Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/09-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Батбаяр: Риогийн олимп надад эцсийн дүн тавих байх

Ж.Цэцэгмаа
2014 оны 12 сарын 9
MorninigNews.mn
Зураг зураг

Энэ л эгэл жирийн айлаас чөлөөт бөхийн спортын гавъяатууд төрсөн нь та бидний мэдэх дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой мөнгөн медальт, Монгол Улсын гавъяат тамирчин Б.Болд, чөлөөт бөхийн эмэгтэй шигшээ багийн ахлах, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Б.Батбаяр нар юм. Монгол Улсын чөлөөт бөхийн эмэгтэй шигшээ багийн ялалт, ялагдлын "ертөнц"-ыг уудлахаар гавъяат дасгалжуулагч Б.Батбаяртай ярилцлаа.

-Шинэ он гарахад цөөхөн хоног үлдлээ. Монгол Улсын эмэгтэй шигшээ баг тамирчид ололт, амжилтаар хуучин оноо үдэж байна?

-Баярлалаа. Бид энэ онд олон зорилт тавьж ажиллаа. Гэвч 100 хувь санасандаа хүрч чадсангүй. 2013 онд ДАШТ-д үзүүлсэн амжилтаас чанар дээр өөрчлөлт орууллаа. Шинэ дэлхийн аваргатай болсон.

Гэвч бидний зорилго гурван алтан медаль хүртэх зорилготой байсан. Гэхдээ бид ирж буй 2015 ондоо ухарч, хойшоо сууж, бэртэж, гэмтэх эрх байхгүй. 2015 оны хариуцлагатай ДАШТ-ээс олимпийн 4-5 эрх авах гэж зорьж байна.

-Шилдэг тамирчдын төлөөлөл болсон Монгол Улсын гавьяат тамирчин С.Батцэцэг, О.Насанбурмаа нар хэсэг хугацаанд бэртэлтэй явсан?

-Тэд энэ жил бэртлийн улмаас нэлээдгүй тэмцээнийг өнжиж, эмчилгээ хийлгэсэн. О.Насанбурмаа бэлтгэлдээ эргэн ороод хоёр cap боллоо. С.Батцэцэгийн хувьд ДАШТ-ий дараа эргэн эмчилгээнд орсон. Гавьяатууд мөн олимпийн өмнөх хариуцлагатай жилд төвлөрч байна.

-Жингийн өөрчлөлт гарч зарим жинд дотоодын өрсөлдөөн ширүүхэн болох нь. Жишээ нь 58 кг?

-Тийм ээ. С.Бямбацэрэн, Б.Шоовдор, шинэхэн Дэлхийн аварга С.Цэрэнчимэд нарын бөхчүүд энэ жинд өрсөлдөх болов уу. Угтаа жин тус бүр олон шилдэг бөхчүүд байх нь тив дэлхийд хүчтэй өрсөлдөх шат дамжлага болж өгдөг юм.

-Гэтэл гавьяат тамирчин С.Батцэцэгийг улсдаа өрсөлдөгчгүй тэргүүлдэг учир сүүлийн Олон улсын тэмцээнд тааруухан амжилт үзүүлж байгаа гэх яриа гарах болж?

-Зөвхөн 63 кг бус хамгийн хүнд жин буюу 75 кг-д МУГТ О.Бурмаа мөн л дотоодын өрсөлдөгч алга. Энэ нь маш муу. Гэтэл 2012 оны Лондонгийн олимпийн наадамд 63 кг-д О.Насанбурмаа, С.Батцэцэг нарыг хэн нь явуулах нь тодорхойгүй хоорондын өрсөлдөөн, тэр чинээгээрээ бэлтгэл сургуулилт нь нягт сайн байсан.

Өрсөлдөөнөөс өрсөлдөөнд төвлөрсөн тамирчин дэлхийд хүчтэй өрсөлдөнө. Тиймээс жин тус бүр дээр ганцхан тамирчин бус олноор нь бэлтгэж, өрсөлдөөн байх нь чухал.

-ОУХМ С.Цэрэнчимэдийг Дэлхийн аварга болно гэдэгт дасгалжуулагчийн хувьд хэр итгэл дүүрэн байв?

-Бидний тооцоо байсан. Гэхдээ нэг биш гурван дэлхийн аваргатай болох. Үндсэндээ наймдугаар сард бид Польш улсад ОУ-ын тэмцээнд өрсөлдсөн.

Тус тэмцээнд түрүүлсэн С. Батцэцэг, С. Цэрэнчимэд, С. Бямбацэрэн нарыг ДАШТ-д алтан медаль хүртэх бүрэн боломжтой гэж харж байлаа. Гэсэн ч С.Бямбацэрэнгийн оронд өөр тамирчин өрсөлдөх болсон. Харин С.Батцэцэгийн хувьд бэртэл нь сэдэрсэн.

-Тэр дундаа ОУХМ С.Бямбацэрэн медаль хүртэх боломжтой байсан гэдгээ Инчёны Азийн наадамд батласан?

-Тийм ээ. Залуучуудын дэлхийн аварга А.Батцэцэгийг Азийн наадамд өрсөлдүүлж, С.Бямбацэрэнг насанд хүрэгчдийн ДАШТ-д нь явуулсан бол өнөөдөр би арай өөр юм яриад суух байсан биз.

-Азийн наадмын финалд 55 кгд Дэлхийн 10, олимпийн гурван удаагийн аварга Саори Йошида ОУХМ С.Бямбацэрэнтэй барилдсан. Харин нөгөөтэйгүүр олимпийн хошой хүрэл, ДАШТ-ий хошой мөнгөн медальт Куоко Хамагучи 75 кг-д гавьяат тамирчин О.Бурмаатай өрсөлдсөн. Таны хувьд хоёр Япон "толгойн өвчин" болсон нь гарцаагүй?

-Мэдээж. Иошида барилдааны зүүн талтай. Зүүнээр давхар хамна. Туршлагатай, алсаас харж барилддаг, мундаг мэдрэмжтэй бөх. Тэгэхээр нь зүүн талдаа давхар хамхаар нь тосч сугадаж, тонгорох тактиктай гаргасан. Эхний барьцаа дэвжээнээс гаргаж оноо болгосон. Хоёр дахиад хүрсэн ч санасандаа хүртэл барилдаж чадалгүй ялагдсан.

О.Бурмаа, Хамагучи нарын хувьд хэн хэн явж барилдахгүйг мэдсэн. Олимпийн зэрэглэлийн шүүгч Б.Төмөрбаатартай өнгөрсөн зургадугаар сард ярилцаж дүрмийн цоорхойг ашиглах төлөвлөгөө боловсруулсан. Энэ нь оноо авалцаагүй байгаа тохиолдолд хоёр минут болоод аль идэвхгүйд нь 30 секундын дотор оноо авахгүй бол торгууль ирдэг дүрэм. Үүнд "тоглолт" хийж л эцсийн мөчид ялсан.

-Япон улс чөлөөт бөхийн спортоор тэргүүлж байна. Та бүхэн очиж хамтарсан бэлтгэлд оролцож байсан. Тив дэлхийн шилдгүүд болох Саори Иошидо, Каори Ичо нарын шилдэг бөхчүүдийг бэлтгэхэд юун дээр нэн түрүүнд анхаарч байна?

-Эмэгтэй чөлөөт бөхийн академитай. Чи шигшээ багийн тамирчин бол байрлаж тогтмол бэлтгэл сургуулилтаа хийдэг. Тус академи нь жил бүр 1000 гаруй хүүхдээс шалгаруулж тэнцсэн 10 хүүхдийг шигшээ багийн тамирчдын хамтаар бэлтгэл сургуулилтад орох нөхцөл бүрдүүлж өгдөг юм билээ. 100 аас биш 1000 гаруй хүүхдээс шалгаруулсан 10 хүүхэд гэдэг энэ спортын төлөө гэсэн хүсэл эрмэлзэл авьяастай байж таарна.

-Насны хувьд их багаасаа хичээллэдэг гэж сонссон?

-Дөрөв, таван наснаасаа бөхийн спортоор хичээллэдэг. Манай С.Батцэцэгийн хувьд 2006 онд спортод хөл тавьсан. 2010 онд дэлхийн аварга болж, 2012 оны Лондонгийн олимпод хүрэл медаль хүртсэн. Найман жилийн хугацаанд амжилт үзүүлж байна.

 Шигшээ багийн үндсэн бүрэлдэхүүн 2020 оны олимпийн наадам хүртэл хүчтэй өрсөлдөхөөр баг тамирчид. 

Гэтэл Японд таван наснаасаа хичээллэсэн хүүхэд найман жилийн дараа гэхэд 13 настай. С.Батцэцэг 22 насандаа найман жилийн туршлагатай тамирчин олимпод амжилт үзүүлж байхад Япон тамирчин 22 насандаа 17 жилийн туршлагатай тамирчин байна. Үүгээрээ эрс ялгаатай. Манайх ч гэсэн багаас нь бэлтгэвэл үүнээс илүү амжилт үзүүлж чадна.

-Манайх ч гэсэн охидын академи байгуулагдаад хэсэг хугацаа өнгөрч байна. Үр дүнгээ өгч байна уу? 

-Төрийн бус байгууллагын бичиг баримтыг авчихаад байна. МЧБХ-ны эмэгтэй чөлөөт бөхийн хөгжлийг хариуцсан тэргүүн дэд ерөнхийлөгч Л. Чинбатаас хуучин "Олимп" дээд сургуулийг түрээсээр авч, тамирчдаа тэмцээн уралдаанд бэлтгэж ирсэн. Зөвхөн тэмцээн уралдаанд дөхөхөөр байрлах бус, тогтмол нэгдсэн цугларалттай байснаар ирээдүйгээ харсан алхам болсон.

Харин сүүлд ДАШТ-д амжилт үзүүлж, Дэлхийн аваргатай боллоо хэмээн түрээсээс чөлөөлсөн.

 -Одоо байгаа үндсэн шигшээ баг бол Дэлхийд хүчтэй өрсөлдөгч шилдгүүд чуулсан баг. Харин тэдний залгамж халааг бэлтгэх нь гол зорилго уу?    

-Тийм ээ. Шигшээ багийн үндсэн бүрэлдэхүүн 2020 оны олимпийн наадам хүртэл хүчтэй өрсөлдөхөөр баг тамирчид. Энэ тамирчдын залгамж халааг бэлтгэхэд анхаарлаа хандуулж байна.

Түрээс, хоол унд гээд сардаа л 25 сая төгрөгийн төсөв шаардагддаг. Биднийг тусалж дэмжиж байгаа хувь хүн, албан байгуулагуудад энэ дашрамд талархаж явдагаа илэрхийлэх нь зүйтэй байх. 

-Шигшээ багийн тамирчид таныг сэтгэл зүй тал дээр 100 хувь ажиллаж чаддаг гэдэг?

-Манайд мэргэжлийн ба сэтгэлзүй ч багш ховор. Миний хувьд бэлтгэлийн явцад тухайн тамирчинд тааруулсан сэтгэл зүйн зөвлөгөөг өгдөг. Биеийн ерөнхий хөгжлийн бэлтгэл дээр анхаарч Н.Алдар хэмээх багшийг хүчний бэлтгэл дээр ажиллуулж байна.

Сэтгэлзүйг хүчний төрлөөр суулгахыг зорьж байна. Манай бөхчүүдийн тэсвэр зургаан минутын турш барилдахад цуцдаггүй, гар хөл бадайраад байдаггүй болгох зорилготой. Тамирчид тэсвэр хатуужилтай, биеийн хөгжил сайжраад ирэхээр өөртөө итгэлтэй болно. Энэ нь нэг талаасаа сэтгэл зүйн асар их бэлтгэл болж өгөх юм.

 

 

-Ирэх оны ДАШТ-АНУ-д болно. Цагийн зөрүү, орчинтой дасан зохицох бэлтгэлийг хэрхэн хийх вэ?

-Би өнгөрсөн сард ОХУ-ын Чуваш хотноо олон улсын тэмцээнд шигшээ багийн хэсэг тамирчидтай явж оролцсон. Энэ үеэр АНУ-ын шигшээ баг болон албаны хүмүүстээ уулзаж тэмцээн болохоос 10 гаруй хоногийн өмнө хамтарсан, дасан зохицох бэлтгэлийг тэмцээн болох газар хийхээр тохиролцсон.

-Он гараад олон улсын хэд хэдэн хамтарсан бэлтгэл хийх санал ирсэн гэсэн?

-Дэлхийн олон орноос бидэнтэй хамтарсан бэлтгэл хийх санал тавьж байна. Монгол тамирчдын бэлтгэл, тив, дэлхийд амжилт нь цуурайтаж эхэлсэн учраас харилцан туршлага солилцох санал, хүсэлт ирдэг болсон.

-Манайхан бэлтгэл хийнэ гэхээр л барилдаанаа судлуулна хэмээн өрөөсгөл ойлгох нь бий?

-Тийм ээ. Судлуулна гэж байхгүй. Бид өөрсдөө яагаад судалж болдоггүй юм. Ийм гутранги үзэлтэй байж болохгүй. Бид худлаа жүжиг тавьсан ч болно ш дээ. Өөрсдийн үндсэн гол найвартай мэхээ хийхгүй зүгээр л мэдрээд явчих гэдгийг тамирчдад захидаг. Хамтарсан бэлтгэл хийхийг судлуулна хэмээн ойлгодог нь буруу л даа.

Тамирчид тэсвэр хатуужилтай, биеийн хөгжил сайжраад ирэхээр өөртөө итгэлтэй болно. 

-Дасгалжуулагчид тулгардаг хэцүү асуудлын нэг нь сонголт хийх. Нэг жингийн шилдгүүдээс сонгож тэмцээнд өрсөлдүүлэх, магадгүй нэгийг нь нулимстай үлдээх хэцүү байдаг байх?

-Хэн хэн нь намайг шуулах болов уу гэсэн харцаар хардаг. Хүүхдүүд учраас дасгалжуулагчийн арга барилаар хэн хэнд нь адил тэгш хэмжээнд зааж зөвлөх нь чухал. Охидууд болохоор тэр юм уу, тунирхах гомдох нь их айдаг юм шиг.

Томоохон тэмцээний өмнө тухайн жинд сонголт хийх асуудал маш хүнд. Эцсийн бүлэгт нэгийг нь сонгох болоход бас яаж, хэдийд хэлэх вэ гэдэг асуудал сөхөгддөг. Дасгалжуулагчийн хамгийн хүнд үе.

-Энэ бүхнийг хамтдаа даван туулдаг Монгол Улсын гавьяат дасгалжуулагч З.Дүвчин, Т.Сүхбаатар нарыг та "Миний хоёр багана" гэж хэлсэн байсан?

-Би гэрээр бол жижигхэн дээвэр нь. Харин хоёр ах минь намайг тулж, дээш өргөж яваа хоёр багана минь. Хоёулаа л мөн адил шилдэг тамирчид байсан. Заах арга барилын хувьд шилдэг дасгалжуулагчид.

Бид гурав бараг л юм ярихгүйгээр харцаараа ойлголцдог болсон. Энэ хоёр сайхан тулгатай, түшигтэй эрхмүүдтэй хамт ажилладаг болохоор ажил, амжилт ч ойрхон байдаг байх. Тулсан сонголтын үед ч өөрсдийн эрх ашгийг нэгдүгээрт тавьдаггүй. Чин сэтгэлээрээ Монгол Улсын шигшээ багийн төлөө ажилладаг хүмүүс.

-Тулсан сонголт...?

-2013 оны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шал гаруул ах тэмцээн. Э. Даваачимэгийн хувьд Т. Сүхбаатар багшийнунаган шавь. Гэтэл ДАШТ-д Э. Сумьяа, Э. Даваачимэг нарын нэг нь явна. Хэцүү сонголт. Тэгэхэд багш минь "Энэ жил Э.Сумьяаг ДАШТ-д явуулсан нь дээр байх. Э.Даваачимэг энэ жилийн ДАШТ-д өрсөлдөх хэмжээнд хараахан хүрээгүй байна" хэмээн хэлж байлаа.

Манай зарим багш нарын муухай зан байдаг юм. Өөрийн шавь л бол бэртэл гэмтэлтэй байсан ч, ДАШТ, Олимп зүтгүүлэх гээд байдаг. Гэтэл хариуцлагатай шийдвэр гаргаж байсан Т.Сүхбаатар багшаараа илүү их бахархаж байсан. Багшийн шийдвэр ч онож Э.Сумьяа маань ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн.

-Та залуучуудын шигшээ багт 2009 оноос дасгалжуулагчаар ажилласан. Харин өнгөрсөн онд насанд хүрэгчдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч болсон. Таван жилийн хугацаанд маш амжилттай ажилласан. Хөдөлмөрөө ч үнэлүүлж Монгол Улсын гавьяат дасгалжуулагч болсон?

-Би их азтай хүн. Энэ авьяастай, чадвартай нэгэн үеийн тамирчдын үед шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байна. Басхүү түүхэн амжилт үзүүлэхэд нь гар бие сэтгэл зүрхээрээ оролцож яваадаа баяртай явдаг.

Одоогийн 1990-ээд онд төрсөн шигшээ багийн тамирчид болох С.Батцэцэг, С.Бямбацэрэн, Ш.Түмэнцэцэг, О.Отгонцэцэг, Э.Нарангэрэл иарын тамирчид бүгд залуучуудын шигшээ багаас хамтдаа өдий хүрч байна. 

Томоохон тэмцээний өмнө тухайн жинд сонголт хийх асуудал маш хүнд.​ 

2011 оны ДАШТ-ий амжилт, 2012 оны Лондонгийн олимпийн хүрэл медаль, олимпийн дараа болсон ДАШТ-д Т.Мөнхтуяа маань ганцаараа хүрэл медаль энгэртээ гялалзуулсан тэр агшин мөн өнгөрсөн 2013 оны ДАШТ-д таван медаль, энэ оны амжилт гээд чамлахааргүй нэгэн түүхийг хамтдаа бичилцжээ.

Гэхдээ бидний энэ их амжилтын цаана Монгол Улсын шигшээ багийн тамирчин, дэлхийн бөх болгох гэж бэлдсэн анхны багш нар нь бий. Нэн түрүүнд эдгээр дасгалжуулагчдын алдар гавьяаг төр битгий мартаасай гэж бодож явдаг.

-Гоё дүр зураг байдаг шүү дээ. Шигшээ багийн тамирчин Т.Мөнхтуяа та хоёр хамтдаа гавьяат болж байсан. Гавьяатын тэмдгээ энгэртээ гялалзуулж, дэвжээндээ мөргөж байгаа дүр зураг тодоос тод харагдаж байна?

-Тийм ээ. Амьдралд минь тохиосон ховорхон өдрийн нэг. Нөгөө талаараа илүү их хариуцлага нураа дараад авчих шиг болсон. Шигшээ баг тамирчдын өнгөтэй, өөдтэй явах нарийн ухаан нь надаас хамааралтай хэмээн бодогдож байсан. Илүү их хариуцлага үүрсэн.

-Монгол Улсын гавьяат тамирчин Д.Болд таны төрсөн ах. Чөлөөт бөхийн спортод яах аргагүй татан оруулсан хүн байх?

-Тиймээ. Мөн манай Батаа гэж ах чөлөөт бөхийн спортоор Монгол-Зөвлөлт холбоот улсын спортын мастер хүн байдаг. Долоон хүүхдээс дөрөв нь чөлөөт бөхийн спортод "хорхойссон".

Аав, ээжийн хувьд энэ сонголтуудад нь зөвшөөрөхөөс өөр замгүй болсон байх. Б.Болд ах минь тэмцээнд их явна. Байнга л амжилт үзүүлэх нь хамгийн бага дүүгээ чөлөөт бөхийн спорт руу оруулахад нөлөөлсөн байх.

-Н.Ганбаатар багштай хэдий үеэс холбогдож багш, шавь болов?

- Багш минь ахын минь сайн найз. 1988 оны 11 дүгээр сард Аав минь хөтөлж Н.Ганбаатар багшид шавь оруулж байлаа. Багштайгаа уулзсан дагаад яв гэлээ. Гэтэл гимнастикийн заал руу оруулчихдаг юм байна.

Тэндээ хоёр сар хичээллэж байтал ахиж орж ирээд аваад гарлаа. Гэтэл хөнгөн атлетикийн секцэнд оруулчихлаа. Би ч хэлсэнээр нь cap гаруйн хугацаанд явж тэсэлгүй чөлөөт бөхийн заалруугаа гүйгээд орчихсон. Ингэж л албан ёсоор багш, шавь болж байсан. Бөхийн "Тулгат" клубт 12 насандаа хөл тавьж байлаа.

-Таны багш болох "Тулгат" клубын Н.Ганбаатар, "Хангай" клубын Д.Оюунболд нарт тухайн цаг үед эрэлж, хурцлах итгэл, сэтгэлийн дэм дутдаг байсан юм гэдэг?

-Тийм ээ. Чөлөөт бөхийн спортын үе үеийн шилдэг тамирчдыг энэ хоёр эрхэм л гаргаж ирсэн. Ч.Дамдиншарав гуай хэлсэн байдаг. Магадгүй Н.Ганбаатар, Д.Оюунболд нарын дасгалжуулагчдад гавьяат дасгалжуулагч цол тэмдэг өгчихсөн бол яасан их урам орох байсан бол. Чөлөөт бөхийн спорт уналтад орохгүй байсан гэж. Энэ үнэн.

-Багшийнхаа нэрэмжит тэмцээнийг энэ жил "Шилдэг эрэгтэй баг"-ийн халз тулаанаар хийхээр болжээ?

-Дөрөвдэх жилдээ зохион байгуулах гэж байна. Шавь нар нь багшийнхаа ар гэрт чадхаараа дэм болж явахыг хүсдэг. Энэ жилийн тэмцээн энэ сарын 13 нд болно. Шилдэг найман багийн халз барилдаан болно. Сонирхолтой тэмцээн болох байх.

 

Зураг