Саяхан АНУ-ын засаг захиргаа Тоёота корпорациас яагаад Исламын улс бүлэглэл олон тооны автомашиныг нь хэрэглэдэг талаар асуулга тавьсан.
Тэгвэл Иракийн АНУ дахь элчин сайд Люкман Файли ABC-д ярихдаа Исламын улс олон зуун Тоёота пикап машин хэрэглэж байгаад ихэд гайхаж өөрийн хөрш орнуудаас энэ талаар асуусан гэжээ.
Элчин сайд “тэд цоо шинэ, дөрвөн дугуйгаар зүтгэдэг ийм машиныг хаанаас хэдэн зуугаар нь оруулж ирдэг вэ?” хэмээн гайхан ярьсан байна.
Тэгвэл Исламын улс нь Тоёотаг өргөн хэрэглэдэг анхны зэвсэгт бүлэглэл биш гэнэ.
Энэ тухай 2010 оны Newsweek сэтгүүлд Рави Сомаяа “сүүлийн хэдэн арван жил Toyota Hilux пикап машин хэд хэдэн экстремист хөдөлгөөний тогтсон унаа болсон тухай” бичиж байжээ.
Энэ нийтлэлд хуучин АНУ-ын армийн албан хаагч байсан, одоо Ойрх Дорнодын асуудал хариуцсан туслах нарийн бичгийн дарга Эндрю Экзюм “хаа сайгүй Toyota Hilux…энэ бол зэвсгээр бол АК47 гэсэн үг. Бослого хөдөлгөөн гаргагчдад энэ бол хамгийн тохиромжтой унаа. Манай Humvee (байлдааны зориулалттай Hummer)-нүүд үүний хажууд хүчин мөхөсддөг” гэж байжээ.
Абериствиф Их сургуулийн стратеги судлалын мэргэжилтэн Аластаир Финлан мөн энэ тухай “хурдан, маневр сайтай, даац сайн, 50 калибрийн автомат бууг суурилуулахад хамгийн боломжтой унаа” гэж тодорхойлсон байна. Энэ буу нь сумны хантааз болон хөнгөн хуягласан машиныг нэвтлэх чадвартай зэвсэг гэнэ.
Бүр дэлхийн халуун цэгүүдэд өрнөж байсан бослого тэмцэл, партизаны дайнуудын зургуудаас харахад хамгийн анхны Toyota Hilux 60-аад оны сүүлээр харагдаж эхэлсэн байдаг гэнэ.
Түүнээс хойш энэ машин Сомалийн далайн дээрэмчид, Пакистан, Никарагуа, Этиоп, Руанда, Либери, Ардчилсан Конго, Ливан, Иемен, Иракийн тэмцэгчдийн шалгарсан унаа болж, тэр ч байтугай Америкийн тусгай хүчнийхэн энэ машины Америк хувилбар болох Toyota Tacoma-г зарим ажиллагаанууддаа ашиглаж иржээ.
Харин одоо Исламын улс бүлэглэлийн гаргаж байгаа суртал нэвтрүүлгийн видео дүрснүүд дээр шинэ болон хуучин загварын Hilux-үүд, бас Toyota Landcruiser гарах болсон байна.
Тэдний заримын бөөрөн дээр Исламын улсын далбааг зурж ре-брэндинг хийсэн байдаг.
НҮБ дэх АНУ-ын элч төлөөлөгч байсан Марк Уоллос “Toyota Hilux Исламын улс бүлэглэлийнхний гол тээврийн хэрэгсэл, бараг брэндийнх нь салшгүй хэсэг болоод байна” хэмээн ABC-д ярьжээ.
Харин Тоёота корпораци өөрийнх нь машинуудыг Исламистуудад хэрхэн хүрч байгааг мөрдөх боломжгүй, ямар нэг дундын дамжуулан борлуулагчаас авч байгаа байх гэсэн байр суурьтай байна.
Эх сурвалж: Business Insider, Newsweek
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
18 СЭТГЭГДЭЛТЭЙ
|