Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/30-НД НИЙТЛЭГДСЭН

Улаан талбайн хамгийн алдартай ДОЛООН БАЯРЫН ЖАГСААЛ

Р.Төмөр, ikon.mn
2015 оны 4 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Улаан талбайд болдог баярын жагсаал нь уламжлалт үйл явдал төдий биш. 70 орчим жил тэмдэглэж байсан Октябрийн баярын жагсаал хамгийн сүр жавхлантай, бараг л заншил болох шахсан билээ. Харин Аугаа Эх орны дайны дараа Улаан талбайд Их Ялалтын ойг мөн тэмдэглэдэг болсон юм.

 

  • Анхны баярын жагсаал (1919 оны тавдугаар сарын 25)
 

Москвагийн анхны цэргийн жагсаал 1702 онд Нотебург цайзыг эзэлсэн явдалд зориулан Нэгдүгээр Петр хааны зарлигаар зохион байгуулагдаж байв. Гэхдээ тэр үед Улаан талбайд биш Мясницкийн гудамжинд болж байжээ.

Харин өнөөдрийн жагсаал болдог Кремлийн хананы дэргэд 1919 оноос эхэлсэн юм. Тавдугаар сарын 25-нд энд тамирчид, Батлан Хамгаалахад Туслах Нийгэмлэгийн ажилчдын бүлгүүд нэгдсэн бүх ард түмний жагсаал болж Владимир Ильич Ленин шууд удирдаж байв.

 

  • Дайны үеийн жагсаал (1941 оны 11 дүгээр сарын 7)
 

Москваг хамгаалах тулаан болж байх үед Октябрийн хувьсгалын 24 жилийн ойн жагсаал болсон юм.

Нийслэл бүслэлтийн байдалтай, фронтын шугам хотоос хэдхэн километр зайтай болоод байсан үед энэ жагсаал нь иргэдэд үндэстний ялагдашгүй хүчийг харуулах, сэтгэл санааг нь өөд татахад чухал ач холбогдолтой үйл явдал болжээ.

Сонирхолтой нь аюулгүй байдлын улмаас жагсаалын эхлэх цагийг гэнэт урагшлуулж өглөөний найман цагт болгосон байна. Үүнээс болоод дууны техникчид техник хэрэгслээ бэлдэж амжаагүй тул Сталины хоолойг бичиж авах боломжгүй болжээ.

Маш чухал үзэл суртлын ажиллагаа тул намын удирдагчид Сталины үг хэлж байгаа дүрс, дуу хоолойг нь дараа дахин бичиж аваад жагсаалын дүрсэнд нь эвлүүлэхээр шийдэв.

Кремлийн их ордонд, удирдагчийн ард индэрт бунхны макет байрлуулж бичлэгийг дахин хийжээ.

Гэвч энд нэг алдаа байсан нь Сталиныг үг хэлж байхад амнаас нь огт уур гарахгүй байлаа.

 

  • Ялалтын баярын жагсаал (1945 оны зургаадугаар сарын 24)
 

Бүр тавдугаар сарын эхээр Германы цэргийн сүүлчийн бүлэглэл цохигдсоны дараа Сталин XX зууны хамгийн онцгой баярын жагсаалыг хийхээр бодож эхэлжээ.

Тэгээд армийн командлалд даалгавар өгч фронт бүрээс 1059 цэрэг жагсаахаар болов. Гэвч ийм олон тооны цэргүүдийг жагсаалд бэлтгэх нь хамгийн хэцүү ажил байлаа. Нэгдүгээрт жагсаалд өмсөх ёслолын хувцасаар хангах, хоёрт хөл нийлүүлэх жагсаалын бэлтгэл хийх хэрэгтэй байв.

Ийнхүү бэлтгэл ажил хангалтгүй байснаас ялалтын тугийг, Рейхстагийн оройд мандуулсан цэргүүдийн хамт жагсаалд оролцуулж чадсангүй.

Бэлтгэл ажил муу байснаас Жуков тэднийг Москвад илгээхгүй байхаар шийджээ.

Үүнээс бусдаар Ялалтын баяр өндөр түвшинд зохион байгуулагдаж, хэдийгээр усархаг бороо орж байсан ч мянга мянган иргэд Улаан талбайн чулуун шалан дээр алхах баатруудаа бахархалтайгаар харсан юм.

 

  • Хүйтэн дайны үеийн жагсаал (1957 оны 11 дүгээр сарын 7)
 

50-аад оны дундаас олон улсын хэмжээнд зөрчил хурцдаж , дэлхийн хоёр их гүрэн ЗХУ, АНУ зэвсэглэлээр уралдаж эхлээд байв. Цэргийн жагсаал энэ үеэс талууд бие биедээ зэвсэг техникээ гайхуулах үзүүлбэр болж эхэлжээ. 1957 оны наймдугаар сард ЗХУ анх удаа тив хоорондын баллистик пуужин туршив. Үүнээс хоёр сарын дараа буюу Октябрийн хувьсгалын баяраар энэ зэвсгийг Улаан талбайгаас дэлхий нийтэд үзүүлжээ.

Энэ жагсаалаас эхлээд пуужингийн техникээ баярын жагсаалд үзүүлэх нь уламжлал болон тогтжээ.

 

  • Ялалтын 20 жилийн ойн баярын жагсаал (1965 оны тавдугаар сарын 9)
 

1945 онд жагсаалд авчирч чадаагүй ялалтын тугийг 1965 оны Ялалтын баярын 20 жилийн ойн жагсаалд анх удаа авчрав. Түүнийг ЗХУ-ын баатар Константин Самсонов гар дээрээ өргөн жагсжээ.

Баярын жагсаал далайцын хувьд 45 оныхтой ойртож, 20 жилийн онцгой статусыг нь батлан дурсгалын медаль гаргаснаас гадна ЗХУ-ын дээд удирдлага тавдугаар сарын 9-нийг албан ёсны баяр, бүх нийтийн амралтын өдөр болгожээ.

 

  • ЗХУ-ын сүүлчийн жагсаал, Горбачев халдлагад өртсөн нь (1990 оны 11 дүгээр сарын 7)
 

ЗХУ-ын сүүлчийн цэргийн жагсаал болдгоороо болжээ. Гэвч энэ удаа хоёр үйл явдал баярын арга хэмжээг чимэв. Нэгд, Михайл Горбачевын хэлсэн үг. Түүхэн баримтаас харвал 45 оны баярын жагсаалын өмнө Сталин ялагчийн баяр бахдлын үгийг хэлснээс хойш ямар ч удирдагч жагсаал эхлэхээс өмнө үг хэлж байгаагүй байна.

Хоёрт, жагсаалд оролцогчдын дундаас слесарь Александр Шмонов тайрсан буугаар Михайл Горбачевыг буудах гэж оролдоод бүтэлгүйтсэн явдал.

Азаар тэр ямар нэг хор хүргэж чадаагүй юм.

 

  • Ялалтын 65 жилийн ойн баярын жагсаал (2010 оны тавдугаар сарын 9)
 

Энэ жагсаал Орос улсын амбиц, зэр зэвсгийн хүчийг харуулж, алдагдаад байсан зарим зүйлийг буцаан сэргээх зорилготой том арга хэмжээ болсон юм. Олон тооны зэр зэвсэг, техник, тусгай үзүүлбэр багтаасан сүүлийн үед үзэгдээгүй арга хэмжээ болжээ. Жагсаалын нүсэр бэлтгэл зургаан сар үргэлжилж, хамгийн сүүлд тавдугаар сарын 9-ний шөнө гурван удаа давтсан гэдэг. Жагсаалд оролцогчдын хувьд анх удаа Гитлерийн эсрэг эвслийн орнуудын цэргүүд нэмэгдэн жагсаж, Улаан талбайд нийт 11,000 цэрэг, 160 нэгж техник, 127 онгоц оролцсон нь сүүлийн жилүүдэд үзэгдээгүй том үйл явдал болжээ.

 

Эх сурвалж: Русская Семерка