Сүүдрийн Засгийн газрын сонгодог загварыг бүрдүүлсэн улс бол Англи. Ийм Засгийн газар байгуулах эрх, үүргийг хуульчилж өгсөн нь идэвхтэй үйл ажиллагаа явуулах замыг нь засчээ. Тиймээс ч тэнд сүүдрийн Засгийн газар байгуулах нь хэвийн үзэгдэл бөгөөд улс төрийн тогтолцооных нь нэг хэсэг болдог гэнэ.
Тэндхийн сүүдрийн Засгийн газар нь Ерөнхий сайдтай, улсаас төсөв авдаг, байр саваар хангуулдаг юмсанж. Бас үйл ажиллагааны тайлан тооцоо гаргаж, Английн хатан хаанд танилцуулдаг байна. Засгийн газрын үйл ажиллагааны алдаа оноог мэдэж байхын тулд Английн төрийн тэргүүн ийм бүтцийг дэмждэг гэлтэй.
Сөрөг хүчинд улс төрийн үзэл бодлоо дуулгах индэр учраас ийм бүтэц үүсгэх нь олонтаа. Нөгөөтэйгөөр сөрөг хүчнийхэн засгийн эрх барьж чадна гэдгээ иргэдэд ойлгуулж, мэдрүүлэх боломж юм. Харин Англид сүүдрийн кабинет байгуулахыг төрөөс дэмждэгээрээ онцлогтой аж.
Манайд сүүдрийн Засгийн газар байгуулж ажилласан тохиолдол бий.
Хамгийн сүүлд гэхэд парламентад суудалгүй таван нам хамтран байгуулаад байна. Өнгөрсөн онд шинээр эмхлэн байгуулсан Засгийн газарт УИХ-д суудалтай таван нам хамтарсан. Ингэснээр УИХ-ын 76 гишүүний 73 нь Засгийн газартай хамааралтай болсон юм. Үлдэж буй гурав нь бие даан нэр дэвшээд сонгогдсон гишүүд учир өнөөгийн парламентад сөрөг хүчний үүрэг гүйцэтгэх улс төрийн хүчин байхгүй гэж ойлгож болно.
Иймээс парламентад суудалгүй намууд Төрийн ордны гаднаас сөрөг хүчний дуу хоолой болж ажиллахаар сүүдрийн кабинет байгуулсан гэж уг үйл ажиллагаагаа тодотгож буй. Тэд үйл ажиллагаандаа заавал тусгаж ажиллахыг шаардсан арга хэмжээний жагсаалтыг шийдлийн Засгийн газарт хүргүүлээд тэр даруйдаа нам жим болцгоов.
Үзэл бодлоо илэрхийлэх зохистой цагийг хүлээн тэд ийн дуугаа хураажээ. Шийдлийн Засгийн газар байгуулагдаад 100 хоног өнгөрч, энэ хугацааны тайлангаа тавьсны дараа үйл ажиллагаагаа идэвхжүүлэх гэнэ. 100 хоногийн тайлангаа энэ сарын 20-нд тавихаар товлоод буй.
Сүүдрийн Засгийн газарт багтсан Монголын ногоон намын дарга О.Бум-Ялагч “Шийдлийн Засгийн газар бидний шаардлагад хариу илрүүлээгүй. Засгийн газар аливаа шаардлагад хариулт өгөх хуультай. Тэд шаардлагад хариу өгөхгүй хууль зөрчиж байна. Бидний ажил шаардлагын хариугаа нэхэхээс эхлэх байх” гэж ярив.
Шийдлийн Засгийн газарт хамтрахаасаа өмнө МАН сүүдрийн Засгийн газар байгуулан ажиллахаар ярилцаж байсан. Гэвч ажил хэрэг болголгүй, санал санаачилга нь тэгсхийгээд намжсан юм. МАН парламентад хүчтэй сөрөг хүчин байж чадсан. Тиймээс ч Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулж дөнгөсөн билээ.
Хэрвээ МАН сүүдрийн Засгийн газар байгуулсан бол Монголд анх удаа ийм бүтцийг сонгодог хэлбэрээр нь бүрэлдүүлэх байсан болов уу. МАН олон жил дараалан засгийн эрх барьсан туршлагатай улс төрийн хүчин. Түүний сацуу манайдаа л боловсон хүчний нөөц сайтайд тооцогддог.
Шаггүй Засгийн газар бүрэлдүүлэх байсан нь мэдээж. Гэхдээ тэд энэ замыг сонгосонгүй. Сүүдэрт байхыг хүссэнгүй бололтой. Өмнө нь хэрэгжүүлсэн алдаатай бодлогыг нь засаад, эдийн засгийн хүндрэлээс гарахад хамтран зүтгэе гэсэн зорилготой, улс орноо бодож Засгийн газарт хамтарсан гэж МАН-ынхан тайлбарласан.
Өөрөөр хэлбэл, байшин барьж буй хүн рүү занган, тоосгоо ингэж өр, тэгж өр гэж хашааны гаднаас хашгирахын оронд хамт хадаас хадъя гэж шийдсэн хэрэг.
Сүүдрийн Засгийн газар байгуулсан бас нэгэн түүх Иргэний зориг намтай холбоотой.
Сүүдрийн Засгийн газар байгуулсан бас нэгэн түүх Иргэний зориг намтай холбоотой. УИХ-ын 2004 оны сонгуулиар парламентад хоёр суудал авсан Иргэний зориг нам сөрөг хүчний үүрэг гүйцэтгэхээр болсон.
Тухайн үед хамтарсан Засгийн газар байгуулсан МАХН, АН парламентад 62-ын бүлэг байгуулж байлаа. Парламентад ч хамтарсан гэсэн үг. Энэ үед буюу 2006 онд Иргэний зориг нам сүүдрийн Засгийн газар байгуулан сөрөг хүчний үүрэг гүйцэтгэсэн түүхтэй.
Сүүдрийн Засгийн газартаа “жинхэнэ” Засгийн газрын бүтцийн бүх Сайдыг томилж байсан. Ингэснээр тэд хэдийгээр жижиг нам ч гэлээ Засгийн эрхийг барих нөөц бололцоотой гэдгээ харуулах гэж оролдсон юм. Оролдлого амжилттай болсон. МАХН, АН-ын хамтрал задарч, С.Баярыг Ерөнхий сайд болоход тэд Засгийн газарт багтаж чадсан юм.
Иргэний зориг намын дарга С.Оюун Гадаад харилцааны сайд, тус намын Ц.Ганхуяг Хөдөө аж ахуйн сайдаар томилогдон ажилласан. Энэ сүүдрийн Засгийн газрыг судлаачид эрх барих бололцоотойгоо харуулах гэж хичээсэн, түүнээс биш Засгийн газрын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөх, хяналт тавих, бодлогын хувилбар дэвшүүлэх гэх мэт үндсэн зарчмын ажил хийгээгүй гэж дүгнэдэг.
Сонгууль болох хугацаа дөхөж буй тул жижиг намуудыг сүүдрийн кабинет байгуулж нэр хүндээ өсгөх тоглолт хийх гэж байна гэж харж буй. Улс төрийн олон өнцгөөс харж болно.
Гэхдээ Засгийн газрын үйл ажиллагаанд бодитой үнэлэлт, дүгнэлт өгч, алдаа гаргахаас сэргийлж байх нь “жижиг” намуудад ч биш, Монгол Улсад тустай. Сүүдрийн Засгийн газар байгуулах санал санаачилгуудын дийлэнх нь сүүдрээсээ гарч байгаагүй. Байгуулсан нь ч, үйл ажиллагаа нь ч хумигдмал байж, сонгодог загварт нийцээгүй. Энэ удаа байгуулагдаад буй кабинет сүүдрээсээ гарч чадах болов уу.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!