ болжээ.

Улаан металын 45 хувийг импортлодог Хятадын эдийн засгийн удаашрал Голдман Сакс банк зэсийн үнийг багаар төсөөлөхөд хүргэж байна.

Алт 

 

2011 онд трой унц алтны үнэ 1,902 ам.долларт хүрч бүх цаг үеийн хамгийн доод үнэдээ хүрсэнээс хойш алт нь 45 хувиар үргэлжлэн унаж 1,000 ам.долларт хүрч байна. Өнгөт металын үнийн төсөөлөл нь энэ оны сүүлээр АНУ-ын Холбооны Нөөцийн банкнаас бодлогын хүүг хэрхэн өөрчлөх шийдвэрээс шууд хамаарах юм.

Хэрэв Холбооны Нөөцийн банкнаас хүүний түвшинг өгсгөвөл алт худалдан авахын алдагдсан боломжийн зардал (opportunity cost) өсөх учир алтны үнэ 1,000 ам.доллараас доош орох тухай шинжээчид дүгнэсэн байна.

 

Gold chart

Хятад болон Энэтхэгийн металын бодит эрэлт өндөр хэвээр хадгалагдана. Олон хөрөнгө оруулагчид Хятадын төв банкыг алтны худалдан авалтаа үргэлжлүүлнэ гэсэн хүлээлттэй байгаа бөгөөд энэ нь алтны үнийг өсөх нэг шалтгаан болох юм.

HSBC-ийн шинжээчид “алтны үнэ сүүлийн таван жилийн хамгийн бага түвшиндээ өнгөрсөн сард хүрсэн учир 2016 онд эргэж өсөхөөр таамаглаж байна” гэжээ.

Газрын тос 

Хөгжингүй орнуудын газрын тосны нөөц нь хангалттай өндөр буюу 3 тэрбум баррель хүрсэн тухай Олон Улсын Эрчим Хүчний Агентлагаас мэдээлжээ. Иран Улс нь цөмийн хөтөлбөрөө цуцалж байгаа учир ирэх жилийн эхээр зах зээлд тус улсаас их хэмжээний газрын тосны нийлүүлэлт хийгдэхээр хүлээгдэж байна.

Гэвч олон шижээчид газрын тосны зах зээлийн нийлүүлэлт буурч эхлэнэ гэж таамаглаж байна. Баррель газрын тосны үнэ эргэж 100 долларт хүрэх хүлээлт байхгүй байгаа ч тэд ирээдүйн үйлдвэрлэл дэхь хөрөнгө оруулалтийг нэмэгдүүлэх шаардлагатай юм. Саудийн Араб нь газрын тосны үнийг 60-80 ам.долларын орчимд байна гэж таамаглажээ.

 

Нэг талаас газрын тос нь зарим улсуудын хувьд геополитикийн эрсдэлийг үүсгэдэг учир газрын тосны нөөц бүрдүүлдэг юм. Энэ нь дунд хугацаанд газрын тосны үнийг өсч болох тухай Citi-гийн шинжээчид дурьдсан байна.

Эгүлэ Капитал судалгааны компанийн шинжээчид бэлтгэв. Бидэнтэй research@egulecapital.mn хаягаар холбогдох боломжтой.

Эх сурвалж: http://ft.com/