ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/26-НД НИЙТЛЭГДСЭН

Марко Поло – Нетфликсийн давтсан алдаа

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 12 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Нетфликс компаний шинэ бүтээл "Марко Поло" телевизийн цувралын талаар Бетани Аллен-Эбрахимяний Foreign Policy сайтад нийтлүүлсэн шүүмжийг хүргэж байна.


Олон соёл иргэншлийг дамнасан туульс хэлбэрээр хийгдэж Холливудыг доргионо хэмээн хүлээж байсан Нетфликсийн Марко Поло цуврал 12 сарын 12-ноос цацагдаж эхэллээ.

Венецийн худалдаачин Марко Поло өөрөө Өрнө Дорнын соёлын хооронд зорчиж Монголчуудын захиргаан дахь Юань гүрний дор оршиж байсан Хятад орны тухай тун эерэг талаас, бүр дурсан санагалзсан аястай бичсэн байдаг.

Цувралын продюсерууд Монголчууд болон Хятадуудын дунд ижил хэмжээнд хүндлэгддэг Хубилай хааны дүрээр дамжуулан Монгол, Хятадын цуст зөрчилдөөний түүхийг харуулах нь үзэгчдийг татах чухал сэдэв гэж тооцжээ.

Чингис хаан Азид хийсэн аян дайныхаа хүрээнд Хойд Хятадын ихэнх хэсгийг эзэлсэн бол түүний ач Хубилай нь Сүн улсын үед 100 гаруй жил хуваагдаад байсан Хятад орныг нэгтгэн захирсан юм.

Тиймээс ч Нетфликс компани Марко Пологийн сэдвийг сонгон олон улс оронд зургийг нь авч, олон үндэстний төлөөллийг оролцуулснаар өөрийнх нь дэлхийн зах зээл рүү өргөжих тэлэлтэнд дэмжлэг болно гэж тооцжээ.

Цувралын гүйцэтгэх продюсер Жон Фюско New York Times сонинд ярихдаа “Марко Пологийн аялал бол дэлхийн бүх соёл иргэншлүүдийг холбосон агуу баатрын аялал” гэжээ.

Гэвч харамсалтай нь бүтээл продюсеруудын төсөөлж байсан шиг биш өмнөх ижил төстэй олон бүтээлүүдийн алдааг давтсан гэхэд болно.

Хамгийн түрүүнд энэ түүхэнд хамаарах газар нутгийн хүмүүс бүтээлийг үзэх боломжтой байх ёстой.

Өөрөөр хэлбэл Монгол, Хятадын үзэгчдэд хүрэх ёстой. Харин Нетфликс одоогоор зөвхөн АНУ, Канад, Европ, Латин Америкт үйл ажиллагаагаа явуулж байгаа тул эдгээр зах зээлийн хэрэглэгчид Нетфликсийн аккаунтаараа хялбар үзэх боломжтой байна.

Хэдийгээр Нетфликс Азид гарахаар бэлдэж байгаа гэх боловч хараахан нэвтрээгүй байна. Тиймээс Монголын хэрэглэгчид муу чанартай дүрсийг Vimeo, Torrent зэрэг сүлжээгээр үзэхээс өөр сонголтгүй болжээ.

Монголын зарим телевизийн сувгууд цувралыг үзүүлэхээр хөөцөлдөж байгаа ч амжилт олоогүй л байна. Нэгэн хувийн телевизийн сувгийн мэдээний продюсер Эрдэнийн Лхагва FP-д ярихдаа “Манай МонголТВ суваг Монголд гаргах эрхийг авахаар хөөцөлдөж байгаа ч байдал тун бүрхэг байна” гэлээ. “Бид Сингапур дахь салбартай нь уулзсан ч тэдэнд Азид гаргах эрх байхгүй гэсэн” гэв.

Өөр бас нэг чухал асуудал нь хэл.

Үе үе хальт сонсогдох Хятад, Фарси, Монгол ярианаас бусад бүх харилцаа Англи хэл дээр өрнөнө. Нетфликс Англи, Франц, Герман, Испани аудио болон хадмал орчуулга санал болгодог бол Монгол хэл байхгүй, бүр дэлхийд Англи хэлний дараа ордог Хятад хэлний сонголт ч байхгүй байна.

Гадаадын үзэгчдийн хувьд Америк киночид өөр соёл иргэншлийн тухай бүтээл хийхдээ түүхийг нь өгүүлж байгаа газар нутгийнханд нь үл ойлгогдохоор, хайхрамжгүйгээр хийдэг колонийн үеийн сэтгэлгээ оршсоор байна.

Weibo блог дээр Хятадын нэгэн үзэгч “хадмал орчуулга нь зөвхөн Найман Холбоотон гүрний хэл дээр байх юм” гэж шоглонгуй бичжээ. Найман Холбоотон гүрэн гэдэг нь 1900-аад оны Нударганчуудын бослогын үеэр Хятадыг түрэмгийлсэн Барууны найман гүрнийг хэлдэг. Үүнд Испани л ордоггүй байх.

Энэ түрэмгийллийн үеэр Бээжингийн ойролцоох үзэсгэлэнт Зуны ордонг сүйтгэсэн нь Хятадуудын хувьд гашуун дурсамж болж үлдсэн байдаг.

Өмнөд Хятадын Юннань мужийн нэгэн үзэгч “намайг анх үзэхэд бүх дүрүүд нь Англиар ярьж байсанд би их гайхсан. Энэ чинь Хятадын Юань гүрний тухай кино шүү дээ” хэмээн бичжээ.

Марко Полог бүтээгчид 28 орны 1,500 орчим жүжигчдээс сонголт хийсэн ч Монголоос ганцхан хүн оролцуулсан байна. Лхагваагийн хэлснээр Монголчууд өөрсдийнх нь Кино Урлагийн дээд шагналыг 2011 онд хүртсэн “Бодлын хулгайч” киноны гол дүр Балжиннямын Амарсайханыг Хубилай хааны дүү Ариг Бөхөд тоглох болсныг дуулаад ихээхэн найдлага тавьж эхэлжээ.

Гэвч горьдлого талаар болов. Ариг Бөх нь хоёрдугаар үзэгдэл дээр үхсэнээр үлдсэн найман үзэгдэл ганц ч Монгол жүжигчингүй болжээ.

Сан Францискод амьдардаг Монгол блогчин Ширчингийн Баатар FT-д ярихдаа киног уран бүтээлийнх нь хувьд үзэхэд таатай байсан боловч Монгол жүжигчингүй байсан нь сэтгэлийг нь гонсойлгосныг онцолжээ. “Хубилай хааны царай төрх Монгол хүнийх шиг биш байна” гэж тэр бас гомдоллов.

Зураг авсан газар орон ч Монгол биш байлаа.

Монгол, Хятадын оронд Итали, Казахстан, Малайзад бүх зургийг авчээ.

Аравдугаар сарын 8-ны Астана Таймс сонинд 90 саяын төсөвтэй уг цувралын зураг авалтыг Казахстанд хийснээр өөрийнх нь киноны салбарт сайхан завшаан болж байна гэж бичжээ.

Уг нь энэ давуу тал 1990 онд ЗХУ нуран унасны дараа төрийн дэмжлэггүй болон зогссон Монголын кино урлагт үйлчилж болох байлаа.

Үүнээс гадна цувралд түүхэн үнэнийг ихээр гуйвуулжээ. Баатарлаг Марко Поло Хубилай хааныг нинжа маягийн алуурчдаас аварч, Ариг Бөхийн хуйвалдааныг тагнан илрүүлдэг. Бодит түүхээрээ бол Ариг нь Марко Полог 12 настай байхад амь үрэгдсэн гэдэг. Бас тэр гунигт автаж зовсон Кокачин гүнжийн хайрыг булаадаг зэрэг нь түүхийг багагүй гуйвуулсан явдал болжээ.

Нью Йоркод ажилладаг Монгол үндэстэн О. Энхтайван энэ байдлыг “Барууныхныг хэт дөвийлгөсөн” гэж тодорхойллоо.

Тэгвэл Индианагийн Их Сургуулийн Төв Ази судлалын профессор Кристофер Этвуд түүнтэй санал нэг байна. “Марко Поло нь Хубилай хааны баруун гар болж дүрслэгдсэн нь түүхийг хэтэрхий гажуудуулсан явдал” гэлээ.

Түүхийн энэ үеийн талаар Монголчууд болон Хятадууд нь Америкчуудаас илүү мэдлэгтэй тул түүхийн гажуудуулалт нь тэдэнд таагүй байх нь гарцаагүй. Этвуд гуай хэлэхдээ Хятадууд Америкийн түүхийн тухай кино хийж, түүндээ Томас Жефферсон Абраам Линкольнд мэргэн зөвлөгөө өгч байгаагаар дүрсэлбэл Америкчууд хэрхэн хүлээж авах бол? түүнтэй ялгаагүй гэлээ.

Түүхийн гажуудлын талаар нэгэн Хятад блогчин “энэ цувралыг үзсэний дараа би Муммиг үзсэн Египетчүүд юуг мэдэрдгийг ойлголоо” гэжээ.

Бүтээлийн үнэлгээн дээр Америк болон Хятад үзэгчид хоёул санал нэгтэй байна. Хятадын кино үнэлгээний сайт Доубан дээр уг цуврал 10­-аас 5.8 оноо авсан бол АНУ-ын Rotten Tomatoes сайт дээр хэтэрхий бага буюу 27 хувийн үнэлгээ авчээ.

Гэхдээ л энэ бүх шүүмжлэл, бэрхшээлүүдийг үл харгалзан Монголчууд Марко Полог тун нааштай хүлээж авч байна.

Соёлын хувьд хүчирхэг хоёр том хөршийнхөө сүүдэрт удаан дарагдсан, далайд гарцгүй энэ үндэстний хувьд Холливудын овоо хараанд өртөх ховорхон завшаан тохиосонд баяртай байгаа юм.

Парламентын гишүүн, Соёл, Спорт, Аялал Жуулчлалын сайд Ц. Оюунгэрэл арван хоёрдугаар сарын 12-нд өөрийн твиттер хуудсандаа Марко Полог үзсэний дараа “цаг хугацаа хэрхэн өнгөрснийг мэдээгүй” тухайгаа бахдан бичжээ.

Мөн Монголын Парламентын дарга З. Энхболд тэр өдөр өөрийн Facebook хуудсандаа Марко Полог “гайхалтай бүтээл” хэмээн магтсан байна.