Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/06/15-НД НИЙТЛЭГДСЭН

K.Д.ОССОН: Тэмүжин Наймануудыг ялсан нь, тэдний ханы үхэл

ikon.mn
2015 оны 6 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Наймануудын хан Тай буга буюу Таян хан монголчуудын ингэж хүчирхэгжиж байгаад сэтгэл түгшиж онгуд аймгийн тэргүүн Алахуш Тэгинд (Alacoush-Tekin) элч илгээж энэхүү хүчирхэгжин гарч ирж байгаа нэр төрд дурлагчийн эсрэг хүчээ нэгтгэх санал тавьсан байна.

Чингэхдээ тэрээр монголчуудын оршин амьдардаг ой модот газар орныг дайруулан Тэмүжинг “ойн ноён” хэмээн басамжлах, доромжлох маягаар нэрлэсэн байлаа. Түүний энэ саналын талаар Алахуш ноён Тэмүжинд даруй мэдэгдэж өөртэй нь найрамдалтай байхаа илэрхийлсэн байна. 

Найманы ханы дайсагнасан санаа бодлыг мэдсэн Тэмүжин түүнээс өрсөж цохилт өгөхөөр шийдэж 1204 оны хавар Тэмэгэ гол дээр хурилдай хийжээ. Жанжин ноёд нь санал нэг байсан хэдий ч жилийн энэ улиралд адуу мал нь нэн туранхай учир намар болгож байж дайнд мордох нь зүйтэй гэж үзсэн ч Отчигин ноён (Utchukin Noyan), Тэмүжиний өөр нэг дүү Бэлгүтэй нар өөр санал хэлжээ.

“Бид агт туранхайгаар шалтгаацаж яаж болох билээ. Нэн даруй хөдөлж бидний хоромсого саадгийг хураана хэмээн сагсуурч байгаа наймануудыг түрүүлж цохьё. Тэдний нутаг газрыг том гэж мал сүргийг нь олон гэж айх юм уу? Энэ чинь бидний хувьд юу ч биш бус уу. Даруй дайръя. Таян ханыг дийллээ хэмээн бидний талаар ярих нь лав. Бид дийлнэ гэдгийг тэнгэр мэдэх нь лавтай”. Тэмүжин өөрөө ч тийм бодолтой байсан болохоор даруй морджээ. 

Монголчууд Найманы нутагт арай хүрэлгүй буудаллаж бүтэн зуныг ямар ч хөдөлгөөнгүй өнгөрүүлээд намар аянаа үргэлжлүүлэв. 
Таян хаан Алтайн нуруунаас хөдөлж Хангайн нурууны бэлд цэргээ засан буужээ.

Түүний тугийн дор мэргидийн толгойлогч Тогтоа, Хэрэйдийн бас нэг овгийн удирдагч Алин тайши, ойрадын ван Хутуга бэхи, жадараны толгойлогч Жамуха мөн Дүрбэн, Татаар, Хатагин, Салжиуд нар нэгдсэн байв. Хоёр талын цэрэг хоорондоо нэлээд ойртсон үед монголчуудын байрлалаас санамсаргүй дутаан одсон нэгэн туранхай агтыг харсан найманууд монголчуудын агт маш туранхай байгаа юм байна хэмээн боджээ.

Тэгээд тэднийг араасаа дагуулан унаа морьдыг нь улам туйлдуулахын тулд нэн даруй ухрах тушаалыг Таян хан өгсөн байна. Тэгэхэд нь хэрэйдийн ханыг алсан мөнөөх жанжин Хорису бэчи ихэд дургүйцэж Инанчи Билгэ хан эцэг чинь дайсандаа араа үзүүлж яваагүй. Агтаа ухруулж үзээгүйсэн хэмээн хэлсэнд Таян хан түүний үгэнд эмзэглэж бодлоо өөрчлөв.

Хоёр талын цэрэг бараа бараагаа харан байрлах үед Тэмүжин төвийн цэргээ дүү Хасартаа захируулахын хамт өөрөө цэргээ жагсаан байрлуулав. Монгол цэргийн байрлалыг харсан Жамуха өөрийн хүмүүст хандан: “Найманууд тэдний цэргийг зүгээр нэг сүрэг хонь, ямаа мэт үзэж ганц ч годгүй болтол нь бут ниргэж чадна гэж бодсон байна. Харин миний бодоход энэ цэрэг урьд өмнөхөөсөө хамаагүй дээр болжээ” гэж хэлээд байлдаан ялагдлаар дуусахыг илт мэдрэн хүмүүсийнхээ хамт явж оджээ. Тэр өдөр монголчууд ба найманууд зай багатай давчуу хөндийд тулалдаж ялалт удаан хугацааны турш хоёр талд ээлжлэн очиж байв. Гэвч нар шингэхийн үед найманууд дутааж эхэлжээ. 

Хүнд шархадсан хан нь уул өөд амь зулбан гарахад жанжнууд нь түүний сэтгэлийг сэргээх гэж элдвээр хичээж мөнөөх Хорису-бэчи ханы хатнууд, ялангуяа хайртай Гүрбэсү хатан нь (Keurbassou) байдгаараа гоёчихсон асартаа түүнийг хүлээж байгаа хэмээн чангаар хэлсээр байвч цус их алдаж тэнхэл тасарсан Таян хан газарт тэрийн унажээ.

Чингэхэд тэр жанжин түүний амьсгал хураахыг харж зогссонд орвол доош бууж тулалдан Таян ханы нүдэн дээр амьсгал хураая хэмээн уриалжээ. Тэд уулнаас бууж монголчууд руу дайран тулалдсан бөгөөд тэдний эр зоригийг нүдээр харсан Тэмүжин амийг нь аврахыг хүссэн ч цаадуул нь бууж өгөхөөс татгалзан тулалдсаар бүгд зэвсгээ барьсаар амиа алдсан аж. Гүрбэсү хатан хэсэг хугацааны дараа олзлогдож Тэмүжиний татвар эм болсон байна.

Ялагчдад хөөгдөн сарнисан найманууд Наху уулын ам царам болгоноор таран дутаасан ч шөнийн харанхуйд маш олон хүн хавцалд унаж сүйджээ. Энэ үед Таян ханы сайд, бичгийн түшмэл Тататунга гэгч уйгур эрийг монголчууд олзлон авсанд биеэс нь түүний хадгалж явдаг алтан тамга олдсон байна. 

Түүнийг Тэмүжин дээр авчирахад биедээ авч яваа зүйлээ хааш нь хийх санаатай байсныг нь асуув. Үүнийг хан нь түүнд итгэмжлэн даатгасан түүний орыг залгамжлах гэр бүлийн нь аль нэгэн гишүүнд өгөх бодолтой явснаа уйгур түшмэл хэлжээ. Тэмүжин түүний үнэнч зан чанарыг магтан сайшаагаад уг эд юунд хэрэглэгддэгийг лавласан байна.

Тэгэхэд нь Тататунга ийн тайлбарлажээ: “Миний эзэнтэн алт мөнгө юм уу, үр тариа хурааж авах эсвэл хэн нэгэн харьяатдаа ямарваа зарлиг даалгавар өгөхдөө батлан гэрчлэхийн тулд энэ тамгыг зарлиг дээрээ дардаг.” Тэмүжин энэ цагаас эхлэн өөрийн нь нэрийн өмнөөс эл тамгыг хэрэглэн хадгалж явахыг түүнд зарлиг болгохын хамт хөвгүүдэд нь уйгур хэл, бичиг үсэг заах, бас тэр ард түмний хууль цааз, ёс заншилд сургахыг даалгасан байна.

Эх сурвалж: К.Д'Оссоны “Монголчуудын түүх” 

“МОНСУДАР”-аас хэвлэн гаргасанК.Д'Оссоны “Монголчуудын түүх”хэмээх энэ номонд Төв азийн нүүдэлчин ард түмнүүд, тэдний зан авираас эхлээд монголчуудын эртний домог хууч яриа, Чингис хааны аян дайнууд, дайнд амь үрэгдэгсэд зэрэг олон сонирхолтой баримтыг тухайн үед мэдэгдэж байсан төрөл бүрийн эх сурвалжуудыг ашиглан бичжээ.  

Ийм учраас эрдэм шинжилгээний чухал ач холбогдолтой бүтээл болсон хэмээн олон орны монгол судлаачид дүгнэдэг бөгөөд энэ утгаараа эрдэмтэн судлаачид, түүхийн чиглэлээр суралцагч оюутан залуус болон түүх сонирхогч хэн бүхэнд зориулсан чухал хэрэгцээтэй бүтээл юм.