Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/08/27-НД НИЙТЛЭГДСЭН

Оросын валютын “ХАР ӨДРҮҮД”

Б.Ууган, iKon.mn
2015 оны 8 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн жил газрын тосны үнийн уналт, АНУ тэргүүтэй барууны орнуудын тавьсан эдийн засгийн хориг арга хэмжээний улмаас Оросын эдийн засаг сөхрөхөө дөхөж, рублийн ханш доод цэгтээ хүрэн, Оросын төв банк шуурхай зөвлөл хуралдуулан, бодлогын хүүгээ нэмснээр хэсэг зуур “гал унтраагаад” авсан. 

2014 оны хар өдрөөс хойш хэсэг хугацаанд үндэсний валютаа тогтоон барьж чадсан ч сүүлийн үед дэлхийн зах зээл дээр Оросын эдийн засгийг гол хөшүүргүүдийн нэг болох “хар алт”-ны үнэ унасантай холбоотойгоор доллартай харьцах рублийн ханш эрс унаад байна. Цаашид хэрхэх талаар албаныхан төрийн тэргүүнтэйгээ хэлэлцэж байх зуур ирэх намар бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэнэ гэж эмээсэн Оросын иргэд дэлгүүрийн лангууг хоосолж эхэлжээ. Тэд нэн тэргүүнд ахуйн цахилгаан хэрэгсэлд ихээр мөнгө зарцуулж байгаа гэнэ. 

Wikimart цахим дэлгүүр гэхэд л наймдугаар сарын 24-25 ны хоорондох захиалга нь өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад 30 хувиар өссөн дүнтэй гарчээ. Иргэд зурагт, угаалгын машин авах нь хоёр дахин нэмэгдсэн бол хөргөгчийн худалдан авалт 25 хувиар өссөн байна.

Мөн хүүхдийн машины суудал, автомашины тоноглолуудын захиалга хоёр дахин нэмэгджээ. Өөр нэгэн цахим дэлгүүрийн тооцооллоос харахад иргэдийн худалдан авалт өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад 70 хувиар харин өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 200 хувь өссөн байна.

Энэ бүх худалдан авалтын урсгал валютын ханш тогтмол өсч байгаатай холбон тайлбарлаж байна. Учир нь рубльтэй харьцах ам долларын ханш эрс өссөнтэй холбоотойгоор худалдаа эрхлэгчид гадаад валютын ханштай уялдуулан бараа бүтээгдэхүүний өртгийг тэнцвэржүүлэх үүднээс үнээ нэмнэ гэж мэдэгдэж байсан юм.

Тиймдээ ч цаашид гадаад валютын ханш өссөөр байвал бизнесийн тэнцвэртэй байдлыг хадгалахын тулд үнэ нэмэхээс аргагүй болох тул иргэдийг ойрын үед худалдан авалт хийх нь зүйтэй гэж худалдаа эрхлэгчдээс зөвлөжээ.


Доллар, евротой харьцах рублийн ханш унасаар байгаа нь өмнө нь тохиож байгаагүй “цоо шинэ” үзэгдэл биш,  Оросын валютын ханш хэдэнтээ унаж, оросуудыг сандаргаж байсан тохиолдлуудыг дор дурдъя. 

1992 оны хар Мягмар гараг 

1992 оны 9-р сарын 22-ны өдөр Оросын хувьд хар өдрүүдийн эхлэл болсон юм. Энэ өдөр рубльтэй харьцах долларын ханш 14,73 хувиар буюу 205,5 рубль байснаас 241 рубль болж нэмэгджээ. Хэвлэл мэдээллийнхэн энэ өдрийг шууд л хар Мягмар гараг гэж нэрлэсэн юм. Үндэсний валют ийнхүү унахад зарим төрлийн эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулах шинэ үнэд шилжих тухай Ерөнхийлөгч Борис Ельциний тушаал нөлөөлж байлаа,  энэ тушаалд есдүгээр сарын 17-ны өдөр гарын үсэг зурсан байдаг.

Газрын тосны бүтээгдэхүүн, тээврийн үйлчилгээ, дулаан болон цахилгаан эрчим хүч, хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэнээр инфляцын урсгалыг дахин нэмэгдүүлжээ. Түүнчлэн хар Мягмар гарагт нөлөөлсөн өөр нэг хүчин зүйл нь зээл өссөн, экспорт буурч, аж үйлдвэр уналтад орсон зэрэг нөхцөлүүд байлаа. Улмаар 10 дугаар сарын нэгний өдөр долларын ханш дахин нэмэгдэж, энэ удаад 309 рубльд хүрсэн байв. 

1994 оны хар Мягмар гараг 

 

Ер нь л Мягмар гараг оросуудын хувьд “час өдөр” гэлтэй. Оросын эдийн засгийн хоёр дахь хар өдөр нь 1994 оны 10 дугаар сарын 11-нд тохиосон юм. Ердөө ганцхан өдрийн дотор хөрөнгийн бирж дээр долларын ханш 27 хувиар өсч, 3,081 рубль байснаа 3,926 рубль болтлоо өсчээ. Үүнд олон үйл явдал нөлөөлсөн. 1994 онд Орост эдийн засгийн уналт, ДНБ-ий хэмжээ багасах, инфляц нэмэгдэх гээд эдийн засгийн хамгийн таагүй үзүүлэлтүүд ар араасаа гарсаар байсан юм.

Хөрөнгийн урсгал гадагш чиглэж, банкны салбарт асуудал цуварсан нь иргэд болон бизнесменүүд ирээдүйд итгэх итгэлийг үгүй хийсэн гэхэд болно. Үнэт цаасны , санхүүгийн пирамидад үл итгэх болсноор долларын эрэлт асар ихээр нэмэгджээ. Мөн Оросын эрх баригчид олон улсын байгууллагаас авсан зээл ч эдийн засгийг “долларжуулахад” түлхэц болсон юм.

Эдийн засгийн ийм нөхцөл байдал үүссэн үед хар Мягмар гараг тохиох нь гарцаагүй зүйл байлаа. Ингээд л 10 дугаар сарын 11-ны өдөр долларын ханш ганцхан өдрийн дотор 27 хувиар нэмэгдэж, санхүүгийн хямралын улмаас дотоодын банкны систем нь хохирч үлдэв. Валют арилжаа эрхэлдэг жижиг газрууд тэр чигтээ дампуурч, харин хар Мягмар гарагийн “балгаар” Оросын Төв Банкны дарга Виктор Геращенко, Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Сергей Дубинин нар огцорч байв. 

1998 оны дампуурал 

 

Орост төрийн өрийн үндсэн төрлүүдийн техникийн дампуурал наймдугаар сарын 17-ны өдөр зарлагдсан юм. Тухайн үеийн засгийн газрын тэргүүн Сергей Кириенко “санхүүгийн болон төсвийн бодлогыг хэвийн болгоход чиглэгдсэн цогц арга хэмжээ” авахаар болсон тухай мэдэгдсэн нь дампуурлаа зарласныг илтгэж байсан юм. Зээлийн үүрэг, шуурхай зах зээл дээрх арилжаа, барьцааны үйл ажиллагааны биелэлтийг ер хоногийн хугацаанд зогсоов. Түүний зэрэгцээ Засгийн газраас рублийн ханшийг тогтоон  барихаас татгалзаж, хөвөгч ханшид шилжүүлж байгаагаа зарласан юм.

Наймдугаар сарын 18-наас есдүгээр сарын 9-ний хооронд рубльтэй харьцах валютын ханш 3,2 дахин өсч, бараа бүтээгдэхүүний үнэ “тэнгэрт хадав”. Долоогоос 11 дүгээр сарын хооронд хүнсний бүтээгдэхүүний үнэ 63 хувиар харин бусад төрлийн бараа бүтээгдэхүүний үнэ 85 хувиар өсчээ.

1998 оны дампуурлыг албан ёсоор зарласны дараа банкууд хэсэг хугацаанд хадгаламж гаргахаа больж, харин наймдугаар сарын 23-ны өдөр Борис Ельцин Засгийн газрын тэргүүн Сергей Кириенког огцруулах тушаал гаргасан бол есдүгээр сарын 11-нд Төв Банкны тэргүүн Сергей Дубинин огцорчээ.

Эдийн засгийн хямрал, Оросын валют үнэгүйдэхэд инфляцыг бууруулах зорилготойгоор рублийн ханшийг зохиомлоор өсгөсөн. Азийн орнууд дахь хямрал, нүүрс устөрөгчийн дэлхийн зах зээлийн үнэ эрс өссөн гэсэн нөхцөлүүд нөлөөлсөн юм. Дампуурлын дараах дөрвөн жилд ч рублийн ханш сул хэвээр байв. 

2008-2009 оны санхүүгийн хямрал 

Энэ үеийн хямралаас зайлсхийх аргагүй байсан гэдгийг шинжээчид онцолдог. 2008 оны хоёрдугаар хагасаас 2009 оны нэгдүгээр сарын хооронд доллартай харьцах рублийн ханш 58 хувиар буурчээ. АНУ-ын  Dow Jones-ын индекс болон Европын голлогч хөрөнгийн зах зээл дээрх индексүүд буурсан, түүнчлэн Оросын санхүүгийн зах зээл хямарснаар ийнхүү рублийн ханшийн уналт болсон байна.

 

Энэ хугацаанд Оросын Төв банкнаас шаардлагатай гэгдэх бүхий л арга хэмжээг авсан ч энэ хугацаанд 24,5 рубльтэй тэнцэж байсан ам долларын ханш 36,5 рубльд хүрч, 2008 оны наймдугаар сараас 2009 оны хоёрдугаар сарын хооронд хөрөнгийн зах зээлийн уналт үргэлжилжээ. Гадагш чиглэх хөрөнгийн урсгал зөвхөн 2008 оны хоёрдугаар хагаст гэхэд 100 тэрбум доллараас давж, газрын тосны үнэ бараг л хоёр дахин унажээ. 2009 онд хөрөнгийн зах зээл болон хар алтны үнэ аажмаар сэргэсэн ч хямралаас өмнөх үеийн үзүүлэлтэд хүрээгүй юм. 

2014-2015 оны рублийн ханшийн уналт 

2014 оны 12 дугаар сарын 16-ны өдөр рублийн ханш эрс унаж, тухайн үед арилжааны үеэр ам.доллартай харьцах Оросын валют 80 рубль болж, харин евротой харьцах ханш нь 100 рубльд хүрч байв. Биржийн арилжаа эрхлэгчид энэ үйл явдлыг цочирдом нөхцөл гэж нэрлэж,  Оросын Төв банк шөнө дөлөөр шуурхай хуралдаж,  бодлогын хүүгээ 10,5 байсныг 17 хувь болгож өсгөсөн ч рублийн ханш унасаар л байлаа.

2014 оны дөрөвдүгээр улиралд газрын тосны үнэ эрс буурч, үүнтэй уялдаатайгаар рубльд итгэх итгэл суларсан нь рублийн ханш огцом унахад нөлөөлсөн гэж шинжээчид үзэж байсан юм. 2015 оны дөрвөөс тавдугаар сарын хооронд рубль дахин чангарч, зургаадугаар сарын эхээс долоодугаар сарын дунд үе хүртэл газрын тосны үнэ тогтвортой байлаа. Ам долларын ханш 52-55 рубль, харин еврогийнх 60-62 рублийн хооронд хэлбэлзэж байв. Гэвч зах зээл дээрх газрын тосны илүүдлээс хөрөнгө оруулагчид эмээж байсны улмаас газрын тосны үнэ дахин унаснаар рублийн ханш сулрав.

Эх сурвалж: vesti.ru, dni.ru