Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/11/24-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол дахь Америк иргэдэд зориулсан АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨМЖ гарчээ

Р.Төмөр, ikon.mn
2015 оны 11 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Хилийн чанад дахь АНУ-ын иргэдийн аюулгүй байдалд анхаарал тавьж ажилладаг OSAC (Overseas Security Advisory Counsil) байгууллагын Монгол дахь иргэддээ зориулсан зөвлөмж өчигдөр тус байгууллагын вэбсайтад нийтлэгджээ.

Уг зөвлөмжийн гол агуулга нь Монголд гэмт хэрэг, тэр дотроо гадаадын иргэдийн эсрэг үйлдэгдсэн хэрэг өсөн нэмэгдэж байгаа тухай.

Зөвлөмжинд дурдсанаар Монголд гадаадын иргэдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэрэгт эд хөрөнгийн хулгай, халаасны хулгай голлодог боловч Элчин сайдын яам сүүлийн үед АНУ-ын иргэдийн биед халдсан, бэлгийн хүчирхийллийн тухай мэдээлэл хүлээж авах болсон талаар дурджээ.

Ингэхдээ эрэгтэй иргэд оройн цагаар баар цэнгээний газраар үйлчлүүлэх, ялангуяа энэ үедээ монгол эмэгтэй дагуулж яваа бол үндсэрхэг үзэлтнүүдийн халдлагад өртөж болзошгүйг сануулсан байна.

Мөн Ази гаралтай Америк иргэд Хятад, Солонгос, Япон хүмүүстэй андуурагдан мөн үндсэрхэг үзэлтнүүдийн халдлагад өртөж болзошгүй гэжээ.

2014 онд Монгол Улсын хэмжээнд бэлгийн хүчирхийллийн хэрэг буурсан ч нийслэл Улаанбаатар хотод 12.8 хувь өссөнийг дурдаад эмэгтэй иргэдийг ганцаар явахдаа болгоомжтой байх, согтууруулах ундаа хэтрүүлж хэрэглэхгүй байхыг зөвлөсөн байна.

 

Эх сурвалж: OSAC