ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/15-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Занданшатар: Энэ номыг уншаад Ардчилсан нийгэмд иргэдийн оролцоо, идэвх ямар чухал гэдгийг ойлгоосой

Монголын мэдээ
2015 оны 10 сарын 15
Монголын мэдээ
Зураг зураг

АНУ-ын Стенфордын их сургуулийн багш, Зөвлөлдөх ардчилал” төвийн захирал Жэймс С.Фишкиний бүтээл “Хүмүүс үзэл бодлоо илэрхийлэхүй” номыг УИХ-ын гишүүн асан судлаач Г.Занданшатар монгол хэлнээ хөрвүүлэн гаргасан байна. Уг номын нээлтийн ёслолын ажиллагаа Монголын үндэсний номын сангийн уншлагын танхимд өчигдөр боллоо. Энэ үеэр түүнтэй ярилцлаа.

-“Хүмүүс үзэл бодлоо илэрхийлэхүй” номыг монгол хэлнээ хөрвүүлье гэх санаа хэдийд төрсөн бэ?

-Сүүлийн жилүүдэд “Зөвлөлдөх ардчилал” гэж юу вэ, онцлог, Монгол оронд бий болох боломжтой эсэх талаар судалгааны ажил их явуулж байгаа. Тиймээс энэ онд “Үндсэн хууль ба Зөвлөлдөх ардчилал” онол практикийн бага хурлыг зохион байгуулсан. 
Энэ хуралд улс төр судлаач, улс төрийн намын төлөөллүүд, гадаад, дотоодын эрдэмтэд, оюутнууд гэх мэт нийгмийн бүхий л давхаргынхныг оролцуулсан үйл ажиллагаа болсон. 

Үүнээс үүдэн энэхүү номыг хөрвүүлэх, Зөвлөлдөх ардчилал гэх ойлголтыг олонд таниулж, ойлгуулах хэрэгцээ шаардлага их байсан учир орчуулсан. Нэг ёсондоо энэ бол “Зөвлөлдөх ардчилал” нэр томьёог ойлгох, таних хүсэлтэй хэн бүхний ширээний ном байх юм.

-Уг номын гол агуулга нь юу юм бэ?

-Монгол Улсад ардчилал үүсээд 20 гаруй жил боллоо. Энэ үнэхээр бидний хүссэн ардчилал мөн эсэх нь эргэлзээтэй асуудал хэвээр байсаар л байна. Магадгүй улс төр, эдийн засгийн хямралт байдлыг хэрхэн даван туулж болох талаар шийдэл эрэлхийлсэн, шийдлийг гаргахын талд зөвлөлдөх ардчиллыг хэрхэн ашиглаж болохыг санал болгосонд номын гол агуулга оршино. 

Ардчиллын эрх шалгуур нь иргэдийн оролцоог хангахад чиглэсэн байдаг. Энэ үнэхээр биелэгдэж байна уу эсэх талаарх бүрэн ойлголтыг эндээс авч чадна. Өөрөөр хэлбэл, олон улсын туршлагад тулгуурлан манай орны өнөөгийн улс төр, нийгэм эдийн засгийн нөхцөл байдалтай төстэй орнууд “Зөвлөлдөх ардчилал”-ын хэлбэрийг хэрхэн хэрэгжүүлж буй талаар байгаа талаар тод тусган өгсөнд гол агуулга нь илэрхийлэгдэнэ.

-Зөвлөлдөх ардчиллын давуу тал, хамрах хүрээ гэж юу вэ?

-Монгол хүний саруул ухаанд итгэхийг хэлж байгаа юм. Энэ нь юу гэхээр Монгол хүний төлөө гэсэн язгуур эрх дор санамсаргүй түүвэр сонголтоор цугларсан хүмүүс тухайн асуудлыг зөвлөлдөн тунгааж, дэнслэн шүүгээд асуудалд шийдэлд гаргахыг Зөвлөлдөх ардчилал гэсэн үг л дээ. 

Ардчиллын эрх шалгуур нь иргэдийн оролцоог хангахад чиглэсэн байдаг. 

Хамрах хүрээ нь Монголын бүх иргэд юм. Энэхүү ардчилал Монголд хөгжсөнөөр энэ улс төрийн асуудалд миний үзэл бодол нэг их ач холбогдолгүй хэмээн үздэг идэвхгүй иргэдийн оролцоо, хандлага өөрчлөгдөх юм. Энэхүү ардчилал Монголд хөгжихөөс өөр арга алга. Учир нь иргэд төрийн өндөрлөг, албан тушаалтнуудад итгэх хүн алга.

Тиймээс шийдвэрийг хамтдаа, Зөвлөлдөх ардчиллын зарчмаар шийдэж сурах нь их чухал юм. Ер нь бол иргэд тэгш эрхтэй мэдээлэл хүртэж, оновчтой шийдэх боломж бүрдэнэ. Ингэснээр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хүрээнд томоохон өөрчлөлт, дэвшил бий болж, оюун санааны төвшинд хувьсал гарах юм.

-Фишкиний бүтээл “Хүмүүс үзэл бодлоо илэрхийлэхүй” номыг хэдий хугацаанд хөрвүүлсэн бэ?

-Номыг гурван сарын хугацаанд хийсэн. Мэргэжлийн үг хэллэг, ойлголтыг энгийн, мэргэжлийн бус хүмүүс уншаад шууд ойлгохоор байгаасай хэмээн хүсч, хичээж ажилласан юм.

-Таны хөрвүүлсэн номноос иргэд юуг олж хараасай гэж бодож байна?

-Ардчилсан нийгэмд иргэдийн оролцоо, идэвх ямар чухал гэдгийг, Зөвлөлдөх ардчиллын мөн чанарыг ойлгоосой гэж бодож байна. Нэгдсэн үзэл санаа, шийдэлд хүрэх нь хөгжлийн нэгэн гарц, ард иргэдийн оролцоо, санал шийдвэр гаргахад чухал нөлөөтэй байдаг юм шүү гэх үндсэн ойлголтыг аваасай.

 

Зураг