Нийтийн тээврийн газрын удирдлагууд болон “Улаанбаатар смарт карт” компанийн төлөөллүүдОфицеруудын ордноос Таван шар хүртэл чиглэлийн угсраа автобусанд сэтгүүлчидтэй хамт зорчиж, нийтийн тээврийн шинэчлэл, шинэ чиглэл болон смарт картны талаарх мэдээллийг дэлгэрэнгүй байдлаар газар дээр нь өгөх зорилгоор автобустай аялал хийлээ.
Автобустай аялалд Нийтийн тээврийн газрын орлогч дарга О.Түшиг, Нийслэлийн тээврийн газрын Зорчигч тээврийн үйлчилгээний хэлтсийн дарга Г.Доржпалам, Нийслэлийн Тээврийн газрын тээврийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.Галбадрах, “Улаанбаатар смарт карт” компанийн гүйцэтгэх захирал Б.Мөнхболор болон Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын Хөдөлгөөний хяналтын хэлтсийн дарга Ц.Ариунболд нар оролцсон. Энэ үеэр нийтийн тээврийн шинэчлэлийн хүрээнд хийж буй ажлуудыг албан хүмүүсээс тодруулсан юм.
/Нийслэлийн тээврийн газрын тээврийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга/
-Нийтийн тээврийн шинэчлэлийн хүрээнд автобусны чиглэлд ямар өөрчлөлтүүд гарсан бэ?
-Өмнө нь 81 чиглэлд 985 тээврийн хэрэгсэл иргэдэд үйлчилдэг байсан бол шинэ төлөвлөлтийн дагуу одоогийн байдлаар 73 чиглэлд 996 тээврийн хэрэгсэл үйлчилгээ явуулж байна. Автобусны чиглэлийн тоо багассан боловч тээврийн хэрэгслийн тоо нэмэгдсэн.
Автобусны чиглэлийн тоо багассан боловч тээврийн хэрэгслийн тоо нэмэгдсэн.
Учир нь автобусны давхцал ихсэж замын хөдөлгөөнд ачаалал үүсгэж байгаа учраас зарим чиглэлийн автобусны тоог багасгасан. Тухайлбал, Энхтайвны өргөн чөлөөний дагуу 19 чиглэлд 350 автобус явдаг байсан бол 11 чиглэлд 216 автобус явуулахаар болсон.
-Иргэдийн зүгээс богино эргэлтийн автобусанд бага зэрэг шүүмжлэлтэй хандаад байгаа. Богино эргэлтээр автобус явуулах нь ямар ач холбогдолтой вэ?
-Улаанбаатар хотод өнөөдрийн байдлаар таван чиглэлийн 50 гаруй автобус богино эргэлтийн чиглэлтэй иргэдэд үйлчилж байна. Нийтийн тээврийн нийт чиглэлийн 30 хувь нь өөрчлөгдөж үлдсэн 70 хувь хуучин хэвэндээ байгаа. Автобусны урд болон баруун талд явах чиглэлийг харуулсан бичгийн өнгө, хэлбэр өөрчлөгдсөн болохоор иргэд бага зэрэг төөрөгдөлд ороод байх шиг байна.
Өмнө нь автобуснуудын хооронд давхцал их гарч, замын хөдөлгөөнд ачаалал үүсгэж цаг их алддаг байсан. Үүнээс болж иргэдийн автобус хоорондын хүлээлтийн хугацаа нэмэгдсэн учраас богино эргэлтийн автобусыг явуулахаар болсон. Иргэдэд богино эргэлтийн автобусаар үйлчилснээр цаг алдахгүй, замд түгжрэхгүй явах давуу талтай юм.
-Угсраа автобус үйлчилгээнд гараад удаагүй байгаа хэрнээ иргэдийн шүүмжлэл дагуулах боллоо. Саяхан угсраа автобус дундуураа салж, хоёр иргэн бэртсэн. Энэ тал дээр ямар тайлбар өгөх вэ?
-Бид Беларусь улсад үйлдвэрлэсэн нэг нь 390 сая төгрөгийн үнэтэй 20 ширхэг угсраа автобусыг авчирсан. Угсраа автобус нь хөгжлийн бэрхшээлтэй, ахмад настай иргэдэд зориулсан намхан шаттай. Мөн хоёр давхар зузаан цонхны шилтэй учир өвлийн улиралд цантахгүй. Түүнчлэн олон зорчигч дараалал үүсгэхгүйгээр орох таван хаалгатай. Тиймээс угсраа автобус нь нийтийн тээврийн хэрэгслээр зорчигчдод тулгарч байсан асуудлуудыг шийдэж өгч байгаа юм.
Саяхан угсраа автобус дундуураа саллаа гэх мэдээллүүд гарч, сэтгүүлчид үүнийг автобусны техниктэй холбон тайлбарлаж байсан. Гэвч яг үнэндээ замын бохир зайлуулуулах хоолойн таг мултарч үсрээд автобусны шалыг цөмөлсөн учраас уг осол гарсан. Тиймээс уг осол нь замын нөхцөл байдлаас шалтгаалан үүссэн хэмээн тайлбарлах нь зөв юм. Гэхдээ угсраа автобусны хаалга, цонх гацах зэрэг багагүй техникийн асуудлууд гарч байгааг үгүйсгэхгүй. Бид тэрхүү асуудлыг тухай бүрт нь шийдвэрлэж дахиж асуудал үүсгэхгүй байх тал дээр анхаарч ажиллах болно.
/Нийтийн тээврийн газрын орлогч дарга/
-Нийтийн тээврийн хэрэгслүүд цахим картын системд шилжсэнээр ямар өөрчлөлт орж байна вэ?
-Бид эхний ээлжинд цахим картыг системийг Улаанбаатар хотод нутагшуулах нь чухал байгаа юм. Иргэдийн дийлэнх нь картаар зорчдог болчихвол бид цаашид юуг сайжруулах, өөрчлөх тал дээр судалгаа хийх боломжтой болно.
Тиймээс иргэдийг яаралтай карттай болгож жигдрүүлэхийн тулд картгүй иргэдийг мянган төгрөгөөр зорчуулахаар болоод байгаа юм. Одоогийн байдлаар “U money” карт ашиглаж буй иргэдийн тоо цөөхөн байгаа учраас нарийн тооцоо, судалгаа хийх боломжгүй байна.
-Нийтийн тээврийн шинэчлэлд хэчнээн төгрөг зарцуулаад байна вэ?
-Бид 20 ширхэг угсраа автобусыг Монголд оруулж, 1,200 ширхэг хуучин автобуснуудад тоног, төхөөрөмж, хяналтын камер болон цахим төлбөрийн системзэргийг суулгаснаар нийтдээ 13.2 сая ам.долларыг зарцуулаад байна.
-Оюутнууд өнгөрсөн хавар захиалсан төрийн банкны смарт карт болон “U money” картыг давхар ашиглаж, өдөрт хоёр удаа үнэгүй зорчихоор болсон нь үнэн үү?
-Одоохондоо эцсийн шийдвэр гараагүй байна. Гэхдээ бид Улаанбаатар хотод суралцаж буй 113 мянган оюутныг үнэгүй зорчуулах нь санхүүгийн алдагдалд оруулж байгаа. Тийм учраас өдөрт хоёр удаа үнэгүй зорчуулах зохицуулалт хийхээр төлөвлөөд байна.
МОХ-ны зүгээс оюутнуудыг ямар нэг хязгаарлалтгүйгээр үнэгүй зорчуулах санал тавиад байгаа. Гэвч бид өөрсдийн төсөвт тохируулан зохицуулалт хийснээр л алдагдалд орохгүй ажиллах боломжтой болно. Тэгэхээр оюутнууд “U money” картаа уншуулж, төрийн банкны картыг оюутан гэдгээ гэрчлэх бичиг баримт болгон ашиглаад өдөрт хоёр удаа үнэгүй зорчихоор болоод байна.
-Иргэдээс “U money” карт цэнэглэхэд шимтгэл авахаа больсон гэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй яриач?
-Одоогийн байдлаар 240 мянган иргэд “U money” картыг ашиглаж байна. Хотын хэмжээнд автобусны буудлын ойролцоох ТҮЦ, дэлгүүрүүд, зар мэдээ, сонин борлуулах цэгүүд зэрэг нийт карт борлуулах 370 орчим цэг ажиллаж байгаа юм. Картыг цэнэглэхэд цэнэглэх хэмжээнээс хамаарч 50-200 төгрөгийн шимтгэл авдаг байснаа больсон.
Уг шимтгэл нь тухайн карт цэнэглэх цэгийн үйл ажиллагааны орлого болж байсан бол цаашид “Улаанбаатар смарт карт” компани цэнэглэлт хийсэн хэмжээний нэг хувийг тухайн карт цэнэглэх цэгт өгч байхаар боллоо. Мөн цэнэглэх цэгүүдэд 300 мянгаас нэг сая төгрөг хүртэлх хүүгүй цэнэглэх зээл олгох ажлыг эхлүүлж байна. Тухайн цэгийн орлого, найдвартай ажиллагаа, иргэдэд үйлчилж байгаа байдал зэргээс хамааран хэмжээг тогтоохоор болсон.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!