Эсрэг тэсрэг байр суурь
С.Дэмбэрэл: Бүсээ чангалсан ч хангалтгүй
/УИХ-ын гишүүн/
Ирэх оны төсөвт тодотгол хийнэ гэдэг нь тодорхой байсан, тэгж л баталсан. Улс орны гадаад, дотоод орчин тааруу байна шүү дээ. Тухайлбал, гадаадын хөрөнгө оруулалт буурсан, нөгөө талаасаа олон жил найдаж ирсэн экспортын гол бүтээгдэхүүний тоо хэмжээ төдийгүй үнэ буурчихсан, зах зээл нь хүндрэлтэй байгаа үед төсөв батлагдлаа. Энэ тохиолдолд улс орнууд бүсээ чангалах бодлого барьдаг. Манайх бүсээ чангалсан боловч хангалттай хэмжээнд хүргэж чадсангүй. Төсвийн алдагдлыг өргөн барьсан төслөөс 0.2 хувиар багасгаж, ДНБ-ий 1.8 хувь болгосон. Үүнийгээ их юм хийсэн гэж үзэж болохгүй. Энэ бол хангалттай үзүүлэлт биш.
Төсвийн орлогыг бодитой төлөвлөсөн. Гэхдээ бодит байдлаа харахаар компаниуд, татвар төлөгчдийн байдал тун муу байна. Дээр нь энэ оны төсвийн орлого 980 тэрбум төгрөгөөр тасарчихсан байгаа. Энэ их мөнгө он дуусахад гэнэт орж ирэхгүй. Тэгэхээр ирэх оны төсөв орлого талдаа дутах магадлал өндөртэй. Зарлагыг чамгүй танасан, гэхдээ хөрөнгө оруулалтын зарлагыг оновчтой хийж чадаагүй.
Алдагдлыг ДНБ-ий 1.8 хувь байхаар баталсан.
Хөрөнгө оруулалтын шалгуурын нэгдүгээрт, үр ашиг тавигдах ёстой ч тэгдэг практик байдаггүй. Шууд обьектоор нь ярьдаг. Энэ хэрэгтэй гээд л... Сургууль, эмнэлэг, цэцэрлэг хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Гэвч хэрэгжилт нь хэдэн жил дамначихсан бол учир шалтгааныг нь тогтоож байж дараагийн хөрөнгө оруулалтыг тавих ёстой байтал тэгдэггүй, цэцэрлэг учраас хэрэгтэй мөнгийг нь зайлшгүй тавих ёстой л гэдэг.
Уг нь бол хоёр, гурван жил дамначихсан хөрөнгө оруулалтыг үр ашиг талаас нь сайн бодож, хөндлөнгийн дүгнэлт гаргуулаад түүндээ үндэслээд төсвийг боловсруулах ёстой. Хэдийгээр Аудитын газраас тодорхой саналууд ирүүлсэн ч тэр нь хангалттай тусаагүй. Тийм учраас төсөв дээр хүндрэл үүснэ.
Тодорхой хэмжээний хэмнэлт, таналт хийгдсэн ч гэсэн гол зүйл болох төсвийг алдагдалгүй баталчихаач ээ гэсэн санал тусаагүй л дээ. Алдагдлыг ДНБ-ий 1.8 хувь байхаар баталсан. Харин Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Төсвийг нэг их наяд төгрөгөөр хорогдуулах шаардлага байна” гэж хэлж байна лээ. Ийм хэмжээгээр танаж чадвал төсөв маш зөв болно.
З.Энхболд: Урсгал зардлыг 118 тэрбумаар хассан
/УИХ-ын дарга/
2015 оны төсвийг хугацаандаа баталлаа. Намын бүлэг, байнгын хорооны дэргэд байгуулагдсан ажлын хэсгүүд хэдэн шөнө хуралдаж байж, төсвийг оруулж ирсэн. Энэ жилийн төсвийн гол онцлог нь эдийн засгийн хямралаас үүдэн урсгал зардлыг 118.8 тэрбум төгрөгөөөр хассан. Үүнд төрийн байгууллагын бараа, ажил үйлчилгээний зардал, Засгийн газрын тусгай сангууд, төрийн байгууллагын шаардлагагүй орон тоо, урсгал болон их засварын ажлуудыг тодорхой хувиар бууруулсан.
Урьд өмнө урсгал зардлыг 100 гаруй тэрбум төгрөгөөр бууруулсан түүх байхгүй. Энэ хүрээнд 1000-аад орон тоо буурсан. Гишүүнийхээ хувьд 2012 оны хэмжээнд очтол зардлаа бууруулах саналтай байсан. Гэхдээ гишүүд 2012 оны арай их хассан учраас 2014 оны гүйцэтгэл рүүгээ явахаар болсон.
С.Бямбацогт: Анх замбараагүй төсөв оруулж ирсэн
/МАН-ын бүлгийн дарга/
2015 оны төсвийг аравдугаар сарын 1-ний өдөр УИХ-д өргөн барьснаас хойш МАН-ын бүлэг найман удаа хуралдлаа. Ингэхдээ төсвийн орлого, зарлагыг тооцсон үндэслэл, эдийн засгийн хэмнэлтийг тооцсон, мөнгөний бодлоготой уялдсан байх зэрэг зарчмыг баримталж ажилласан.
Анх замбараагүй, олон хууль зөрчсөн, ард иргэд, аж ахуйн нэгжид дарамт учруулахуйц, үндэслэл тооцоог бодитой хийгээгүй төсөв оруулж ирсэн. МАН-ын бүлгээс дөрвөн татварын хуулийг буцааж, гаднаас зээл авахгүй байх, 2011 оноос эхлэн царцаагдсан барилгыг 2015 онд дуусгах санал оруулсныг баталлаа. Харин эдийн засгийн нөхцөл байдлаас үүдэн шинээр хөрөнгө оруулалтын ажил хийгдэхгүй.
Ц.Даваасүрэн: Өмнөх жилүүдэд 20-30 хувиар өсч байсан үр ашиггүй зардлуудыг бууруулсан
/УИХ-ын гишүүн/
2015 оны төсвийг цаг хугацаанд нь батлахад ажлын хэсгүүд идэвхитэй ажиллалаа. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд ийм хэмжээний буурсан төсөв баталж байсангүй. Мөн улстөрийн нөхцөл байдлын хувьд Засгийн газар огцорсон, Сангийн сайдгүй хүнд үе таарлаа. Хоёр зүйлийг онцолж хэлмээр байна.
Нэгдүгээрт: Өмнөх жилүүдэд 20-30 хувиар өсч байсан үр ашиггүй зардлуудыг бууруулсан. Тухайлбал дэд, орлогч, зөвлөх гэх шинээр үүссэн орон тоон дээрх 345 хүнийг цомхотгосноор 3 тэрбум, төрийн байгууллагын 540 орон тоо бууруулснаар 4 тэрбум, бараа ажил үйлчилгээний зардлыг 32 тэрбум төгрөгөөр бууруулжээ. Гэхдээ боловсрол, эрүүл мэндийн байгууллагын зардлыг хөндөөгүй. Цаашдаа төрийн албан хаагчдын орон тоог бууруулах ажлыг үргэлжлүүлнэ.
Хоёрдугаарт: 2010-2013 онд ажил нь эхэлсэн 400 гаруй обьектын санхүүжилтыг шийдэж, арилжааны банкуудын чанаргүй зээлийн асуудлыг нэг тийш болголоо. Гэхдээ УИХ-ын 30 дугаар тогтоолыг эргэж харах хэрэгтэй. Хөгжлийн банкинд 302 тэрбум төгрөгийн обьектыг шилжүүлсэн. Энэ бүхний үр дүнд төсвийн алдагдал 439.2 тэрбум буюу хязгаараас 0.2 хувиар сайжирч батлагдлаа.
СЭТГҮҮЛЧИЙН ДҮГНЭЛТ
Тодотголоор тодрох биш, төрөл арилжих төсөв
Намуудын улстөржилт, хэрүүлийн золиос нь төсөв болдог жишээ энэ жил давтагдлаа. Ерөнхий сайдыг огцруулах асуудал хэлэлцсээр хугацааг нь тулгаж, улмаар сөрөг хүчиндээ “Авлигажсан төсөв” буюу дуусаагүй барилгуудын асуудлыг нэг тийш нь болгохоор амалсны хүчинд хугацаандаа баталсан гэж харагдаж байна. Заримдаа “Төсөвт суулгасан үр ашигүй зардлаа хэвээр үлдээхийн тулд албаар улстөрждөг юм уу” гэж хардмаар. Зөвшилцөлд оролцсон субъектүүдийн хэлсэн үгнээс харахад л төсөв тийм ч сайн болоогүй гэдэг нь харагдана. “Хэмнэлтийн” гэсэн нэрний цаана асар том бульхайг нуусан төсөв болсон.
Төсөв баталсны дараах хэвлэлийн бага хурал дээр МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “Эдийн засгийн нөхцөл байдлаас болж шинээр хөрөнгө оруулалт хийгдэхгүй” гэсэн. Үнэн хэрэгтээ эдийн засгийн нөхцөл байдлаас болоогүй, харин шинээр хийгдэх боломжтой хөрөнгө оруулалт нь төсвөөс аль хэдийн авдаг мөнгөө авчихсан хэрнээ “дуусаагүй барилгууд” руу шилжиж байгаа хэрэг.
Чамгүй их бэрхшээлтэй тулгарсны эцэст аудитын шалгалт оруулж, төсөвт өртгөө нэмэгдүүлж, төсвөөс дахин мөнгө авах гэсэн 47 төслийг зогсоосон. Тэдэнд төсвөөс дахин мөнгө өгөх шаардлагагүй хэмээн шалгалтын комисс дүгнэсэн байдаг. Шинээр бүтээн байгуулалт хийх мөнгө үндсэндээ энэ дуусаагүй барилгууд руу шилжиж байна гэж ойлгож болно.
Төсөвт суулгасан үр ашигүй зардлаа хэвээр үлдээхийн тулд албаар улстөрждөг
Өмнө нь төсөвт тодотгол хийхдээ ам.долларын ханш, экспортын бүтээгдэхүүний үнэ ханшийн хэлбэлзэл зэргээс хамаарч бага сага өөрчлөлт хийдэг бол 2015 оны төсөвт тодотгол нэртэй ч “төрөл арилжуулах” өөрчлөлт хийгдэх болж байна.
Агуулга, хэлбэр гэж ойлголт бий. Хэлбэр ямар ч байж болно, агуулга чухал. Тэгвэл 2015 оны төсвийг батлахдаа эрх баригчид “100 гаруй тэрбум төгрөг танаж, 345 орон тоо цомхотгосон” хэмээн хэлбэрийг нь хэтэрхий өргөн сурталчилж, агуулгыг нь орхигдуулахыг хичээлээ. Жишээ хэлье.
Хойд хөрш ОХУ нэгдсэн төсвөө энэ сарын 21-ний өдөр баталжээ. Доод буюу хяналтын танхим төсвийн төслийг хэлэлцээд 10069 хуудас байсныг 6123 болгон бууруулсан байна. Гэсэн ч “Хуудасны тоог маш ихээр багасгалаа” гэж сурталчилсангүй. Төсөв, татварын байнгын хорооны дарга А.Макаров “Хуудасны тоо буурсан нь төсөв “турсан” хэрэг биш, харин тайлбар, үндэслэлүүдийг нь хассан л хэрэг” хэмээн мэдэгдсэн.
Санал хураахад “Нэгдмэл орос”, Либерал ардчилсан нам дэмжиж, Коммунист нам болон “Шударга орос” намууд татгалзсан ч яалт ч үгүй 67 хувийн дэмжлэгээр батлагдсан байна. Ардчилал хөгжиж байгаа ямар ч оронд улстөр, эдийн засгийн аливаа шийдэл 100 хувийн дэмжлэгээр батлагддаггүй. “Нэг хүний ноёрхол, дарангуйлалтай” гэж барууныхан нотлохыг хичээдэг хойд хөршид маань ч төсөв нь 67 хувийн дэмжлэгээр батлагджээ. Гэтэл ардчиллын үлгэр жишээ улс гэж цээжээ дэлддэг Монголд Парламентад суудалтай намууд нь нийлж мэдэгдэл хийгээд 100 хувийн саналаар баталж байна. Тэгээд хэлбэрдэж эхлэх жишээтэй.
Хэлбэрийг нь харвал, чухал үзүүлэлтүүд дээр нааштай үр дүн гаргасан төсөв болсныг үгүйсгэхгүй. Төсөвт эзэлж буй Засгийн газрын зардлын хувь хэмжээ буурсан, нүүрс, зэсийн баяжмал, алт зэрэг экспортын гол бүтээгдэхүүний хэмжээ, үнийг харьцангуй бодитой тооцсон зэрэг сайн талууд байгаа нь үнэн. Гэвч сурталдаж байгаа шиг нь “Хямралын”, “Хэмнэлтийн” гэж нэрлэж яагаад ч болохооргүй.
Тухайлбал, төсвийн нэгдсэн орлого 7.1 их наяд, зарлага 7.5 их наяд, алдагдал нь 400 гаруй тэрбум төгрөг буюу ДНБ-ий 1.8 хувьтай тэнцэх алдагдалтай. Өнгөрсөн жил орлого 6.9 тэрбум төгрөг, зардал 7.24 тэрбум төгрөг байсан. Энэ жил орлого 200 тэрбумаар нэмэгдсэн байхад зардлыг 300 тэрбумаар нэмэгдүүлжээ. Эндээс л төсөв хэмнэх бодлого бариагүй болох нь харагдана.
Одоо болтол хоёрдугаар шатны бүтээн байгуулалт нь эхлээгүй байгаа Оюутолгойгоос 324 тэрбум, “Чалко”-д төлөх өр нь дуусаагүй “Эрдэнэс Тавантолгой”-гоос 60.8 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс тооцсон нь биелэх магадлал муутай, төсвийг эрсдэлд оруулсан хэрэг болсон. Таналтын тухайд яах вэ, 100 төгрөгний юмыг 120-иор авна гэж төлөвлөөд, 20-ийг хасч буцаагаад 100 төгрөг болгосныгоо ярьж байгаа хэрэг. Жинхэнэ хэмнэлт өөр зүйл дээр гарна.
Хэдийгээр хэлж байгаа шигээ төсөв баталж чадаагүй ч цаашид хэмнэлтийг ихэсгэх, хөрөнгө оруулалтыг оновчтой болгох тал дээр гишүүд санаачилга гаргах хандлага, хүсэл эрмэлзэлтэй байгаа нь сайн хэрэг. Тухайлбал З.Энхболд дарга “Гишүүнийхээ хувьд 2012 оны хэмжээнд очтол зардлаа бууруулах саналтай байсан” гэж мэдэгдсэн.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ажлаа авсныхаа дараа “Төсвийг нэг их наяд төгрөгөөр бууруулах боломжтой” гэсэн утгатай мэдэгдэл хийсэн байна лээ. Өөр олон гишүүн үүнтэй санал нэгдэж байгаа. Тиймээс тодотгол хийгдэх хүртлээ тооцоо судалгаагаа сайн хийгээд жинхэнэ “хэмнэлтийн төсөв” болгоод оруулаад ирэх хугацаа, боломж аль, аль нь байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!