Шийдлийн Засгийн газраас хэмнэлтийн горимд шилжих гэдэг үгийг брэнд болгохоор төлөвлөн, шижигнэсэн санаанууд гаргаад байгаа. Харамсалтай нь энэ нь ердөө л хоосон шоу төдий зүйл болж, нүглийн нүдийг гурилаар хуурав гэгч болж таг зогсох бололтой.
Өнгөрсөн хавар буюу хоёрдугаар сард л гэхэд Шийдлийн Засгийн газрын тэргүүн хоосорч буй төсөвтөө хэдэн төгрөг тогтоон барихын тулд төрийн албанд ашиглаж буй том болон дунд оврын жийпүүдийг хураан авахыг үүрэгдсэн.
Мэдээж энэ асуудал цоо шинэ биш бөгөөд урьд нь байсан гэдгийг ч тухайн үед нь холбогдох мэргэжилтэн нь хэлж байсан. Учир нь 2007 онд “Суудлын автомашины талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол гарч байв. Харамсалтай нь энэ огт хэрэгжээгүйгээр барахгүй байнга шинэ машинууд төрийн албанд нэмэгдэж, урсгал зардал нь ч өссөөр ирсэн байдаг.
Хэмнэлтийн горимын дагуу, Ерөнхий сайдын үүргийг биелүүлж Төрийн өмчийн хороо дээрх автомашинуудаас өнөөгийн байдлаар 110 гаруй машин хураасан аж. Хэрвээ дарга нар ядаж л 800 гаруй том оврын жийпээ хураалгачихвал урсгал зардал зэрэг нь нийлээд жилд 50 гаруй тэрбум төгрөг хэмнэх боломжтой гэсэн судалгаа ч гарсан. Уг нь дээрх хөрөнгө төсөвтэй харьцуулахад өчүүхэн боловч хямарсан эдийн засагтай манай улсад бол багагүй мөнгө.
Гэвч өнгөрсөн хавраас хойш автомашин хураах ажлыг хийж байгаа ч энэ нь эхний саруудад л идэвхитэй өрнөж, сүүлдээ шоуны шинжтэй болж, гацжээ.
Түүгээр ч зогсохгүй тэдгээр автомашиныг хурааж, дараах зохицуулалтыг нь хийж гүйцэтгэх учиртай Төрийн өмчийн хороог ирэх онд татан буулгах талаар яригдаж эхлээд байгаа. Учир нь тус агентлагийг татан буулгачихвал багагүй хөрөнгө хэмнэнэ гэж үзэж байгаа юм. Өөрөөр хэлбэл 51 албан хаагчтай энэ хорооны бүх зардал нь жилдээ 800 орчим сая төгрөг байдаг гэнэ.
Машинуудыг хураавал жилдээ 50 гаруй тэрбумыг хэмнэх атал 800 саяыг хэмнэх тухай яригдаж байгаа нь тун сонирхолтой гэхээс аргагүйд хүрч байна. Түүнчлэн тус хорооны нэр татан буулгах агентлагуудын тоонд багтсанаар машин хураах гэдэг ажил ашиглагчид “Төрийн өмчийн хороог татан буулгана гэж байхад яахаараа машин авах гээд байгаа юм бэ” гэдэг асуултыг тавиад унаагаа юүлэхгүй хэмээн гүрийх болсон байна.
Энэ бол Засгийн газар хэмнэлтийг хэрхэн, яаж хийх вэ гэдгээ бодолцохгүй бол эхлүүлсэн ажлаа нөгөө гараараа боомилон устгаж байгааг нь бататгаж буй хэрэг. Анх машин хураах тухай яриа гарах үест төсвөөс бага ч гэсэн хэмнэлт хийнэ гэж байсан ч машины хэмнэлтээс тав дахин бага агентлагийг татан буулгах нь ердөө л дарга нар, том оврын жийп хэрэглэхээ больсон гэх шоуны хэсэг болох нь.
Түүнчлэн Ерөнхий сайд өнгөрсөн сард Сангийн сайдад гадаад, дотоод томилолт сургалт, хурал, зөвлөгөөн, эд хогшил худалдаж авах зэрэг тэвчиж болох бүх зардлаа царцаах, улстөрийн өндөр албан тушаалтнуудын энэ оны сүүлийн гурван сарын цалинг 30 хүртэл хувиар бууруулах саналтай байгаагаа дуулгаж, Б.Болор сайд ч судалж үзнэ гэж амалсан. Хэрвээ энэ нь биеллээ олвол 2,930 хүний цалингийн хэмнэлт 1.8 тэрбум төгрөг болох аж.
Хэрвээ энэ нь биеллээ олвол 2,930 хүний цалингийн хэмнэлт 1.8 тэрбум төгрөг болох аж.
Одоогоор оны эхний найман сарын байдлаар улсын төсөв 650 орчим тэрбум төгрөгөөр тасалдсан бөгөөд жилийн эцэст 900 тэрбумаас нэг их наяд төгрөгт хүрэх тооцоо бий гэж салбарын сайд нь хэлээд байгаа. Албан тушаалтнууд цалингаа хасуулчихвал төсвийн алдагдлын хоёр орчим хувийг нөхөх боломжтой аж.
Энэ бол ердөө л тооцоо, төлөвлөгөө. Гэтэл үүнээс их хэмжээний мөнгө хэмнэх аргуудаа огтхон ч хэрэгжүүлэх яриа, төдий болгож үлдээгээд байгаа нь ирэх оны сонгуулийг угтсан популист үйлдэл болж хувирах гээд байна.
Магадгүй дуслыг хураавал далай гэдэгчлэн бүхий л салбар, боломжит нөхцөл бүрийг судалж, таналт хийхээр оролдож байгаа байх. Гэхдээ зөв цагт, зөв газраа гэдэг шиг илүү их хөрөнгийг хэрхэн танаж, төсөвтөө нэмэр болгох вэ гэдгээ сайн тунгаах шаардлагатай гэдгийг УИХ дахь сөрөг хүчнийхэн болон мэргэжилтнүүд хэлж байгаа. Тэгэхээр Засгийн газрын зүгээс хэлснээ ажил болгож, үүрэгдсэнээ үргэлжлүүлж, бодит болгох шаардлагатайг анхаарах цаг болжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!