Архангай аймгийн Батцэнгэл сум 3670 гаруй хүн амтай, 1140 өрхтэй. Энэ сумын хүн амын эрүүл мэндийн манаанд зогсдог эмч ажиллагсад 10 хүний ортой хоёр давхар шинэхэн байрандаа нүүн орлоо.
Тууз хайчлах торгон мөчтэй давхцан Батцэнгэл сумын Дэл багийн иргэн амаржиж дөрөв дэх хүүхдээ өлгийдөн авлаа. Ээж, охины биеийн байдал маш сайн байна. Арванхоёрдугаар сарын 26-ны өдөр шинэ байрандаа нүүж орсон эмнэлэгийн ажилчид ийнхүү хоёр дахь ээжийг эсэн мэнд амаржуулаад байгаа ажээ.
Аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэ тэргүүтэй удирдлагууд Батцэнгэл суманд ажиллахдаа эрүүл мэндийн төвийн нээлтэнд оролцлоо.
Аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэ эрүүл мэндийн төвийн барилгын нээлтэнд хэлсэн үгэндээ аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Н.Батбаяр, Б.Болор нарт тусгайлан талархал илэрхийлье. Аймаг суманд хийгдэж буй томоохон бүтээн байгуулалтын ажлуудын төсвийг амжилттай шийдснээр богино хугацаанд бүтээн байгуулалтууд ашиглалтанд орж байна гэлээ. Тэрээр мөн Эрүүл мэндийн сайд байхдаа энэхүү барилгыг анх санаачилсан С.Ламбаа гишүүнд Батцэнгэлчүүдийн өмнөөс талархал дэвшүүлсэн юм.
Анх 1937 онд бага эмч Бадам туслах ажилтны хамт дөрвөн ханатай гэрт эмнэлэгийн үйлчилгээг хүргэж байсан бол эдүгээ 31 эмч ажиллагсадтайгаар сумын нийт хүн амд эмнэлэгийн болон нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэж байгаа аж.
Батцэнгэл сумын эрүүл мэндийн төвийн эмч ажиллагсадын 90 хувь нь сум, аймаг, улсын төрийн шагналуудаар шагнагдсан бөгөөд үүнээс Монгол Улсын хүний гавъяат эмч О.Дашдэндэвээр бахархан үлгэрлэдэг байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!